Тэр бүсгүйн /Л.Хасар/
Тэр бүсгүйн нүд
Ёроол үгүй гүнзгий
Хар нүдэнд чинь
Намрын навч адил хөвөх
Биеэн үлдээгээд
Сэтгэл минь живж
Чамайг хайна
Энд шорвог ус залгилж
Хөгшин мод гунигтай бөхийнө
Хайртай гэдэг үгийг чинь
Ус хэдийн залгичихаад
Элсэн эргийг
Эмтлэн долооно
Тэр бүсгүйн нүд
Ёроол үгүй гүнзгий
Нүднээсээ шорвог нулимс унагана
Аль хэдийн далай намайг
Эрэг дээр гаргаж хаячихаад
Хөөс цахруулан давалгаална
Худлаа үнэн /Л.Хасар/
Чиний нүд шиг зээр шиг цахилж
Бузар орчлонгийн үнэнийг хайна
Алхам бүрт чинь худлаа үнэн
Чамайг хормойдож байна
Бүсгүй минь гунигтай нэг хараач
Чи үнэн дээгүүр явж өнгөрсөн
Бүсгүй минь худлаагаас
Битгий зугт
Одоо хожимдсон
Чиний үзэсгэлэнт хүзүүнд
Чиний бүтээгүй мөрөөдөл
Цагаан соёогоо зооход
Айсан нүдээр
Ялгуусан үнэнийг чи олж харна
Тэгэхэд чи эргэж хараарай
Бас л худлаа
No comments:
Post a Comment