Энэхүү нийтлэлийг бичихдээ Hamann & Prati (2002) нарын “Яагаад инфляцийг бууруулах хөтөлбөрүүд бүтэлгүйтдэг вэ? Аз, цаг үе болон улс төрийн хүчний ач холбогдол” судалгааны ажлын сонирхолтой үр дүнг ашиглав. Уг судалгааны ажил нь яагаад инфляцийн эсрэг арга хэмжээнүүд амжилтгүй болсон шалтгааныг 51 тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд эмпирик аргаар тодорхойлсноороо онцлог юм.
Өндөр инфляцитай нүүр тулгарсан орнууд инфляцийн эсрэг олон төрлийн арга хэмжээг хэрэгжүүлсэн хэдий ч түр хугацаанд л тэдний зөвхөн зарим нь амжилт олсон байдаг. Инфляцийг тогтворжуулах хөтөлбөр амжилтгүй болсон хамгийн түгээмэл жишээгээр 1970, 1980-аад оны Латин америкийн орнуудыг нэрлэж болох юм. Тухайн үед зарим Латин америкийн орнууд, тухайлбал 1980-аад оны дунд үед Боливи, 1990-ээд оны эхээр Перугийн авч хэрэгжүүлсэн инфляцийг бууруулах арга хэмжээ нь гайхалтай амжилтанд хүрсэн. Латин америкаас бусад орны хувьд 1980-аад онд Израилийн хөтөлбөр амжилттай хэрэгжсэн бол, 1970-аад оны дунд үед Исландын хөтөлбөр бүтэлгүйтэж, хожим буюу 1980-аад оны дунд үед амжилтанд хүрсэн байдаг. Ийнхүү тогтворжуулах хөтөлбөр амжилттай хэрэгжих эсэхэд юу нөлөөлдөг вэ? гэсэн асуулт бодлого боловсруулагдын төдийгүй энгийн иргэний хувьд ч сонирхолтой асуулт юм. Өндөр инфляцийн үед ихэнх улс орон макро бодлогын “стандартлагдсан” арга хэмжээг бие даан эсвэл ОУВС зэрэг олон улсын байгууллагын тусламжтайгаар хэрэгжүүлдэг. Тухайлбал, ихэнх тохиолдолд төсөв, мөнгөний хумих бодлогыг хэрэгжүүлдэг. Гэвч бодит байдал дээр тус “стандарт” бодлого яагаад улс орнуудад харилцан ялгаатай үр дүнд хүрдгийг тухайн улсын институциаль хүчин зүйлсийн ялгаагаар тайлбарладаг. Ялангуяа хөгжиж буй орнуудын хувьд тухайн хүчин зүйлсийн нөлөө илүү чухал үүрэгтэй болохыг эдийн засгийн бүхий л чиглэлийн судалгаа онцолдог билээ.
Иймээс тус нийтлэлээр хөгжиж буй орны хувьд инфляцийг тогтворжуулах арга хэмжээ амжилттай хэрэгжих эсэхэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх үеийн гадаад зах зээлийн орчин буюу “аз”, хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэх үеийн эдийн засгийн анхны төлөв болон улс төрийн хүчний үүрэг оролцоо яагаад зайлшгүй чухал ач холбогдолтой болохыг танилцуулахыг зорив. Ингэхдээ бусад орны хувьд ажиглагддаг нийтлэг үр дүнг Монголын инфляци өндөр байсан 2007-2008 болон 2010 онуудын нөхцөл байдал, авч хэрэгжүүлсэн арга хэмжээтэй харьцуулснаараа онцлогтой.
Бодлогын бус макро эдийн засгийн хувьсагчид (бодит валютын ханш, ДНБ-ий өсөлт болон гадаад валютын нөөц) бoлон бодлогын хувьсагчид (мөнгөний болон төсвийн үзүүлэлтүүдийн зохицуулалт)-ын өөрчлөлт нь ерөнхийдөө инфляцийг тогтворжуулахад одоо хэр нь нөлөөтэй хэдий ч зарим орны хувьд дээр дурьдсан 3 хүчин зүйлс нь илүү чухал үүрэгтэй юм. Тус хандлага нь макро эдийн засгийн хувьсагчдын зохицуулалт нь анхны нөхцөл болон улс төрийн хүчин зүйлсээс хамаардаг болохыг тайлбарлах хэдий ч макро эдийн засгийн бодлогууд инфляцийг бууруулахад ач холбогдолгүй гэдгийг илэрхийлдэггүй.
Гадаад зах зээлийн орчин буюу “аз” чухал үүрэгтэй
Бараа, үйлчилгээний үнэ болон цалинг тогтворжуулахыг хичээж буй үетэй гадаад сөрөг нөлөө (экспортын барааны эрэлт буурах, импортын барааны үнэ өсөх гэх мэт) давхцах тохиолдолд инфляцийг бууруулах оролдлого амжилтгүй болох магадлал өндөр байдаг. Тухайлбал, АНУ-ын холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ өсгөх нь ялангуяа капиталын урсгал чөлөөтэй улс орон (ийм орны нэгээр Монголыг нэрлэж болно)-ны хувьд инфляцийг бууруулах бодлого амжилтгүй болох аюулыг дагуулж болдог. Тус хүүний өсөлт нь хөгжиж буй, жижиг эдийн засагт шууд гэхээс илүүтэй шууд бусаар, тухайлбал дэлхийн зах зээл дээрх эрэлт, үнийн өөрчлөлтөөр дамжин нөлөөлдөг. Эдгээр гадаад хүчин зүйлсийн өөрчлөлт нь дотоод эдийн засгийн бодлогын болон бодлогын бус хувьсагчдын нөлөөг арилгасны дараа ч инфляцид ач холбогдолтой нөлөөлдөг болохыг эмпирик үр дүнгүүд харуулдаг. Түүнчлэн гадаад хүчин зүйлсийн цочмог өөрчлөлтүүд нь дотоод макро эдийн засгийн хувьсагчдаар дамжин анх хүлээж байснаас ч илүү хүчтэй нөлөөг эдийн засагт бий болгодог. Иймд инфляцийг тогтворжуулах бодлогыг хэрэгжүүлэх үеийн гадаад зах зээлийн орчин буюу тухайн орон “аз”-тай эсэх нь хөтөлбөр амжилттай хэрэгжих эсэхийг тодорхойлох зайлшгүй нэг чухал хүчин зүйл болдог.
Монголын 2007-2008 оны өндөр инфляцийн үед гадаад зах зээлийн орчин тийм таатай байгаагүй. Анх инфляци мах, шатахууны үнийн өсөлт болон өмнөх жилүүдийн өндөр мөнгө, эрэлтийн өсөлтөөр өдөөгдсөн хэдий ч цаашдын өөрчлөлтөнд гадаад хүчин зүйлс тэргүүлэх үүрэг гүйцэтгэсэн. Хэдийгээр тухайн үед гол экспортын бүтээгдэхүүн болох алт, зэсийн дэлхийн зах зээл дээрх үнэтэй байж, гадаад худалдаа болон төсөв ашигтай байсан хэдий ч дэлхий нийтээр хүнсний хомсдолд орж, хүнсний бүтээгдэхүүний үнэ болон түүхий нефтийн дэлхийн зах зээл дээрх үнэ түүхэнд байгаагүй хамгийн өндөр түвшиндээ хүрсэн билээ. Энэ нь инфляци нь импортын бараа (ургамлын тос, цагаан будаа, шатахуун, гурил гэх мэт)-ны үнийн огцом өсөлтөөр үргэлжлэхэд хүрсэн. Үүнээс гадна манай орны гадаад худалдааны гол түнш болох БНХАУ өмнөх 20 жилд байнга 10-аас дээш хувийн өсөлттэй явж ирсэн нь эдийн засгийн “хэт халалт”-нд хүргэж, дотоод инфляцийн дарамтыг нэмэгдүүлсэн нь Монголын инфляци өсөхөд дам нөлөөлсөн. Хойд хөрш болох ОХУ-ын хувьд ч инфляци өндөр түвшинд хүрээд байсан билээ. Иймд тухайн үед Засгийн газар болон төв банкнаас хэрэгжүүлсэн инфляцийг бууруулах бодлого нь “аз”-гүй гэсэн ангилалд багтахаар байна. Харин 2010 оны инфляцийн хувьд гадаад хүчин зүйлс гэхээс илүүтэй дотоодын мах, гурилын нийлүүлэлтээс илүүтэй хамааралтай байна. Нөгөө талаас экспортын гол нэрийн бүтээгдэхүүний үнэ өндөр, харин импортын, ялангуяа түүхий нефтийн үнэ харьцангуй нам түвшинд байна. Иймд 2010 оны инфляцийг тогтворжуулах бодлого нь “аз”-тай ангилалд багтаж болох юм.
Хөтөлбөрийг хэрэгжүүлэх цаг үе болон анхны нөхцлүүд
Инфляцийг тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэхээс өмнөх макро эдийн засгийн төлөв байдал нь инфляцийг тогтворжуулахад ямар арга хэмжээ илүү үр дүнтэй байх талаарх хэд хэдэн боломжит онолын таамаглал дэвшүүлэх боломжийг олгодог.
Сүүлийн бүтэлгүйтэл нь амжилт олох боломжийг бууруулдаг. Инфляцийг тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэх хүртлээ удаан хугацаанд өндөр инфляцитай явсаар ирсэн оронд уг хөтөлбөр амжилтгүй болох магадлал өндөр байдаг. Учир нь өндөр инфляци удаан хугацаанд үргэлжлэх нь индексжүүлэлтийн практикийг бий болгодог тул үнийн тогтворжуулалтыг амжилттай хэрэгжүүлэхэд илүү хүндрэл учруулдаг. Учир нь энэ оны инфляци 20 хувь байснаас дараа оны эхэнд цалинг 20 хувиар өсгөсөн (индексжүүлэлт хийсэн) гэе. Энэ цалингийн өсөлт нь эрэлтийг нэмэгдүүлж, дараагийн жил инфляци дахиад өндөр хувиар өсөхөд хүрэх бөгөөд индексжүүлэлт байгаа тохиолдолд энэ цикл өөрөө хэзээ ч зогсохгүй. Монголын эдийн засагт өндөр инфляцитай эсвэл түүний дараа жил нь төрийн албан хаагчдын цалинг мөн адил өндөр хувиар өсгөх хандлага бий. Энэ нь дараагийн инфляцийг даллахад хүргэдэг. Иймд цалинг салбар бүрээр улирлуудад бага хувиар өсгөх бодлогын хувилбар нь энэ төрлийн инфляцийг бий болгохгүй байхад чухал үүрэгтэй.
Инфляцийг тогтворжуулах арга хэмжээ анх үр дүнд хүрч байсан эсэх нь дараагийн жилүүдэд хөтөлбөр амжилттай хэрэгжих эсэхэд шууд нөлөөтэйн зэрэгцээ олон нийтийн зүгээс бодлого боловсруулагчдад итгэх итгэл бий болоход ч чухал нөлөөтэй. Иймд инфляцийн эсрэг стратеги амжилттай хэрэгжих эсэх нь тухайн орны өмнөх үеүдийн инфляцийн туршлага, бодлого боловсруулагчдын одоогийн авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон нэр хүндээс ихээхэн хамаардаг. Монголын эдийн засагт инфляци нийлүүлэлтийн хүчин зүйлсийн өөрчлөлтөнд маш өртөмтгий тул инфляцийг зорилтот түвшинг ханган ажиллах боломж хомс юм. Энэ байдал нь олон нийтийн бодлого боловсруулагчдад итгэх итгэлийг бууруулж, эдийн засагт ирээдүйн үнийн өсөлтийн талаарх тодорхой бус байдал байсаар байна.
Анхны муу нөхцлүүд ч хөтөлбөр амжилттай хэрэгжихэд тусалж болдог. Эдийн засгийн нөхцөл байдал гэнэт муудах буюу “хямралын урьдач нөхцөл”-д тулсан үед инфляцийг тогтворжуулах арга хэмжээ, стратегийн талаар улс төрийн хүрээнд нэгдсэн зөвшилцөлд хүрч хөтөлбөрийг шуурхай хэрэгжүүлэхэд тусалдаг. Тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэхээс өмнөх инфляци өндөр түвшинд (гэхдээ урт хугацаанд бус өмнөх хэдэн сард) байх нь хөтөлбөр амжилттай хэрэгжих магадлалыг нэмэгдүүлдэг болохыг зарим үр дүн харуулсан байдаг. 2007-2008 оны болон 2010 онуудад хамтарсан Засгийн газар төрийн эрхэнд байгаа тул төсвийн бодлогын дотоод хугацааны хоцролтыг бууруулсан гэж үзэж болно.
Зарим анхны сайн нөхцлүүд хөтөлбөр амжилттай хэрэгжихэд тусалдаг. Тогтворжилтын эхний үед гадаад валютын нөөц харьцангуй өндөр түвшинд байх нь бодлого боловсруулагчдын хувьд хөтөлбөрийн эхний үед бий болж болзошгүй сөрөг нөлөө болон хөтөлбөр бүтэлгүйдэх магадлалыг бууруулах нэгэн төрлийн даатгал болж өгдөг. Түүнчлэн бодлого боловсруулагчид тогтворжуулах төлөвлөгөөг хэзээ эхлүүлэхээ нарийн тооцож, сонгох чадвартай байх ёстой. Ялангуяа мөнгөний бодлогын хувьд хэзээ чангаруулж эхлэх вэ?, ямар хэрэгслээр хэр хүчтэй чангаруулах вэ?, хэзээ чангаруулах бодлогоо сулруулж эхлэх вэ? гэсэн 3 асуулт тавигддаг. Хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэх хугацааг зөв товлох нь тогтворжуулалтын төлөвлөгөөний эцсийн үр дүнг тодорхойлохтой нэгэн адил чухал зүйл юм. Үүний зэрэгцээ тогтворжуулалтын эхний үе дэх бодлогын хувилбарын сонголтыг ул суурьтай гаргах нь туйлаас чухал байдаг. Монголын эдийн засагт бодлогын шийдвэрүүд ирээдүйг харж гэхээс илүүтэй дискрет шинжтэй гардаг тул бодлогыг хугацаа хоцорч хэрэгжүүлэх хандлага ажиглагддаг. Тухайлбал, инфляцийн хувьд 10 хувь хүртэл нь мөнгөний бодлогын төлөв байдалд чангаруулах чиглэлийн өөрчлөлт бараг ордоггүй бол төсвийн бодлого нь өмнөх оны 10 дугаар сард батлагдсан төсвийн тухай хуулийн дагуу төсвийн алдагдал өндөр хэвээр зарцуулалт хийгддэг. Энэ байдал нь инфляцийг богино хугацаанд хязгаарлах боломжийг алдагдуулдаг.
Валютын ханшид суурилсан тогтворжуулалт нь илүү амжилттай байдаг. Мөнгөний болон төсвийн үзүүлэлтүүдийн нөлөөллийг арилгасны дараа валютын ханшийн тогтвортой байдал нь инфляцийн тогтвортой байдал, түүний бууралтад хувь нэмрээ оруулдаг болох нь эмпирик үр дүнгүүдээр тогтоогддог. Энэ нь валютын ханшийн тогтвортой байдал нь олон нийтэд мөнгөний ханш тогтвортой байх хүлээлтийг бий болгодгоор тайлбарлагдана. Зарим улс орны хувьд валютын ханшаас гадна бусад нэрлэсэн үзүүлэлтүүдийг зорилт болгох замаар инфляцийг тогтворжуулах арга хэмжээг хэрэгжүүлдэг. Хөтөлбөр амжилттай хэрэгжих эсэхэд олон чухал хүчин зүйлс нөлөөлдгийн нэг нь нэрлэсэн үзүүлэлтүүд, тэдгээрийн зорилтот түвшнийг оновчтой сонгох явдал байдаг. Монголбанкны хувьд 7 хоногтой ТБҮЦ-ны хүү, түүний хэмжээг бодлогын гол хэрэгсэл болгож, үйл ажиллагааны болон завсрын зорилтоор мөнгөний агрегатуудыг сонгон ажилладаг. Манай орны хувьд валютын ханшийн инфляцид дамжих нөлөө 5-8 сарын хоцролттой бөгөөд төгрөгийн ам.доллартай харьцах ханшийн өөрчлөлтийн 45 хувь нь үнийн өсөлтөнд шилждэг буюу бусад оронтой харьцуулахад харьцангуй хүчтэй нөлөөтэй. Иймд валютын ханшийн тогтвортой байдал нь инфляци нам, тогтвортой байхад эерэг нөлөөтэй. Гэхдээ манай орны хувьд валютын ханшийн инфляцид дамжих нөлөө нь ассимметрик бөгөөд төгрөгийн ханш суларсан үед л үнийн өсөлтийг дагуулах бол чангарсан үед бараа, үйлчилгээний үнэ буурдаггүй болох нь статистикийн хувьд нотлогддог. Иймд төгрөгийн ам.доллартай харьцах ханшийг чангаруулах бодлого нь инфляцийг бууруулахад ямар ч нөлөөгүй төдийгүй бодит валютын ханш тэнцвэрт түвшнээс хэт үнэлэгдэхэд хүргэх эсрдэлтэй. Хэт үнэлэгдэх нь эргээд төлбөрийн тэнцлийн болон валютын ханшийн хямралыг далладаг билээ.
Санхүүгийн салбар нь нээлттэй улс орнуудын хувьд инфляцийг тогтворжуулах арга хэмжээ амжилттай хэрэгждэг. Инфляцийг тогтворжуулах хөтөлбөрийн эхний үед капиталын шилжилт чөлөөтэй байх нь хөтөлбөр амжилттай хэрэгжих боломжийг нэмэгдүүлдэг. Гэхдээ энэхүү чөлөөтэй байдал нь дээр өгүүлсэнчлэн гадаад шокын нөлөөг нэмэгдүүлэх талтай байдгийг анхаарах шаардлагатай. Мөн урсгал тэнцэл илүү чөлөөтэй байх нь инфляцийн эсрэг арга хэмжээ амжилттай хэрэгжихэд хувь нэмэр оруулдаг болохыг эмпирик үр дүн харуулдаг. Манай орны хувьд гадаад худалдаа болон хөрөнгийн урсгалын либералчлалыг 1990-ээд оны дунд үе гэхэд хийсэн тул эдгээр либералчлалыг эерэг, сөрөг талын аль аль нь ажиглагддаг.
Улс төрийн гүйцэтгэх үүрэг
Тухайн улсын төрийн бүтэц, улс төрийн намуудын бат бөх байдал болон бусад шинж чанарууд инфляцийг тогтворжуулах төлөвлөгөө нь амжилттай хэрэгжих эсэхэд чухал үрэгтэй.
Он удаан жилийн түүхтэй улс төрийн нам төрийн эрхэнд байх үед инфляцийг тогтворжуулах бодлого хэрэгжүүлэхэд амжилт олох нь илүү байдаг. Учир нь тухайн улс төрийн нам эдийн засгийн харилцан ялгаатай орчинд тохирсон бодлого хэрэгжүүлэх тал дээр илүү туршлагатай юм. Дээрх дүгнэлт нь улс төрийн тогтворгүй байдал нь өндөр инфляцийг бий болгохоос гадна эрх баригчид сеньораж (мөнгө үйлдвэрлэх үйл ажиллагаа)-ийг орлогынхоо ганц эх сурвалж болгох явдлыг өөгшүүлдэг гэдэг үзэлтэй нийцтэй юм. Монголын хувьд уг дүгнэлтийг шууд хэрэглэх нь учир дутагдалтай байж болох бөгөөд гол нь төрийн бодлогын залгамж хадгалагдах нь юу юунаас илүү чухал билээ.
Гүйцэтгэх засаглал буюу засгийн газар нь хүчтэй улс орнуудын хувьд инфляцийн эсрэг төлөвлөгөө амжилт олох магадлал нь мөн өндөр байдаг. Гэхдээ ардчилсан бус нийгэмтэй улс орнуудын хувьд энэ дүгнэлт няцаагддаг бөгөөд харин ерөнхийлөгчийн засаглал нь засгийн газрын зардлыг хязгаарлах чадвар өндөртэй байдаг гэсэн онолыг баталсан үр дүн юм. Учир нь бүгдийг нэг гарт төвлөрүүлж чадсанаар дээрх арга хэмжээг амжилттай явуулах боломж бүрддэг гэж тайлбарладаг. Гэхдээ төрийн засаглалын бүхий л хэлбэрт өөр өөрийн давуу, сул тул байдаг. Манай орны хувьд үндсэн хуулиндаа парламентийн засаглалтай байхаар заасан.
Сонгууль нь мажоритар зарчмаар явагддаг ардчилсан улс орнуудын хувьд мөн амжилт олох хандлагатай байдаг. Сонгуулийн зарчим нь мажоритар байвал инфляцийг тогтворжуулах хөтөлбөр нь бүтэлгүйтэх магадлал буурдаг эмпирик үр дүн ажиглагддаг. Мажоритар сонгуулийн зарчим нь засгийн газрын зардал болон алдаглыг бага байлгахад түлхэц үзүүлдэг бөгөөд энэ утгаараа инфляцийн татварыг бууруулдаг. Манай орны хувьд парламентийн сонгууль нь уг зарчмаар явагдаж, 76 гишүүний олонхийн шийдвэрээр төсвийн хууль батлагддаг тул энэ төрлийн нөлөө байгааг үгүйсгэх аргагүй. Гэхдээ УИХ-ийн тойргууд дахь 76 тэрбум төгрөг (2010 оны байдлаар) нь уг дүнгээрээ төсвийн алдагдлыг бий болгосон. Энэ агуулгын үүднээс төсвийн алдагдлыг бууруулж, инфляцийг хязгаарлаж байна гэж үзэх боломж бага юм.
Шинээр байгуулагдсан засгийн газрын хувьд амжилт олох магадлал өндөр байдаг. Гурваас доош жилийн хугацаанд төрийн дээд албанд тушаалд ажиллаж буй албан тушаалтнуудын хувьд инфляцийн эсрэг төлөвлөгөөг амжилттай хэрэгжүүлэх хандлагатай байдаг. Учир нь шинээр сонгогдсон засгийн газрын хувьд тухайн инфляцийн түвшинг тогтоон барих чадвартай эсэх болон тухайн инфляцийг үнэхээр хүсч байгаагаас үл хамааран инфляцийг бага байлгахыг хичээдэг болох нь тогтоогддог. Үүний шалтгаан нь төрийн эрхэнд удаан хугацаагаар ажилласан, цаашид ч ажиллах сонирхол бүхий этгээдүүдийн хувьд улс төрийн капитал буюу нэр хүндээ алдахгүйн тулд илүү популист шинжтэй арга хэмжээг түлхүү авч хэрэгжүүлдэг. Харин шинэ засгийн газрын хувьд улс төрийн нэр хүндээс илүүтэйгээр инфляцийг бууруулахад шаардлагатай арга хэмжээг бүрэн хэрэгжүүлж чаддаг. Манай орны хувьд Засгийн газрын гишүүд нь УИХ-ын гишүүдээс томигдох хандлага өндөр тул энэ төрлийн эерэг дам нөлөө харьцангуй бага байх талтай.
Нийгмийн нэгдмэл байдал нь инфляцийн эсрэг арга хэмжээг илүү амжилттай болгоход дөхөм үзүүлдэг ч улс төрийн нэгдмэл байдал нь эсрэгээрээ нөлөөлдөг. Нийгмийн бухимдал өсөхийн хирээр инфляцийн эсрэг арга хэмжээ бүтэлгүйтэх хандлагатай байдаг боловч засгийн газар нь олон намын оролцоо бүхий орнуудын хувьд амжилтанд хүрэх хандлага ажиглагдсан. Энэ нь магадгүй зарим орны хувьд “үндэсний нэгдмэл” (голлох намууд хамтран ажиллах гэрээ байгуулсан тохиолдолд) засгийн газар байгуулж чадсан тохиолдолд инфляцийн өсөлтийг сааруулах хэдий ч хэт их улс төржиж, туйлшрах хандлага ажиглагдсаар байдаг. Ингэснээр “Туйлдуулсан дайн”-ны загвар буюу аль нэг нам нь инфляцийг тогтворжуулахад гарсан бүх зардлыг үүрэх хэрэгтэй болдог. 2008 оноос хойш хамтарсан Засгийн газрууд төрийн эрхэнд байгаа тул нэг талаас бодлогын дотоод хугацааны хоцролт багасч, шийдвэр шуурхай гарах хандлагатай хэдий ч нөгөө талд бодлогын хэрэгжилтийн хяналт сулрах эрсдэлтэй юм.
Бодлогын бус макро эдийн засгийн хүчин зүйлс
Бодит валютын ханшийн чангаралт нь тогтворжуулах бодлогод сөрөг нөлөөг үзүүлдэг. Учир нь инфляцийг бууруулах арга хэмжээ бүтэлгүйтэх нь бодит валютын ханшийг их хэмжээгээр сулруулдаг, тиймээс инфляцийг тогтворжуулах бодлогын арга хэмжээ хэр амжилттай хэрэгжсэнээс үл хамааран бодит валютын ханшийн чангаралтын нөлөөг байнга тооцож байх шаардлагатай. Бодит валютын ханш хэт үнэлэгдэх нь өөрөө төлбөрийн тэнцэл, валютын ханшийн хямралд хөтөлдөг тухай дээр дурьдсан. Харин дутуу үнэлэгдэх нь ханшийн хямралыг илтгэдэг. Манай орны хувьд 2007-2008 онд төгрөгийн гадаад валюттай харьцах бодит ханш 15 орчим хувиар хэт үнэлэгдэж, 2008 оны өндөр инфляцийн дараа 10 хүртэл хувиар дутуу үнэлэгдэж байсан тооцоо бий.
Инфляцийн эсрэг арга хэмжээг хэрэгжүүлж буй улс бүр тодорхой хэмжээний баялгийг золиосолж байдаг. Гэхдээ энэ хэмжээ нь ямар байх ёстой талаар ямар нэгэн тоо баримт одоогоор байдаггүй. ДНБ-ий өсөлт өндөр байх нь тухайн арга хэмжээ амжилттай хэрэгжихэд нөлөөлдөг. Хэдийгээр ДНБ-ий өсөлт болон хөтөлбөр амжилттай хэрэгжих магадлалын хооронд эерэг хамаарал оршдог хэдий ч тус арга хэмжээг амжилттай хэрэгжүүлэхийн тулд хэдий хэмжээний ДНБ-ий алдагдал хүлээх эсэх нь тодорхой бус байдаг. Эмпирик судалгааны үр дүнгээр ДНБ-ий өсөлтийн эерэг хамаарал нь зөвхөн эдийн засаг потенциаль түвшнээсээ доогуур байгаа үед л ажиглагддаг тогтоогдсон. Инфляцийг бууруулах арга хэмжээний стандарт хэлбэр нь төсөв, мөнгөний бодлогыг харууруулах явдал тул хэрэглээ болон хөрөнгө оруулалт буурах байдлаар эдийн засгийн өсөлт саарахад хүрдэг. Иймд инфляци болон эдийн засгийн өсөлтийн хоорондын сонголтыг нийгмийн сайн сайхан байдал хамгийн их байх сонголтоор бодлого боловсруулагчид хийх ёстой болдог тухай өмнө нь дурьдсан. Харин эдийн засаг зөвхөн потенциаль түвшнээсээ доогуур байх үед л өндөр өсөлт нь инфляцийг бууруулах арга хэмжээ амжилттай хэрэгжихэд нөлөөлдөг болохыг эдийн засгийн “халалт”-тай холбон ойлгож болно. Энэ тухай “Монголын эдийн засгийн мөчлөг ба халалт” нийтлэлээс дэлгэрэнгүй харах боломжтой.
Гадаад валютын нөөц нь өөр нэгэн чухал үүргийг гүйцэтгэдэг. Гадаад валютын нөөц өсөх нь инфляцийг тогтворжуулах хөтөлбөр амжилтанд хүрэх нэгэн хөшүүрэг болдог. Гадаад валютын нөөцийн хуримтлал хурдацтай өсөх нь инфляцийн эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээнд нөлөөлөх гадаад секторын нөлөөг бууруулдаг. Ялангуяа үндэсний валютын ханшийн тогтвортой байдлыг бий болгодог тул валютын ханшийн инфляцид дамжих нөлөө өндөртэй улс оронд чухал үүрэгтэй. Манай орны хувьд гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх шаардлага байгаа ч богино хугацаанд бүрэн стерлизацийн бодлогогүйгээр тус бодлогыг хэрэгжүүлэх нь эдийн засгийн “халалт”, улмаар өндөр инфляцийг даамжруулах эрсдэл бий.
Мөнгө болон сангийн бодлогын зохицуулалт
Хэдийгээр төсвийн болон мөнгөний үзүүлэлтүүдэд бодлогын зохицуулалт хийх нь инфляцийн эсрэг арга хэмжээ амжилттай болох магадлалыг нэмэгдүүлэх хэдий ч тус арга хэмжээ амжилттай болох хүрэлцээтэй нөхцөл биш юм. Түүнчлэн хөтөлбөр амжилтгүй болох нь бодлогын зохицуулалт хангалттай бус байсан (төсвийн алдагдал болон банкны зээлийн өсөлтийг шаадлагатай түвшин хүртэл нь бууруулаагүй)-аас шууд шалтгаалдаг байна. Төсөв, мөнгөний бодлогын төлөвт эхний зохицуулалтыг сул, хугацаа алдаж хийсэн орнуудын инфляцийг бууруулах төлөвлөгөө нь бүтэлгүйддэг бол анхны зохицуулалтыг хүчтэй, шуурхай хийсэн орнуудын төлөвөлгөө амжилттай болдог байна. Эконометрик шинжилгээний үр дүнгүүд нь төсвийн алдагдал болон банкны зээлийн өсөлтийг бууруулах нь инфляцийг бууруулах төлөвлөгөө амжилтанд хүрэх магадлалыг нэмэгдүүлдэг төдийгүй “аз”, “цаг үе”, улс төрийн хүчнүүдийн үүрэг оролцоог илэрхийлэгч хувьсагчид ч мөн адил чухал үзүүлэлт болохыг харуулдаг. Тухайн үр дүн нь эдгээр 3 хүчин зүйлс нь мөнгөний болон төсвийн бодлогын зохицуулалтаас бусад үндсэн тодорхойлогч хүчин зүйлс болохыг илэрхийлдэг.
Төсөв болон мөнгөний бодлогын зохицуулалтын аль аль нь инфляцийг бууруулахад нөлөөтэй байдал нь зээлийн өндөр өсөлтийг хяналтанд оруулсан хэдий ч төсвийн алдагдал өндөр хэвээр байх тохиолдолд инфляци буурахгүйг харуулдаг. Эсрэгээр нь төсвийн зохицуулалтыг амжилттай хийсэн хэдий ч дотоодын зээлийн өсөлт нь инфляцид нөлөөлсөн хэвээр байх тул төсвийн бодлого дангаараа инфляцийг бууруулан тогтворжуулж чадахгүй юм. Түүнчлэн хэрвээ төсвийн хумилт нь дотоод зээлийн өсөлтийг бий болгодог хөрөнгийн доштогшлох урсгалтай давхцан хэрэгжих тохиолдолд инфляцийг тогтворжуулах хөтөлбөр амжилтгүй болоход хүрдэг. Иймд төсөв, мөнгөний нэгэн зорилгын төлөөх, нягт уялдаатай, гэхдээ бие даасан бодлого нь инфляцийг буурулахад чухал үүрэгтэй юм. Манай орны хувьд эмпирик судалгааны үр дүнгүүд нь дотоодын зээл болон төсвийн зардлын өсөлт нь хугацааны хоцролттойгоор эдийн засгийн мөчлөг, инфляцитай шууд хамааралтай болохыг харуулдаг. Иймд төсөв, мөнгөний хамтын бодлого нь амжилтанд хүргэнэ. Гэхдээ сүүлийн 2007-2009 онд мөнгөний бодлого чангарах байх үед төсөв нь тэлж, мөнгөний бодлого нь сулрах үед төсөвийн бодлого нь чангарах байдал ажиглагдсан. Үүнийг төсвийн бодлогын дотоод хугацааны хоцролттой холбон тайлбарлаж болно. Харин 2010 оны хувьд эдгээр бодлого нь чангарах чиглэл (гэхдээ төсвийн алдагдал өндөр хэвээр байгааг эс тооцвол)-д хамт хэрэгжиж байна. Үүний зэрэгцээ төсөв, мөнгөний бодлогын уялдааг сайжруулах тал дээр 2008 оноос хойш нэлээд дэвшил гарч байгааг Монголбанкны 2008, 2009 оны жилийн тайлан дээрх нийтлэлээс харж болно.
No comments:
Post a Comment