Friday, June 25, 2010

Г.Аюурзаны шүлгүүд

Ууж үзсэн, амтыг нь мартсан дарс /Г.Аюурзана/

Ууж үзсэн, амтыг нь мартсан дарс.
Шимж үзсэн, амтыг нь мартсан уруул.
Уншиж үзсэн амтыг нь мартсан шүлэг,
Угтаа эд цөм нэг юм байсныг
Ухаарч үзсэн.
Ухаарлынхаа амтыг мартсан
Манантай өглөө шиг, гэхдээ өнөөдрийн биш өглөө шиг,
Манан нь яг манан биш, будан биш, үүл шиг,
Мартагдсан бүхний бүдэгхэн гоо үзэсгэлэн
Усан будгаар буулагсан борооны үнэр шиг
Магад энэ өвлийн турш намайг дагах нь байна.
Энэ насан туршид намайг дагах
Элэнц хуланцын сүнс, хий үзэгдэл шиг,
Энэ амьдралд минь учирсан шиг, үгүй шиг
Амтыг нь мартсан уруул ямархан амттайг
Эргээд нэг саная гэтэл зүүд дууссан байна.
Борооны үнэр сэтгэлд анхилавч, зун дууссан байна.
Бодолгүй уншсан амьдралын хуудас
Тэртээ урд өнгөрсөн байна.


Үхлийн цэцэгс /Г.Аюурзана/

Yнэр нь хаа ч байдаггүй үнэр
Өнгө нь хаа ч байхгүй өнгө
Тийм үнэрийг сайхан ч гэх, муухай ч гэх аргагүй
Тийм өнгийг үгээр дүрсэлж болохгүй. . .
Yс сэрвэлзэх ч салхин үгүй талд
Yнэр, өнгө түмэн цэцэг найгана.
Yл мэдэгхэн санаа алдахын цуурайг
Yүрдийн тайвшрал, мөнхийн зүүд залгана.
Өө, нөгөө л зүүд шив дээ
Урьдын өнгө, урьдын үнэрийг нь мэдэх цэцэгс
Yхэл, үнэндээ, бас л амьдрал шиг
Уйтгартай, сэтгэл булаах юмгүй эд шив дээ.


Маргааш гэдэг /Г.Аюурзана/

Маргааш гэдэг чихүүн, бүдэг, гунигтай
Үүл мэт зөөлөн ширхэгтэй, тод, чихүүн
Манан дунд нэгээхэн морь ергөх зуур
Өнөөдөр намайг хайрлаад маргааш март! Тэгэх үү!


Надаас дэндүү хол хүмүүс /Г.Аюурзана/

Надаас дэндүү хол хүмүүс
Дэргэд сууна
Насаар хэдэн зуу ах хүмүүс
Зэргэлдээ амьдрана.
Тэд даана ч балчир,
Хөлд ороогүй охин шиг минь!
Тэвэрч гэвч болохгүй
Хөл дээрээ зогсоцгооно. Тийм харь, ойлгомжгүй
Эдний өөдөөс ширтээд
Тэвчээрээ шалгаж би
Эвэр хундага өргөөд
Хайран нэгэн оныг
Хөсөр үдэж дарс ууна
Халуу шатсан биеэр минь
Хөлдүү цус гүйнэ
Дарсанд нуугдсан Үнэн
Барьсан хундага бүрийг нь
Хаалга мэт тогшиж үзээд,
(Хүмүүс минь, хүмүүс минь!)
Даана ч миний үе тэнгийнхэн
Хаана ч алгыг зарлана.


Цагаа олоогүй... /Аюурзана/

Цагаа олоогүй,
Царай муутай, шинийн, нарийхан сарны
Гуниг надад халдварлаад...
Гэр дээр тавьсан хэлтгий шанага шиг
Долоон од
Дээврээр шөнөжин хөөцөлдөөд...
Нойр муутай хонолоо.
Нар ч цагаа олоогүй санагдах
Энэ хачин өглөө
Адилхан л хоёр хусны
Нэг нь шарлаад, навчис нь үймээд,
Нөгөө нь жишим ч үгүй, нов ногоон...
Арай эрт сэрчихэв үү, би?
Хожимдчихов уу?


Хайрлах хүнгүйдэж /Аюурзана/

Даанч эрт би амьдарлыг таньсан
Дахиад урагш алхах ганцхан зай бий
Энэ бол бүсгүй хүн!
Дэндүү эрт би сониуч нүдээ аньсан
Дэлхий тэмтрэх ганцхан зам үлдсэн
Тэр бол бүсгүй хүн!
Хичнээн шунгаад ч ёроолд хүрэхгүй
Хэзээ ч ёроолд нь хүрэх гэж шунгахгүй цүнхэл хүн
Бүрлэн сартай арваадхан насанд минь
Бүртийж ургаад гэнэдсэн
Торон цагаан гивлүүр цаанаас цоргиход нь
Тохойг нь надаас өөр хүн түшсэн
Бүсгүй хүн!


Бяцхан суурингуудыг би сайн ойлгодог /Г.Аюурзана/

Бяцхан суурингуудыг би сайн ойлгодог.
Бяцхан суурингийн нохдын дуу золбоотой,
Xүмүүсийн инээвхийлэл гунигтай байдаг.
Ингэж хүлцэнгүй инээвхийлдэг хүмүүс л
Эртний бүрэнхий дууг мартаагүй явдаг.
Тэдний хүүхдүүд л шүлэгч болдог.
Зурагтын ганцхан суваг гардаг
Бяцхан суурингуудыг би сайн ойлгодог.
Зун нь энд диваажин шиг,
ªвөл нь зүүд шиг, хавар нь там шиг...
Намар гэж ер байдаг юм уу?
Шарлах ганц ч навчгүй
Саргар моддыг нь би дэндүү сайн ойлгодог.


Хичнээн хичээгээд хүсэлд минь /Г.Аюурзана/

Хичнээн хичээгээд хүсэлд минь
Өөр бүсгүй багтахгүй
Гэвч би хүүхэд мэт
Үнэн ч дурлаж чадахгүй
Чамайг гэж бодоод
Хэнийг ч энхрийлэхэд бэлэн
Чанга инээд шиг цохилох
Зүрхээ захирч чадахгүй
Чамайг гэж бодоод
Хэнийг ч энхрийлэхэд бэлэн
Чиний тухай бодол минь
Солиорсон хүн шиг насгүй,
Чийгтэй агаарт татаатай
Солонгийн төдий хэврэг,
Үлээхэд сарнимаар эмзэг
Гэвч гадаа салхитай байна
Үнэндээ энэ солонго
Хийсээд арилчихгүй л байна...


Бүдэгхэн мөрөөсөл /Г.Аюурзана/

Униар бүдэгхэн (тод ч юм шиг) хаврын өдөр
Элдвийн бодлоо би нимгэлж ядаж (бас зузаалж цөхөж)
Олны үймээн цонхон цаадтай (наадтай ч бил үү)
Орчлон сандтал (намдтал ч юм үү) анирдахыг чагнаж
Энэ болгоныхоо дундаас
Эрэгцүүлэлтэй минь холбоотой цорын ганц үзэсгэлэнт охиныг
Ялгаж харахаа байг л даа гэхнээ
Ядаж инээдий нь (мэгшихийг нь ч болов) сонсчихоё гэж
Сууж босно
Босч сууна
Нэмэр алгаа
Униар бүдэгхэн (тод ч юм шиг) хаврын өдөр
Нэрийг нь ч мэдэхгүй (мэдэх ч байж магад)
Тэр бүсгүй ойр минь (хол минь ч гэлээ) алгаа
(Байгаа ч юм уу)
Униар бүдэгхэн


Эрт унасан цас /Г.Аюурзана/

Зэвэргэн гудамжаар ганц машин
Захаа босгосон хүн шиг нугдайн өнгөрнө.
Дэрэвгэр хормой, өмнөөс нü даармаар хоёр охин
Хоёулаа тэгшхэн шилбэтэй, инээлдэн зөрнө.
Араас нь эргээд харахад
Хүзүү заамаар нь салхи шургана
Аятайхан, тийм ч жихүүн биш,
Yзүүрээс нь охидын инээд дуулдах салхинд
Хувцас муутайгаасаа болоод гадагш гаралгүй
Орондоо ном уншиж өнгөрөөсөн
Залуу насны хүйтэн өдрүүд санагдав
Хувь тавилангийн тэр,
Одоогийн нүдэнд хямдхан бэлэг. . .
Заавал үнсэх ёстой уруул шиг өдрүүд минь
Тэргүүлэгчийн цэцэрлэгт хамтдаа орсныг маань
Огторгуйн үүлс харсан
Түүнээс хойш
Арван удаа намар болжээ
Тэгэхэд хэлж чадаагүй үг
Одоо ч дотор минь амьдаараа
Түшиж зогссон мод чинь
Яасан өндөр болоов.
Чиний гар илбэсэн
Тэмдэгт мөчирт цас шүхэрлэжээ.
Мод ургаад даанч түүнд
Миний гар хүрэхээргүй болжээ.


Нүдэнд минь
Хүсэл гэрэлтэхгүй
Сэтгэл минь тийм гүн...


Чи намайг
Мөн ч зовоосонсон
Ахиад тэгж нэг зовохсон...


Нойр – ариун учрал
Чамтай ханиндаа унтах,
Хожим дурсахад,
Хамтдаа сэрүүн байснаас минь илүү амттай...


Их баярын дараах уйтгар мэт
Их жаргалын дараах гуниг...


Дээвэрт чимээ дуулдахгүй
Борооны төлөө ууя
Нам гүмийн төлөө...


Манан хөшиглөх уулын жимд
Зовлон мартагдана...


Хэзээ ч бусдын мэдэлд ороогүй
Хэнзхэн санаа минь насанд хүрч байна
Хэний ч хүртэж, нэвтэрч байгаагүй
Тэнгэрийг тэмтрээд хуруу минь хөрч байна...


Дээвэрт бороо
Буцлах мэт үсчинэ
Гуниг минь чанагдана...


Цаг хугацаа амсхийх зуур би ухаангүй дурлаад
Цаашаа явж эхлэхэд нь тэнгэрээс буудаг
Цаг хугацаа амсхийх зуур би гүнзгий амьсгалаад
Цаашаа явж эхлэхэд нь санаа алддаг.


Хамгийн хүйтэн ард үлдлээ,
Хаврын амьсгал.
Урин дулаан хичнээн сайхан.
Даанч дахиад л намар болчихно.
Зуурдын богинохон байна гэдгийг нь
Мэдэх юм хойно,
Зун болно гэдэг гунигтай.
Бусад бүх юмсын нэгэн адил
Түр зуурынх гэдгийг нь мэдсээр байж
Бухимдаад л, баярлаад л
Төөрөлдөж амьдрах минь өрөвдөлтэй.....

No comments: