Friday, February 19, 2010

Д.Пүрэвдорж: Алтанцэцэг

Сайхан бүсгүйн сууж байсан газар
Саруул талын ногоо ургадаг байх
Энгэр хөндийн тэрээхэн чөлөөнд
Эрвээхий цэцгийн тоосонд шанддаг байх

Сайхан бүсгүйн босоод явсан газар
Шанзны үзүүрийн салхитай байдаг байх
Эм хүний шүргээд өнгөрөх хормой
Энгэр заамаар шургах балын амттай байдаг байх

Бүсгүй хүн сууж гэр барьсан газар
Бүстэй хүн үзээгүй мод цэцэглэдэг байх
Бөрт цагаан саран хээр хоносон шөнө
Бүхний түрүүнд марал тэнд хужирладаг байх

Амьтан ургамлын жамыг дагаад
Агаар тэнгэрийн нар сарны эргэлт болдог байх
Арын нутгийн шар цэцгэнд одоо ч очихдоо би
Алтанцэцэг, нохойгоо хорь! гэж хэлдэг.

No comments: