Wednesday, February 17, 2010

Дэлхийн бренд Дагвадорж

Японы сумо үеэ өнгөрөөсөн хэмээгдэж, үзэгчид үзэхгүй уналтанд орсон тэр цаг үед сумо сонирхдог бүү хэл сонирхдоггүй намайг ч дуудсан гавьяатнууд бол Монгол бөхчүүд байсан. Тэр тусмаа Д.Дагвадорж дээд зиндаанд гарч ирсэн тэр үеэс сумог шимтэн үздэг болсон билээ. Монгол бөхийн давтагдашгүй уран барилдаан, даамай сайхан олон мэх япон сумог баяжуулж, агуулгын хувьд цоо шинэ спорт болгож, дэлхий нийтийн анхаарлын төвд оруулахад үнэлж баршгүй тус болсон хүн яахын аргагүй Монголын хүү байсаан. Миний Монголын хүү сумогийн нэрийг урьд хожид байгаагүйгээр өргөж чадсан. Тэр өрсөлдөгчөө аргацааж давах бус уран сайхан барилдаж, уухай хадаан хаяхыг хүсч л дэвжээнд гардаг байсан. Монгол бөхийн ёсоор дэвжээнд гарахдаа гуяа алгадан, их талын хурдан ажнайгаа бахдан барилдах бүрийнхээ өмнө өөрийгөө ташуурддаг Дагваагаа хараад би үнэхээр маш их урам орж, өөрийнхөө чадахгүй байгаа зүйл юу ч биш болохыг ухааран улам урагшилдаг байсан.
Арван хэдхэн насандаа арлын оронд очиж, хатуу дэг жаягтай харийн улсын бөхөөр хичээллэж, япон бөхчүүдийн дарамтыг давж, эцэстээ ИХ АВАРГА-ын алдрыг бие болоод сэтгэлийн тэнхээгээрээ тэр хүртсэн анхны Монгол хүн.
Францын Ерөнхийлөгч ажлынхаа өрөөнд зургийг нь залж, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, дэлхийн одууд баяр хүргэх гэж гар сунган гүйж, дэлхий даяар хүч чадлыг тань зөвшөөрсөн. Юу гээч, тэр Монгол улсыг, Японы сумог дэлхийд таниулсан хүний нэг. Японы сумогийн холбоо үүрд Дагваагийн өлмий дор талархаж явах ёстой. Японы Эзэн хааны цомыг 25 удаа хүртэж, түүхэн дээд амжилтыг тогтооход ердөө 8-хан түрүү үлдсэн байсан. Тус үл мэдэх, өчүүхэн бодолтой япончууд Монгол хүү оргил амжилтыг нь авахвий хэмээн хохирогчгүй, нотолгоогүй хэргийг сүр бадруулсаар миний Монгол хүүг зодог тайлуулчлаа.
Хүрээд ир миний хүү. Ирээд ээжийхнээ гарын хоолыг ид, халуун сэтгэлтэй, хайрлаж өрөвдөхдөө халуун нулимсаа харамгүй унагачдаг, хат суун хөмхийгөө зуудаг агуу хүү минь. Алдахад нь түших, агсамнахад нь дарах, давахад нь дагаж дэвэх эх нутаг, элэг нэгт бүх Монголчууд хүлээж байна. Эх нутагтай, ижийтэй хүн шүү. Эх нутагтаа, ижийдээ хүрээд ир, агуу хүү минь. :)))))

М.Энэрэл

No comments: