Дэлхийн өнцөг булаг бүрт манай залуучууд сурч боловсорч байна. Тэд маань судалгаа шинжилгээний ажлаа хийхэд нь тоон мэдээлэл олдохгүй бэрхшээл учирдаг. Тиймээс хэрэг болохуйц ганц хоёр мэдээлэл өгье хэмээн бодлоо.
Эдийн засгийн сэдэв голчилсон байгаа, хэдий тийм ч өөр мэргэжлийн хүмүүст санаа авах зүйл бага зэрэг байгаа болов уу.
За тэгээд, ямар нэгэн судалгааны ажил /цаашид судалц гэх/ бичнэ гэдэг маань уг сэдвээр таны өмнө судалгаа хийж бүтээл гаргасан эрдэмтдийн хүрсэн оргил, мэдсэн таньсныг нь шүүж үзэж, түүн дээр давхарлаж өөрийнхөө “нэмэх альфа” –г нэмэрлэх зарчмаар явагддаг. Иймд эрдмийн ажил бичих гэж байгаа хүн эхлээд заавал түрүү судалцуудыг гүйлгэж харах хэрэгтэй болдог. Түүнээс гадна хэрэв онолын судалц биш, анализ судалгаа, эконометриксийн эмпирикал судалц бичих гэж байгаа бол (Монголынхоо талаар судалгаа хийх нь энэ бүлэгт хамаарна) статистик тоо баримт цуглуулах шаардлага гарна.
Энэ зөвлөгөөнд
1. Статистик баримт олж авах
2. Түрүү судалц цуглуулах гэдэг дээр төвлөрч бичье.
1. Юуны өмнө Үндэсний Статистикийн Хорооноос жил бүр гаргадаг Монгол Улсын Статистикийн Эмхтгэл-ийг олж авах хэрэгтэй. Төлбөрөө төлчихвөл интернэт дээр татаад авч болно. Монголд шууд очиж авъя гэвэл Засгийн Газрын 3-р байр луу зүглээрэй. Дээрх Эмхтгэл-ээс гадна, Статистикийн танилцуулга (энэ нь гол гол тоо баримтыг нэгтгээд үгээр бичсэн товхимол), сар болгоны Бюллетень бас тогтмол гардаг.
2. Бас гол тоо баримтуудаа Азийн Хөгжлийн Банк-наас авна. Тодорхой хэлбэл Азийн орнуудын эдийн засгийн гол үзүүлэлтүүдийг нэгтгэсэн Key Indicators хэмээх жил бүр тогтмол гардаг эмхтгэлээс л дээ. АХБ нь Монголтын тоо мэдээг манай Засгийн газар болон статистикчдаас авдаг бөгөөд түүн дээр нэмээд макро тооцооны зөрүүг шалгаж, зөрчилтэй бол дахин тодруулж засах зэргээр илүү зохилдлоготой болгодог юм билээ. Азийн бүх орны үзүүлэлт орсон байдаг учир олон улсын харьцуулалт хийхэд дөхөм болно. Онлайн татаж авахад зориулаад PDF болон EXCEL гээд хоёр янзын хэлбэрээр тавигдсан байгаа. Жишээ нь 2004 оны эмхтгэл
http://www.adb.org/Documents/Books/Key_Indicators/2004/default.asp- руу ороод хулганаараа жаахан доош нь гүйлгээд үз дээ. Сэдэв болгон дээр PDF, XLS гэсэн сонголт байгаа. Зөвлөхөд эксэл дээр хуулж авбал зүгээр. Тэгвэл мэдээлэлдээ шууд боловсруулалт хийх боломжтой, бас график, хүснэгт урлая гэсэн хүнд гараараа тоо баримт шивнэ гэх зовлон байхгүй. Key Indicators-оос гадна, АХБ-ы вэб хуудасны “статистик” буланд ядуурал, хүрээлэмж (environment), “Мянганы хөгжлийн зорилт” зэрэгтэй холбоотой тоо баримтууд бий.
3. Монголбанкнаас үнэ ханшны болон төлбөрийн балансны гэх мэт мэдээллүүдийг авч болно. Манай төв банк Монгол Улсын макро эдийн засгийн тоймыг тогтмол мэдээлж байгаа. Бас уг банкны судалгааны групп гээд часхийсэн хэдэн залуу эдийн засагчийн онолын болон түүвэр судалгааны ажлууд энд нийтлэгдэж байгаа.
4. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөр-өөс (UNDP) жил бүр гаргадаг Human Development Report (Хүний хөгжлийн илтгэл) танд хэрэг болж магадгүй. Бас л онлайн дээр үнэгүй татаад авах боломжтой. Хүний хөгжлийн нэгдсэн индексээс (Human Development Index буюу HDI) гадна, наслалт, жэндэр, нялхсын эндэгдэл, сургуульд хамрагдалт гэх мэт гол төлөв нийгмийн үзүүлэлтүүдийг эндээс мөн үзэх боломжтой. Бас дэлхийн орнуудтай харьцуулж үзэхэд олон сонин зүйл харагдана. Нүүр хуудаснаас нь Statistics > Get Data гээд орвол дээрх эксэл хэлбэрээр татаж авах боломжтой.
Монголын хүний хөгжлийн илтгэл гэдэг товхимол бас дангаараа гарч байгаа (1997, 2003 онуудад гарсан). Энэ илтгэлийг англи болон монгол хэлээр татаж авах боломжтой. НҮБ-ийн Монгол дахь төлөөлөгчийн газар –ын вэб хуудас руу ороод үзээрэй. НҮБХХ (UNDP)-ийн вэбхуудсанд Human Development Report-оос гадна тулхтай хөгжил (sustainable development), ядуурал, орон нутгийн хөгжил зэрэгтэй холбоотой илтгэл репорт, тоо баримтууд бий. Ухаж төнхөж үзэгтүн.
5. Хүний хөгжлийн илтгэлийн нэгэн адил олон улсад хүлээн зөвшөөрөгддөг чухал баримт бичиг бол Дэлхийн Банк-ны гаргадаг World Development Indicators юм. Хэвлэмэл хувилбарыг (товхимол) нь сургуулийнхаа номын сангаас авна биз. Онлайн дээр татаж авъя гэвэл Data Query руу ороорой. Дэлхийн улс гүрнүүдийн сүүлийн таван жилийн 54 үзүүлэлтийг багтаасан онлайн датабэйс бий. Илүү дэлгэрэнгүйгээр салбар салбараар нь хайя гэвэл уг вэбхуудасны “Data & Statistics”, “Documents & Reports” зэрэг цэсийг сонгоод шагайгаад үзэх хэрэгтэй.
Дэлхийн банкны эдийн засагчдын судалцуудыг үзье гэвэл үндсэн нүүрнээс нь “Research” руу ороорой. Тэнд Working Papers нэртэй булан байгаа.
6. Олон Улсын Валютын Сан буюу IMF-ээс гаргадаг World Economic Outlook (WEO) нь бас нэлээд дажгүй баримт товхимол юм. WEO-ийн вэб хуудсанд байгаа “The WEO Database” буланг товшиж орвол эксэл дээр тоо баримтууд тавиастай байгаа. Мэдээллийг орон нэг бүрээр нь, эсвэл бүс нутгийн нийлбэрээр нь гэх мэт янз бүрээр татаж чангаах боломжтой.
Үндсэн цэснээс “Publications”-ийг дарж уг булан руу орвол IMF Survey, Finance & Development, IMF Staff Papers, IMF Research Bulletin гээд салбар булангууд байгаа. Ялангуяа Staff Papers-т IMF-ийн эдийн засагчдын судалцууд (судалгааны ажлууд буюу papers) байгаа. Маш олон сонирхолтой бүтээлүүд байгаа даа. Он оноороо жагсаагаастай. Миний хувьд эндээс Cheng (2003), Black (2001) зэргийг судландаа ажиглаж иш татсан.
7. Хөгжингүй орнуудын Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Байгууллага буюу OECD–ээс зарим чухал баримт олдож магад. Миний хувьд хөгжингүй орнуудаас Монголд үзүүлсэн нийт тусламжийн хэмжээ зэргийг авахдаа ийшээ орж байсан. Тэр мэдээлэл төлбөртэй байсан ч, сургуулийнхаа дотоод сүлжээнээс холбогдсон учир үнэгүй авч чадсан.
8. Өөрийнхөө тэнхим, хүрээлэнгийн номын санчид, багш нараасаа хайлт шүүлт хийх талаар нэрэлхэлгүй сайн асуугаарай. Бас дээд курсийн юм уу, докторантурын оюутнуудаас асууж болно.
9. Түрүү судалц хайх хамгийн шалгарсан нэг аргыг хэлэх үү? Уг сэдвээр бичигдсэн ямар нэгэн ном, эсвэл судалцыг олж аваад түүний ард байгаа лавлагаа (reference) –ийг нь үзэх. Тэнд ижил сэдвээр бичигдсэн номнууд, судалцууд хэдэн онд ямар хэвлэлийн газарт хэвлэсэн, эсвэл ямар сэтгүүлийн аль дугаарт байснаар нь жагсаасан байгаа. Тэр мэдээллийг тэмдэглэж аваад сургуулийнхаа номын санд уг сэтгүүл, номыг хайх хэрэгтэй болно. Эсвэл зарим судалцуудыг (голцуу англи хэл дээрх нь) интернэт датабэйсээс татаж авах боломжтой.
10. Сургуулийнхаа номын санд дасах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл ном түргэн хайж олж сурах хэрэгтэй.
11. Бүх их дээд сургууль, зарим судалгааны институтуудыг холбосон ном, сэтгүүл хайлтын нэгдсэн сүлжээ байдаг. Интернэт гэж сайхан юм байна шүү дээ.
12. Өөр нэг чухал сайт бол түрүү судалц хайхад зориулсан NACSIS-IR болон Ginii юм. Ginii нь хуучин систем NACSIS-ELS-ийн хойд төрөл бөгөөд 2005 оны 3 сарын 30-аас эхлээд албан ёсоор NACSIS-ELS-ийг орлож эхэлнэ. Зарим нэг судалцыг шууд бүрэн эхээр нь татаж авах (download) боломжтой. Гэхдээ ердийн гэрийн компьютерээс холбогдох болов уу яах бол. Би дандаа ажил, сургуулийн компьютерээс холбогдсон болохоор сайн мэдэхгүй байна. Хэрэгтэй үнэтэй мэдээллүүд болоод ирэнгүүт төлбөртэй, нууцлалтай болоод ирдэг нь зах зээлийн жам юмуу даа.
13. Америкийн Эдийн Засгийн Холбооноос (American Economic Association) эрхлэн гаргадаг EBSCO host хэмээх судалгааны нэгдсэн датабэйсээс англи хэл дээрх чухал судалцуудыг бараг бүгдийг нь үзэж болно. Нэлээд нь шууд татаж авах боломжтой байдаг. Харамсалтай нь энэ сайт ч гэсэн зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчдэд үйлчилдэг учир бүртгэлтэй газраас орохгүй бол нэвтэрч чадахгүй.
14. Сэдэвтэйгээ холбоотой ном хайхад www.amazon.com –ын номын дэлгүүр тун зүгээр. Гэхдээ дэндүү олон ном байгаа учир багцаатай хайхгүй бол хамаг цагаа дэмий өнгөрөөх болно. Амазоны номнууд бүгд танилцуулгатай, дээр нь хэрэглэгчид санал шүүмжээ бичсэн байдаг учир маш чухал мэдээлэл өгдөг. Номынхоо нэрийг мэдээд авбал дараа нь сургуулийнхаа номын сангаас хайж болох юм. Үнэхээр хэрэгтэй ном байгаад өөрт чинь авах мөнгө нь байвал шууд худалдаж авч бас болох юм.
15. Азийн Эдийн Засаг Судлалын Институт ба Японы Гадаад Худалдааг Хөгжүүлэх Байгууллага (JETRO) –ын хамтарсан номын сан, мэдээллийн датабэйст нэлээд зүйл байдаг. Үүгээр ороод хайвал Монголын талаар ном товхимол, судалгааны материалууд элбэг бий. Азийн орнуудын талаар хамгийн том мэдээллийн сан гэж хэлж болно.
16. Эцэст нь мэдээлэл авч болох вэб хуудсууд:
-http://pmis.gov.mn/
-http://www.nso.mn/v3/index.php
-http://www.mongolbank.mn/web/guest/home_mn
-http://forecasts.org/
-http://web.worldbank.org/mn
-http://www.imf.org/external/index.htm
-http://www.un.org/en/
-http://www.bloomberg.com
-http://www.google.mn/
За тэгээд амжилт залуусаа!
No comments:
Post a Comment