Би мөнгөн сарны анд билээ
Бичгийн ширээн дээр цагаан цаас
Биеийг нь элээхийг хүлээж аниргүй
Их хурын өмнө амьсгал түгжих тэнгэр шиг
Тийм догдлонгуй
Тэнгэрийн цэнхэрээс зээлж авсан бэхээр
Охин биеийг хөндөх эрийн энхрийлэлээр
Орчлонгийн мөрийг би сарны дор үлдээж
Одоо энд цаас өөрийнхөөрөө дуулж байна
Би мөнгөн сарны анд билээ
Бичгийн ширээн дээр минь агшин хормууд улирч
Жаахан гэрэл нэмэх гэж нэг од шатаж
Жаварлах салхины үзүүр зүрхэнд хүрэлгүй
Харанхуйд асаж оршном би
Хайрламаар энэ ялгам сарныг л дуулнам би
Эсэн босныг ярилцаж сар бидэн ханьсаад
Ирэх өглөөний бүдэгхэн гэрлээр хоёул сандарна
Эргэж уулзах болзоо тавиад сална
Бичгийн ширээн дээр үрэгдэх залуу нас минь
Бэхийн дуслаар уйлагнан цагаан цааснаа үлдэж
Би сарны анд байж хоногийнхоо тоог гүйцээнэм
Эргэж уулзахаа хүлээж яаран гийх саран минь
ЭЭ, би нэг л өдөр чамайг хүлээхгүй
Эсвэл чиний гар дээр амьсгал хураана шүү дээ,
Мөнгөн саран чи, миний анд билээ.
No comments:
Post a Comment