Юм бүхэн байгальдаа байхад би оршдог
Ертөнцийн сар үүлэн цаагуур ороход
Ерөөл хараалаас хаа хамаагүй хол газар
Ердийн нэг дан байшинд амьдран суудаг би.
Хаа нэгтээ навчис унах, ус дуслах
Хананд өлгөөтэй цаганд зүрх минь цохилох
Хаяагаар гүйх оготоной, намайг харсаар байгааг,
Харанхуйд шувуу дуугарах бүүр түүрхэнд би дуртай.
Гүнгэрвааны өмнөх алтан зул цэцэг бадамлахын цаг дор
Гүмүд цэцэг цомирлогоо сарны туяанд задалдаг
Гөрөөс бухирах баруун голын бургас
Гүн нойронд минь сэвэлзэн байгаа нь харагддаг.
Цаг хугацааг хүмүүнээс хэсэглэн авсан
Цагаан дэрсний хажуугаар явахад
Сүмийн ширээний лаа шиг шүлгийн мөрүүд гэрэлтэж
Чоно болоод амьтад түүгээр гүйлдэх нь үзэгддэг.
Цас орсон өглөөгүүр явсан тэрэгний мөр зурайж
Цааш одсон хөсөгний чахар чухар эргэх чимээ
Цаглашгүй гүн огторгуйд дуурсан шингээд
Цайвар манан үл үзэгдэх ахуйд би дуртай.
Ерөөл хараалаас ангид хол газар
Юм бүхэн байгальдаа байхад би байдаг
Ертөнцийн сар үүлэн цаагуур ороход
Ердийн хуучин байшиндаа нуугдан суудаг.
No comments:
Post a Comment