Monday, August 30, 2010

Төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн чангаралт инфляциийг бууруулдаг уу?

Хураангуй

Энэхүү судалгааны ажлаар төгрөгийн ам.доллартай харьцах ханш ба инфляцийн харилцан хамаарал сүүлийн жилүүдэд хэрхэн өөрчлөгдөж ирснийг бүтцийн вектор авторегресс (SVAR) загвар ашиглан судлав. Судалгааны сонирхолтой, чухал үр дүнгүүд дараах байдалтай гарав. (i) Төгрөгийн ам.доллартай харьцах ханшийн инфляцид үзүүлэх нөлөө харьцангуй хүчтэй, ассимметрик байна. (ii) Төгрөгийн ам.доллартай харьцах ханш 6, 12 болон 18 сарын хугацаанд 10 хувиар сулрах тохиолдолд ХҮИ тус хугацаанд харгалзан 4.8, 5.8 болон 6.3 хувиар өснө. (iii) Төгрөгийн ам.доллартай харьцах ханшийн нөлөө ассимметрик тул төгрөгийн чангаралттаас шалтгаалж бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ цаашид буурна гэж үзэх боломжгүй байна. (iv) 2008 оны 10-р сараас 2009 оны 4-р сарын хоорондох төгрөгийн ам.доллартай харьцах нэрлэсэн ханшийн огцом сулралт нь ханш болон инфляцийн харилцан хамаарал өөрчлөгдөхөд хүчтэй нөлөө үзүүлжээ.

I. Удиртгал

Төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2009 оны 8 дугаар сараас 2010 оны 8 дугаар сарын хооронд 11.3 хувиар, ялангуяа сүүлийн сард 5 орчим хувиар чангарсан. Энэхүү чангаралтыг сэтгүүлчид өөр өөрийнхөөрөө тайлбарлах хандлага ажиглагдаж байна. Энэхүү нийтлэлээр Монголын эдийн засагт төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн чангаралт бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэнд ямар нөлөө үзүүлдэг болохыг бодит тоон өгөгдөл ашиглан нийтлэг арга зүйгээр судалсан судалгааны үр дүнг танилцулж байна. Уг нийтлэл нь зөвхөн хувь судлаачийн байр суурийг илэрхийлэх бөгөөд төв банк ханшийг сулруулах, чангаруулах эсвэл нэг түвшинд барих ёстой эсэхэд дүгнэлт өгөхөөс илүүтэй эмпирик судалгааны үр дүн гарсыг бусадтай хуваалцахыг зорьсон болно.

Манай улсын эдийн засаг жижиг, гадаад худалдааны хувьд нээлттэй тул дотоодын инфляцид төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн өөрчлөлтөөс шууд хамаардаг. Өөрөөр хэлбэл, валютын ханшийн өөрчлөлт нь зөвхөн импортын барааны үнийг өөрчлөх төдийгүй, импортоор орж ирдэг түүхий эдийн үнэд нөлөөлөх замаар дотоодын бараа, үйлчилгээний үнэд нөлөөлдөг. Харин инфляцийн өөрчлөлт нь олон нийтийн макро эдийн засгийн талаарх хүлээлт, төгрөгийн гадаад валюттай харьцах бодит ханшинд нөлөөлөх замаар нэрлэсэн ханшинд эргэн нөлөөлдөг. Иймд төгрөгийн ам.доллартай харьцах ханш болон инфляцийн харилцан уялдааг судлах нь мөнгөний бодлогын шийдвэр гаргалтанд онцгой чухал ач холбогдолтой юм.

Манай орны хувьд төгрөгийн гадаад валюттай харьцах ханш макро эдийн засгийн суурь нөхцлөөр тодорхойлогдон уян хатан тогтож байх зарчмыг баримтлах нь инфляцид хэр дарамт учруулах, дунд хугацаанд инфляцийг тогтвортой, нам түвшинд байлгаж чадсанаар төгрөгийн гадаад валюттай харьцах ханш, улмаар макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж чадах эсэхэд хариулт өгөхөд төгрөгийн гадаад валюттай харьцах ханш болон инфляцийн харилцан хамаарлын шинжилгээ чухал ач холбогдолтой. Иймд энэхүү судалгааны ажлаар төгрөгийн ам.доллартай харьцах ханш болон инфляцийн харилцан хамаарлын онолын үндэслэлийг танилцуулан, тус хамаарлыг өөрийн орны тоон мэдээлэлд суурилан бүтцийн вектор авторегресс (SVAR) загвараар тооцож, холбогдох асуудлаар дүгнэлт санал гаргахыг зорив.

II. Төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн инфляцид үзүүлэх нөлөө

Төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн өөрчлөлт дотоодын инфляцид шууд ба шууд бус сувгаар дамжин нөлөөлдөг.

Шууд сувгийн нөлөө нь: валютын ханшийн өөрчлөлт нь импортын бараа, түүхий эд, тоног төхөөрөмжийн үнээр дамжин дотоодын үнэд нөлөөлдөг. Төгрөгийн ханш сулрах нь үнийг хүлээн авагч Монгол улсын хувьд импортын барааны үнийг өсгөх, харин чангарах нь импортын үнэ буурахад нөлөөлдөг. Төгрөгийн ханшийн сулралтаас үүдэн импортын түүхий эд материал, тоног төхөөрөмжийн зардал өссөнөөр үйлдвэрлэлийн ахиу зардал өсч, энэ нь дотоодод үйлдвэрлэгдэх бараа үйлчилгээний үнэ өсөхөд хүргэдэг.

Шууд бус сувгийн нөлөө нь: Төгрөгийн сулралт нь дотоодын барааны гадаад зах зээл дээрх үнийг бууруулах тул цэвэр экспортыг өсгөж, улмаар нийт эрэлтийн өсөлтөөр дамжин инфляцийн дарамтыг бий болгодог. Түүнчлэн импортын бараа, бүтээгдэхүүнтэй өрсөлдөгч дотоодын компанийн хувьд гадаадын өрсөлдөгч компани ашгаа хэвээр байлгах зорилгоор үнээ өсгөсөнөөр дотоодын үйлдвэрлэгч үнээ даган өсөх тохиолдол байдаг.

Валютын ханшийн инфляцид үзүүлэх нөлөө нь хэд хэдэн хүчин зүйлсээс буюу зах зээлийн бүтэц, үнийн бодлого, тухайн үед баримталж буй валютын ханшийн бодлого, инфляци, хэрэглээний бараа, үйлчилгээний сагс дахь импортын барааны эзлэх хувь зэргээс хамаардаг.

Харин валютын ханшийн инфляцид үзүүлэх нөлөө сул, хүчтэй байхад ямар хүчин зүйлс нөлөөлдөг талаарх судалгааны гол үр дүнгүүд дараах байдалтай байдаг. Үүнд:

 Том эдийн засгийн хувьд ханшийн сулралтын дотоодын үнэд үзүүлэх нөлөө нь дэлхийн үнийн бууралт (дэлхийн эрэлт бага байсан)-тай холбоотойгоор сул байдаг. Харин жижиг эдийн засгийн хувьд валютын ханшийн сулралт нь дэлхийн үнэд нөлөө үзүүлэхгүй тул валютын ханшийн инфляцид үзүүлэх нөлөө нь бүрэн илэрдэг. Иймд жижиг эдийн засагт валютын ханшийн инфляцид үзүүлэх нөлөө илүү хүчтэй байдаг гэж үздэг.

 Сүүлийн үеийн судалгаануудад валютын ханшийн өөрчлөлтөнд хариу үйлдэл үзүүлэх зорилгоор пүүсүүд нэгж бүтээгдэхүүний үнэ болон нэгж хөдөлмөрийн зардлын зөрүү (markup)-нд зохицуулалт хийж байгаа эсэхийг шалгах болсон. Энэ төрлийн судалгааны онолын суурийг Dornbusch (1987) гаргасан бөгөөд тэрээр “Аж үйлдвэрийн зохион байгуулалтын загвар” ашиглан валютын ханшийн өөрчлөлтийн зах зээлийн төвлөрлийн байдал, импортлох хандлага, импортын болон дотоодын барааны орлуулалтанд үзүүлэх нөлөөг тайлбарласан байдаг. Эдгээр хүчин зүйлсийг ашиглан Feinberg (1986, 1989) АНУ болон Германы хувьд судлаад аж үйлдвэржсэн буюу зах зээлийн төвлөрөл багатай импортлох хандлага өндөртэй улсын хувьд валютын ханшийн дотоодын үйлдвэрлэгчийн үнэд үзүүлэх нөлөө хүчтэй байгааг харуулсан. Goldberg болон Knetter (1997) илүү сегментлэгдсэн аж үйлдвэртэй орны хувьд валютын ханшийн импортын барааны үнэд үзүүлэх нөлөө сул байдгийг харуулсан.

 Хэрвээ тухайн улсын эдийн засагт импортын эзлэх хувь нь импортлох хандлагыг сайн төлөөлдөг гэвэл импортын эзлэх хувь өндөртэй улсад валютын ханш болон импортын барааны үнийн өөрчлөлтийн дотоодын үнэд үзүүлэх нөлөө хүчтэй байдаг. Өөрөөр хэлбэл, тухайн улсын эдийн засагт импортын эзлэх хувь өсөхийн хэрээр валютын ханш болон импортын барааны дотоодын үнэд үзүүлэх нөлөө нэмэгдэж, түүний хэлбэлзлийг тайбарлахад чухал үүрэгтэй болдог.

 Зах зээлд үнэ тогтоох зарчмыг ашиглан Mann (1986) ханшийн дамжих нөлөөнд зарим макро эдийн засгийн хувьсагчид нөлөөлж болохыг харуулсан. Үүний нэг нь валютын ханшийн хэлбэлзэл гэж үзсэн. Ханшийн хэлбэлзэл өндөр байх нь импортлогчид үнээ өөрчлөхдөө илүү хашир болох, ашгийн зөрүүний зохицуулалт хийхэд бэлэн байдаг тул валютын ханшийн инфляцид дамжих нөлөөг бууруулдаг гэж үзсэн. Wei болон Parsley (1995), Engel болон Rogers (1998) нар энэхүү таамаглалыг салбарын болон бүтээгдэхүүний түвшинд эмпирик аргаар шалган энэ таамаглалыг нотолсон байдаг. Иймээс ханшийн хэлбэлзэл өндөртэй оронд ханшийн дамжих нөлөө сул байдаг байна.

 Хэрвээ пүүсүүд валютын ханш эсвэл импортын үнийн шок удаан үргэлжилнэ гэж хүлээж байвал тэд хариу үйлдэл үзүүлэхдээ шоконд дүйцэхүйц хэмжээнээс илүү хэмжээгээр үнээ өөрчлөх хандлагатай байдаг. Энэ нь ханш болон импортын үнийн дамжих нөлөөг нэмэгдүүлдэг. Иймд валютын ханш болон импортын үнийн өөрчлөлт нь удаан үргэлжилдэг улс орнуудад валютын ханш, импортын үнийн дамжих нөлөө хүчтэй байдаг.

 Mann (1986)-ын авч үзсэн макро эдийн засгийн бас нэг үзүүлэлт бол нийт эрэлтийн тодорхой бус байдал юм. Нийт эрэлтийн муруй валютын ханшийн өөрчлөлтэй холбоотойгоор шилжилт хийх нь төгс бус өрсөлдөөний орчинд импортлогчийн ашгийн зөрүүг өөрчлөх тул ханшийн дамжих нөлөө сулардаг. Хэрвээ энэ таамаглал үнэн бол нийт эрэлт (үүнийг ДНБ-ий алдагдлаар хэмжиж болно) нь өндөр хэлбэлзэлтэй байдаг улсын хувьд ханшийн инфляцид үзүүлэх нөлөө сул байхад хүрнэ.

 Taylor (2000) валютын ханшийн инфляцид үзүүлэх нөлөө нь эдийн засагт ерөнхийдөө инфляцийн орчин зонхилж байгаа эсэхээс хамаардаг болохыг харуулсан. Өөрөөр хэлбэл, өндөр инфляцитай үед валютын ханшийн шок нь хүлээлтээр дамжин инфляцид үзүүлэх нөлөө нь илүү хүчтэй байдаг байна.

 MacCarthy (2000) импортын эзлэх хувь өндөр, удаан үргэлжилдэг, бага хэлбэлздэг валютын ханштай, ДНБ-ний хэлбэлзэл нь бага бөгөөд өрсөлдөх чадвар султай улс орнуудад валютын ханшийн инфляцид үзүүлэх нөлөө хүчтэй байдгийг харуулсан байдаг.
Эдгээр судалгааны үр дүнд суурилан манай орны хувьд төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн инфляцид дамжих нөлөөний хүчийг тодорхойлох зарим хүчин зүйлсийг тооцов.

Манай эдийн засагт импортын эзлэх хувь харьцангуй өндөр (2008 онд 75 хувьд хүрсэн), ХҮИ-ийн сагсын 30.3-32.6 хувийг импортын бараа бүрдүүлдэг, сүүлийн жилүүдэд ханшийн хэлбэлзэл, ДНБ-ий алдагдлын хэлбэлзэл харьцангуй бага, харин инфляци өндөр байсан зэргээс валютын ханшийн инфляцид үзүүлэх нөлөө харьцангуй хүчтэй байх урьдач нөхцөл ажиглагдаж байна.

Сүүлийн 11 жилд төгрөгийн ам.доллартай харьцах ханшийн сарын өөрчлөлтөөс ажиглахад 90 сард нь суларч, харин 43 сард нь чангарсан байна. Мөн нэг сарын дундаж сулралт 0.8 хувь байгаа бол нэг сарын дундаж чангаралт 0.53 хувь байна. Эндээс харахад валютын ханшийн инфляцид дамжих нөлөө асимметрик байх нөхцөл хангагдаж байна. Өөрөөр хэлбэл, төгрөгийн ханш сулрах нь хэрэглээний бараа, бүтээгдэхүүнийг өсгөх чиглэлд нөлөөлөх хэдий ч, төгрөгийн ханш чангарах нь үнэ буурахад нөлөөлдөггүй байж болохоор байна.

Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш болон инфляцийн харилцан нөлөөллийн урт болон богино хугацааны мэдрэмж (нөлөөллийн хугацааны хоцролт бүр дээрх мэдрэмж)-ийг тодорхойлохдоо McCarthy (2000)-ын бүтцийн вектор авторегресс (SVAR) загвар буюу шоконд үзүүлэх хариу үйлддлийн функцыг ашиглав. Энэхүү арга зүйг нь ОУВС болон төв банкууд Африк, Европ болон Латин америкийн орнуудын энэ төрлийн судалгаанд өргөн ашигласан байдаг.

SVAR загварын системд (i) шатахууны үнийн индекс; (ii) дотоодын нийт бүтээгдэхүүн; (iii) төгрөгийн ам.доллартай харьцах сарын дундаж ханш; (iv) хэрэглээний үнийн индекс; (v) M1- бага мөнгө гэсэн 5 хувьсагч оруулсан бөгөөд үнэлгээнд 1998 оны 1 дүгээр сараас 2009 оны 7 дугаар сарын хоорондын тоон мэдээллийг хамруулав. Эдгээр тоон мэдээллийг ҮСХ болон Монголбанкны сарын статистикийн мэдээллээс авав. Сарын ДНБ-ийг Калман филтeрын аргаар улирлын ДНБ-ээс задлан тооцсон бөгөөд тус өгөгдөлд улирлын хэлбэлзэл хүчтэй ажиглагдаж байгаа тул улирлын зохицуулалтыг Census X12-ARIMA аргаар хийв. Харин бусад хувьсагчдын хувьд улирлын зохицуулалт хийгээгүй бөгөөд бусад нэгж язгуурын ADF тестийн үр дүнгээс үзэхэд бүх үзүүлэлтүүд тогтворгүй гэсэн тэг таамаглалыг 5%-ийн ач холбогдлын түвшинд үл няцааж байгаа тул үзүүлэлтийн логарифмаас ялгавар авч загварт оруулсан.

Манай орны хувьд төгрөгийн ам.доллартай харьцах ханшид тухайн сард гарсан өөрчлөлт 9 сарын турш сарын инфляцийг өсгөх чиглэлд нөлөөлдөг бөгөөд 10 дахь сараас нөлөө нь бүрэн арилдаг болохыг SVAR загварын импульсийн хариу үйлдлийн функцын үр дүн харуулж байна. Энэхүү импульсийн хариу үйлдлийн функцыг ашиглан төгрөгийн ам.доллартай харьцах ханшийн өөрчлөлтийн ХҮИ-т үзүүлэх нөлөөллийн мэдрэмжийг хугацааны ялгаатай түүврийн хувьд тооцсон.

Үр дүнгээс үзэхэд төгрөгийн ам.доллартай харьцах ханшийн өөрчлөлтийн ХҮИ-т үзүүлэх нөлөө 1998-2005 оны хооронд харьцангуй сул буюу богино хугацааны хамгийн өндөр мэдрэмж нь 0.35, урт хугацааны мэдрэмж нь 0.28 байсан бол 1998-2007 оны түүврийн хувьд богино хугацааны хамгийн өндөр мэдрэмж нь 0.41, урт хугацааны мэдрэмж нь 0.39 болж өсчээ. Харин нийт түүвэр буюу 1998 оны 1 дүгээр сараас 2009 оны 7 дугаар сарын хоорондох мэдээлэлд суурилсан үнэлгээний хувьд богино хугацааны хамгийн өндөр мэдрэмж нь 0.51, урт хугацааны мэдрэмж нь 0.43 болж өссөн байна. Ийнхүү сүүлийн жилүүдэд төгрөгийн ам.доллартай харьцах ханшийн дотоодын үнэнд үзүүлэх нөлөө өсөхөд импортын хэмжээ огцом өссөн, 2007-2008 онд инфляци огцом өссөн, 2005-2007 онд ХҮИ-ийн сагсан дахь импортын барааны эзлэх хувийн жин өссөн, 2007-2008 онд эдийн засагт “халалт”-ын шинж тэмдэг илэрсэн зэрэг голлон нөлөөлөв.

2008 оны 4 дүгээр улирал болон 2009 оны 1 дүгээр улиралд төгрөгийн ам.доллартай харьцах ханш огцом суларсан (тухайлбал, төгрөгийн ам.доллартай харьцах Монголбанкны зарласан ханш 2008 оны 10 дугаар сараас 2009 оны 3 дугаар сарын хооронд 26.3 хувиар, харин валют арилжааны цэгүүдийн дундаж ханш 33.5 хувиар суларсан) хэдий ч инфляци хүчтэй өсөөгүй байдал нь төгрөгийн ам.доллартай харьцах ханшийн өөрчлөлтийн инфляцид үзүүлэх нөлөө буурч үнэлэгдэхэд нөлөөлсөн байх боломжтой. Иймд тус огцом сулралтын нөлөөг судлахын тулд төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн инфляцид дамжих нөлөөний мэдрэмжийг 1998 оны 1 дүгээр сараас 2008 оны 10 дугаар сар (ханшийн огцом сулралтаас өмнөх үеийн түүвэр) болон 1998 оны 1 дүгээр сараас 2009 оны 7 дугаар сарын хоорондох түүврийн хувьд тооцсон.

Үр дүнгээс үзэхэд 2008 оны сүүл 2009 оны эхээр үүссэн төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн огцом сулралттай холбоотойгоор төгрөгийн ам.доллартай харьцах ханшийн өөрчлөлтийн инфляцид үзүүлэх нөлөө буурсан байна. Тухайлбал, урт хугацааны мэдрэмж 0.08 нэгжээр буурч 0.43 болжээ. Ийнхүү ханшийн инфляцид дамжих нөлөө буурахад голлон дэлхийн санхүү, эдийн засгийн хямралын дотоод эдийн засаг дахь нөлөөтэй холбоотой бий болсон эдийн засаг дахь мөнгөний дутагдал, эдийн засгийн уналт, шатахуун болон хүнсний бүтээгдэхүүний үний бууралт, төгрөгийн ам.доллартай харьцах ханш огцом суларсантай холбоотой импортын хэмжээ буурсан зэрэг голлон нөлөөлөв.

Төгрөгийн ам.доллартай харьцах ханш 1 хувиар сулрах эсвэл чангарах тохиолдолд хэрэглээний бараа, бүтээгэдхүүний үнийн индекс (ХҮИ)-т ямар өөрчлөлт гарахыг судлах зорилгоор ханшийн дамжих нөлөөллийн мэдрэмжийг хариу үйлдлийн функцээс тооцов.
Үр дүнгээс үзэхэд төгрөгийн ам.доллартай харьцах ханш 1 хувиар өөрчлөгдөхөд ХҮИ-т эхний улиралдаа бараг нөлөөгүй бол 6 сарын дараагаас нөлөө нь нэмэгдэж 9-12 сарын дараа хамгийн их түвшиндээ хүрдэг хандлага бүх түүврийн хувьд ажиглагдаж байна. Өнөөдрийг хүртэл хамарсан түүврийн үнэлгээнээс үзэхэд манай эдийн засагт төгрөгийн ам.доллартай харьцах ханш 6,12 болон 18 сарын хугацаанд 10 хувиар өөрчлөгдөх тохиолдолд тус хугацаанд ХҮИ харгалзан дунджаар 3.1, 4.1 болон 4.3 хувиар өөрчлөгдөх тооцоо гарч байна. Энэхүү нөлөө сүүлийн 1 жилийн хугацаанд буурч буй хэдий ч бусад хөгжиж буй болон шилжилтийн эдийн засагтай орнуудтай харьцуулахад өндөр хэвээр байгаа юм.

Манай орны хувьд валютын ханшийн инфляцид үзүүлэх нөлөө асимметрик эсэхийг тодорхойлохдоо багасгасан VAR (4) загвар ашиглан төгрөгийн ханшийн сулралт болон чангаралтын инфляцид үзүүлэх нөлөө тэнцүү гэсэн таамаглалыг Wald тестээр шалгав. Үр дүнгээс үзэхэд манай орны хувьд валютын ханшийн инфляцид үзүүлэх нөлөө ассимметрик байна. Валютын ханшийн инфляцид үзүүлэх нөлөө ассимметрик байгаа тул төгрөгийн ам.доллартай харьцах ханшийн сулралт болон чангаралтын бараа, бүтээгдэхүүний үнэнд үзүүлэх мэдрэмжийг тус тусад нь тооцов.

Эндээс үзэхэд төгрөгийн ханш суларснаар бараа, бүтээгдэхүүний үнэ өсөх мэдрэмж нь ханш чангарснаар бараа, бүтээгдэхүүний үнэ буурах мэдрэмжээс өндөр байна. Төгрөгийн ханш суларснаар бараа, бүтээгдэхүүний үнэ эхний 6 сарын турш өсдөг болохыг статистикийн хувьд хүлээн авах боломжтой бол төгрөгийн харьцах ханш чангарснаар үнэ төдийлөн буурдаггүй болохыг хариу үйлдлийн функцын үр дүн харуулж байна. Тухайлбал, төгрөгийн ханш 3, 6, 12 сарын хугацаанд 10 хувиар сулрах тохиолдолд ХҮИ тус хугацаанд харгалзан 5.0, 4.8, 5.8 хувиар өсөхөөр байна. Иймд валютын ханшийн тогтвортой байдлыг хангах нь инфляци, улмаар нийгмийн амьжиргааны түвшинг хамгаалахад чухал ач холбогдолтой байхаар байна. Харин төгрөгийн ханш 6, 12 сарын хугацаанд 10 хувиар чангарах тохиолдолд ХҮИ тус хугацаанд 2.4, 0.6 хувиар буурах боломжтой гэж тооцогдож байгаа хэдий ч үнэ баттай буурна гэж статистикийн хувьд үзэх боломжгүй байна.

III. Судалгааны үр дүн юу харуулав?

 Төгрөгийн гадаад валюттай харьцах нэрлэсэн ханш болон инфляцийн хоорондын харилцан хамаарал хүчтэй хэвээр байгаа тул төв банк валютын зах зээл дээр төгрөгийн ам.доллартай харьцах ханш дунд хугацааны “тэнцвэрт” түвшнээс зөрөх хэлбэлзэлийг багасгах, богино хугацааны ханшны цочмог өөрчлөлтөөс хүлээж болох эрсдлийг бууруулах чиглэлд оролцох нь зүйтэй юм.

 Манай эдийн засагт валютын ханшийн өөрчлөлтийн инфляцид үзүүлэх нөлөө ассимметрик байгаа тул төгрөгийн ханшийн богино хугацааны хүчтэй сулралтаас сэргийлэхэд илүүтэй анхаарах, харин инфляцийн дарамтыг бууруулах зорилгоор ханшийг чангаруулах бодлого нь төдийлөн үр ашигтай бус байна. Учир нь ханшийг чангаруулах бодлого нь гадаад валютын цэвэр албан нөөцийг бууруулахын зэрэгцээ экспортын барааны өрсөлдөх чадвар муутгаж, “ханшийн довтолгоо”-нд орох эрсдлийг нэмэгдүүлэх атлаа бараа, үйлчилгээний үнийг бууруулахааргүй байна.

 Төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн сулралт болон хүнс, шатахууны үнийн өсөлт, түүний “хоёрдах үеийн нөлөө”-гөөр инфляцийн өсөх дарамт өндөр байгаа үед мөнгөний бодлогын хүүний нөлөө тодорхой болох хүртэл богино хугацаанд эдийн засаг дахь мөнгөний балансыг хангахад чиглэсэн мөнгөний бодлого явуулах нь зүйтэй байна. Учир нь тус бодлогыг хэрэгжүүлснээр инфляцийн тогтвортой байдлыг хангаж чадахын зэрэгцээ эдийн засгийн мөчлөгийн сөрөг нөлөөг бууруулах боломжтой юм.

 Төгрөгийн гадаад валюттай харьцах нэрлэсэн ханшийг дан ганц мөнгөний бодлогын арга хэрэгслээс гадна тогтвортой, нам түвшний инфляцийг хангахад чиглэсэн макро эдийн засгийн бодлогоор ч зохицуулах боломжтой болохыг тус судалгааны үр дүн харуулав. Иймд санхүү болон макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эдийн засгийн мөчлөг сөрсөн хэлбэрээр хэрэгжих чиглэлд төсөв, мөнгөний бодлогын харилцан уялдааг сайжруулах нь хямралын сөрөг нөлөөг богино хугацаанд хохирол багатай даван туулахад чухал байна.

No comments: