Сайхан залуу аавынхаа тэргүүнд буурал орсныг анх үзээд
Саваагүй томоогүй хүүхэд насаа би тэр жилийнх нь шувуудтай хамт буцаасан
Санчигт нь нэмэгдэг мөнгөн сор нь тоогоор жаргана даа гэхэд
Санаагаар даанч болохгүй юм ааваа.
Бүүвэйтэй хонгор жилийн минь тухай мэдээж олон
Бүдэгхэн гардаг зураг шиг санаатай хийдэг алдаа шиг
Бүхий л орчлонд харин аавын минь ач гэж дуулдаггүй
Бүгдийнх нь аав ямар миний аав шиг биш дээ.
Амттай зөөлөн хоёроор баярлуулдаг муу ээжий л минь
Айлын тавагаас чихэр хармаалж шараа болгооно
Аав минь тэгэхгүй, алаг чулуу хээрээс хормойлж хүүдээ зүслүүлнэ
Алсын замд уулсын нэр тогтоолгож ухаан нэмнэ
Ээдрээнт мянган харгуй төрсөн гэрийн гаднаас эхэлж
Эмээл дээрээ соёмботой унаган хүлгийн нуруунаас атгаж
Сансарт хүү нь нисэх юм шиг санаж ээж нар сацлаа өргөж үлддэг.
Саахалт ороод эргэх юм шиг санаж аав нар духыг нь ганц үнэрлэдэг
Атгаж ижий нар өдөржин радио шиг үглэнэ.
Амьдралд зөвхөн үнэнийг хэлэх гэж
Аав нар сумны үүзэл шиг хааяа дуугарна,
Бие өвдлөө гэж ээж нар хүүхдээ аргагүй нэг айлгадаг,
Битүүхэн дотроосоо норж аав нар чимээгүйхэн өтөлдөг.
Үхэж болохгүй тушаалаа авсан цэрэг шиг
Үр нь хөлөө олтол цоо эрүүл шиг жүжиглэдэг
Ачийг тань хариулна гэж олон жил би худлаа ярилаа
Ачийг нь гаргаж өгчихөөд харин нэг гавьяатан шиг
Сөөг сөөх гэж хэвтүүлээд номхон тэмээ ноолон шиг
Сөөсгөр хэдэн бацааны өмнө хөгшин аавыгаа түлхүүллээ.
Гараа өргөж дайсандаа үг дуугүй бууж өгөх шиг
Гарцаагүй том алгаа дэлгэж та тэднийгээ хөтөлнө,
Газар дэлхийд уянгатай ийм найрагч байтлаа
Ганзагагдсан хэдэн зээтэйгээ хамт хэдэнтээ хэлд орно
Гадаа навчис эргэж он жил биднийг унасан навч шиг орхино,
Гайгүй дээ би аавыгаа жаргааж гэж өөийгөө хуурна.
Ганцхан зүрхний чинь цохилт намайг зэмлэн цохиолж
Газар дээр аав минь хүртэл мөнх бишийг сануулдаг
Хазгайлж болохгүй титэм шиг нэрээр тань би овоглосон
Өргөст орчлонд хүү нь бүдчээд уйлж суухын цагтаа
Өлгийг минь сийлсэн аавтай болохоор амьд явж чаддаг аа.
No comments:
Post a Comment