Monday, August 30, 2010

Инфляцийг бууруулах сургамжаас...

Энэхүү нийтлэлийг бичихдээ Hamann & Prati (2002) нарын “Яагаад инфляцийг бууруулах хөтөлбөрүүд бүтэлгүйтдэг вэ? Аз, цаг үе болон улс төрийн хүчний ач холбогдол” судалгааны ажлын сонирхолтой үр дүнг ашиглав. Уг судалгааны ажил нь яагаад инфляцийн эсрэг арга хэмжээнүүд амжилтгүй болсон шалтгааныг 51 тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд эмпирик аргаар тодорхойлсноороо онцлог юм.

Өндөр инфляцитай нүүр тулгарсан орнууд инфляцийн эсрэг олон төрлийн арга хэмжээг хэрэгжүүлсэн хэдий ч түр хугацаанд л тэдний зөвхөн зарим нь амжилт олсон байдаг. Инфляцийг тогтворжуулах хөтөлбөр амжилтгүй болсон хамгийн түгээмэл жишээгээр 1970, 1980-аад оны Латин америкийн орнуудыг нэрлэж болох юм. Тухайн үед зарим Латин америкийн орнууд, тухайлбал 1980-аад оны дунд үед Боливи, 1990-ээд оны эхээр Перугийн авч хэрэгжүүлсэн инфляцийг бууруулах арга хэмжээ нь гайхалтай амжилтанд хүрсэн. Латин америкаас бусад орны хувьд 1980-аад онд Израилийн хөтөлбөр амжилттай хэрэгжсэн бол, 1970-аад оны дунд үед Исландын хөтөлбөр бүтэлгүйтэж, хожим буюу 1980-аад оны дунд үед амжилтанд хүрсэн байдаг. Ийнхүү тогтворжуулах хөтөлбөр амжилттай хэрэгжих эсэхэд юу нөлөөлдөг вэ? гэсэн асуулт бодлого боловсруулагдын төдийгүй энгийн иргэний хувьд ч сонирхолтой асуулт юм. Өндөр инфляцийн үед ихэнх улс орон макро бодлогын “стандартлагдсан” арга хэмжээг бие даан эсвэл ОУВС зэрэг олон улсын байгууллагын тусламжтайгаар хэрэгжүүлдэг. Тухайлбал, ихэнх тохиолдолд төсөв, мөнгөний хумих бодлогыг хэрэгжүүлдэг. Гэвч бодит байдал дээр тус “стандарт” бодлого яагаад улс орнуудад харилцан ялгаатай үр дүнд хүрдгийг тухайн улсын институциаль хүчин зүйлсийн ялгаагаар тайлбарладаг. Ялангуяа хөгжиж буй орнуудын хувьд тухайн хүчин зүйлсийн нөлөө илүү чухал үүрэгтэй болохыг эдийн засгийн бүхий л чиглэлийн судалгаа онцолдог билээ.

Иймээс тус нийтлэлээр хөгжиж буй орны хувьд инфляцийг тогтворжуулах арга хэмжээ амжилттай хэрэгжих эсэхэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх үеийн гадаад зах зээлийн орчин буюу “аз”, хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэх үеийн эдийн засгийн анхны төлөв болон улс төрийн хүчний үүрэг оролцоо яагаад зайлшгүй чухал ач холбогдолтой болохыг танилцуулахыг зорив. Ингэхдээ бусад орны хувьд ажиглагддаг нийтлэг үр дүнг Монголын инфляци өндөр байсан 2007-2008 болон 2010 онуудын нөхцөл байдал, авч хэрэгжүүлсэн арга хэмжээтэй харьцуулснаараа онцлогтой.

Бодлогын бус макро эдийн засгийн хувьсагчид (бодит валютын ханш, ДНБ-ий өсөлт болон гадаад валютын нөөц) бoлон бодлогын хувьсагчид (мөнгөний болон төсвийн үзүүлэлтүүдийн зохицуулалт)-ын өөрчлөлт нь ерөнхийдөө инфляцийг тогтворжуулахад одоо хэр нь нөлөөтэй хэдий ч зарим орны хувьд дээр дурьдсан 3 хүчин зүйлс нь илүү чухал үүрэгтэй юм. Тус хандлага нь макро эдийн засгийн хувьсагчдын зохицуулалт нь анхны нөхцөл болон улс төрийн хүчин зүйлсээс хамаардаг болохыг тайлбарлах хэдий ч макро эдийн засгийн бодлогууд инфляцийг бууруулахад ач холбогдолгүй гэдгийг илэрхийлдэггүй.

Гадаад зах зээлийн орчин буюу “аз” чухал үүрэгтэй

Бараа, үйлчилгээний үнэ болон цалинг тогтворжуулахыг хичээж буй үетэй гадаад сөрөг нөлөө (экспортын барааны эрэлт буурах, импортын барааны үнэ өсөх гэх мэт) давхцах тохиолдолд инфляцийг бууруулах оролдлого амжилтгүй болох магадлал өндөр байдаг. Тухайлбал, АНУ-ын холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ өсгөх нь ялангуяа капиталын урсгал чөлөөтэй улс орон (ийм орны нэгээр Монголыг нэрлэж болно)-ны хувьд инфляцийг бууруулах бодлого амжилтгүй болох аюулыг дагуулж болдог. Тус хүүний өсөлт нь хөгжиж буй, жижиг эдийн засагт шууд гэхээс илүүтэй шууд бусаар, тухайлбал дэлхийн зах зээл дээрх эрэлт, үнийн өөрчлөлтөөр дамжин нөлөөлдөг. Эдгээр гадаад хүчин зүйлсийн өөрчлөлт нь дотоод эдийн засгийн бодлогын болон бодлогын бус хувьсагчдын нөлөөг арилгасны дараа ч инфляцид ач холбогдолтой нөлөөлдөг болохыг эмпирик үр дүнгүүд харуулдаг. Түүнчлэн гадаад хүчин зүйлсийн цочмог өөрчлөлтүүд нь дотоод макро эдийн засгийн хувьсагчдаар дамжин анх хүлээж байснаас ч илүү хүчтэй нөлөөг эдийн засагт бий болгодог. Иймд инфляцийг тогтворжуулах бодлогыг хэрэгжүүлэх үеийн гадаад зах зээлийн орчин буюу тухайн орон “аз”-тай эсэх нь хөтөлбөр амжилттай хэрэгжих эсэхийг тодорхойлох зайлшгүй нэг чухал хүчин зүйл болдог.

Монголын 2007-2008 оны өндөр инфляцийн үед гадаад зах зээлийн орчин тийм таатай байгаагүй. Анх инфляци мах, шатахууны үнийн өсөлт болон өмнөх жилүүдийн өндөр мөнгө, эрэлтийн өсөлтөөр өдөөгдсөн хэдий ч цаашдын өөрчлөлтөнд гадаад хүчин зүйлс тэргүүлэх үүрэг гүйцэтгэсэн. Хэдийгээр тухайн үед гол экспортын бүтээгдэхүүн болох алт, зэсийн дэлхийн зах зээл дээрх үнэтэй байж, гадаад худалдаа болон төсөв ашигтай байсан хэдий ч дэлхий нийтээр хүнсний хомсдолд орж, хүнсний бүтээгдэхүүний үнэ болон түүхий нефтийн дэлхийн зах зээл дээрх үнэ түүхэнд байгаагүй хамгийн өндөр түвшиндээ хүрсэн билээ. Энэ нь инфляци нь импортын бараа (ургамлын тос, цагаан будаа, шатахуун, гурил гэх мэт)-ны үнийн огцом өсөлтөөр үргэлжлэхэд хүрсэн. Үүнээс гадна манай орны гадаад худалдааны гол түнш болох БНХАУ өмнөх 20 жилд байнга 10-аас дээш хувийн өсөлттэй явж ирсэн нь эдийн засгийн “хэт халалт”-нд хүргэж, дотоод инфляцийн дарамтыг нэмэгдүүлсэн нь Монголын инфляци өсөхөд дам нөлөөлсөн. Хойд хөрш болох ОХУ-ын хувьд ч инфляци өндөр түвшинд хүрээд байсан билээ. Иймд тухайн үед Засгийн газар болон төв банкнаас хэрэгжүүлсэн инфляцийг бууруулах бодлого нь “аз”-гүй гэсэн ангилалд багтахаар байна. Харин 2010 оны инфляцийн хувьд гадаад хүчин зүйлс гэхээс илүүтэй дотоодын мах, гурилын нийлүүлэлтээс илүүтэй хамааралтай байна. Нөгөө талаас экспортын гол нэрийн бүтээгдэхүүний үнэ өндөр, харин импортын, ялангуяа түүхий нефтийн үнэ харьцангуй нам түвшинд байна. Иймд 2010 оны инфляцийг тогтворжуулах бодлого нь “аз”-тай ангилалд багтаж болох юм.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх цаг үе болон анхны нөхцлүүд

Инфляцийг тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэхээс өмнөх макро эдийн засгийн төлөв байдал нь инфляцийг тогтворжуулахад ямар арга хэмжээ илүү үр дүнтэй байх талаарх хэд хэдэн боломжит онолын таамаглал дэвшүүлэх боломжийг олгодог.

Сүүлийн бүтэлгүйтэл нь амжилт олох боломжийг бууруулдаг. Инфляцийг тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэх хүртлээ удаан хугацаанд өндөр инфляцитай явсаар ирсэн оронд уг хөтөлбөр амжилтгүй болох магадлал өндөр байдаг. Учир нь өндөр инфляци удаан хугацаанд үргэлжлэх нь индексжүүлэлтийн практикийг бий болгодог тул үнийн тогтворжуулалтыг амжилттай хэрэгжүүлэхэд илүү хүндрэл учруулдаг. Учир нь энэ оны инфляци 20 хувь байснаас дараа оны эхэнд цалинг 20 хувиар өсгөсөн (индексжүүлэлт хийсэн) гэе. Энэ цалингийн өсөлт нь эрэлтийг нэмэгдүүлж, дараагийн жил инфляци дахиад өндөр хувиар өсөхөд хүрэх бөгөөд индексжүүлэлт байгаа тохиолдолд энэ цикл өөрөө хэзээ ч зогсохгүй. Монголын эдийн засагт өндөр инфляцитай эсвэл түүний дараа жил нь төрийн албан хаагчдын цалинг мөн адил өндөр хувиар өсгөх хандлага бий. Энэ нь дараагийн инфляцийг даллахад хүргэдэг. Иймд цалинг салбар бүрээр улирлуудад бага хувиар өсгөх бодлогын хувилбар нь энэ төрлийн инфляцийг бий болгохгүй байхад чухал үүрэгтэй.

Инфляцийг тогтворжуулах арга хэмжээ анх үр дүнд хүрч байсан эсэх нь дараагийн жилүүдэд хөтөлбөр амжилттай хэрэгжих эсэхэд шууд нөлөөтэйн зэрэгцээ олон нийтийн зүгээс бодлого боловсруулагчдад итгэх итгэл бий болоход ч чухал нөлөөтэй. Иймд инфляцийн эсрэг стратеги амжилттай хэрэгжих эсэх нь тухайн орны өмнөх үеүдийн инфляцийн туршлага, бодлого боловсруулагчдын одоогийн авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон нэр хүндээс ихээхэн хамаардаг. Монголын эдийн засагт инфляци нийлүүлэлтийн хүчин зүйлсийн өөрчлөлтөнд маш өртөмтгий тул инфляцийг зорилтот түвшинг ханган ажиллах боломж хомс юм. Энэ байдал нь олон нийтийн бодлого боловсруулагчдад итгэх итгэлийг бууруулж, эдийн засагт ирээдүйн үнийн өсөлтийн талаарх тодорхой бус байдал байсаар байна.

Анхны муу нөхцлүүд ч хөтөлбөр амжилттай хэрэгжихэд тусалж болдог. Эдийн засгийн нөхцөл байдал гэнэт муудах буюу “хямралын урьдач нөхцөл”-д тулсан үед инфляцийг тогтворжуулах арга хэмжээ, стратегийн талаар улс төрийн хүрээнд нэгдсэн зөвшилцөлд хүрч хөтөлбөрийг шуурхай хэрэгжүүлэхэд тусалдаг. Тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэхээс өмнөх инфляци өндөр түвшинд (гэхдээ урт хугацаанд бус өмнөх хэдэн сард) байх нь хөтөлбөр амжилттай хэрэгжих магадлалыг нэмэгдүүлдэг болохыг зарим үр дүн харуулсан байдаг. 2007-2008 оны болон 2010 онуудад хамтарсан Засгийн газар төрийн эрхэнд байгаа тул төсвийн бодлогын дотоод хугацааны хоцролтыг бууруулсан гэж үзэж болно.

Зарим анхны сайн нөхцлүүд хөтөлбөр амжилттай хэрэгжихэд тусалдаг. Тогтворжилтын эхний үед гадаад валютын нөөц харьцангуй өндөр түвшинд байх нь бодлого боловсруулагчдын хувьд хөтөлбөрийн эхний үед бий болж болзошгүй сөрөг нөлөө болон хөтөлбөр бүтэлгүйдэх магадлалыг бууруулах нэгэн төрлийн даатгал болж өгдөг. Түүнчлэн бодлого боловсруулагчид тогтворжуулах төлөвлөгөөг хэзээ эхлүүлэхээ нарийн тооцож, сонгох чадвартай байх ёстой. Ялангуяа мөнгөний бодлогын хувьд хэзээ чангаруулж эхлэх вэ?, ямар хэрэгслээр хэр хүчтэй чангаруулах вэ?, хэзээ чангаруулах бодлогоо сулруулж эхлэх вэ? гэсэн 3 асуулт тавигддаг. Хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэх хугацааг зөв товлох нь тогтворжуулалтын төлөвлөгөөний эцсийн үр дүнг тодорхойлохтой нэгэн адил чухал зүйл юм. Үүний зэрэгцээ тогтворжуулалтын эхний үе дэх бодлогын хувилбарын сонголтыг ул суурьтай гаргах нь туйлаас чухал байдаг. Монголын эдийн засагт бодлогын шийдвэрүүд ирээдүйг харж гэхээс илүүтэй дискрет шинжтэй гардаг тул бодлогыг хугацаа хоцорч хэрэгжүүлэх хандлага ажиглагддаг. Тухайлбал, инфляцийн хувьд 10 хувь хүртэл нь мөнгөний бодлогын төлөв байдалд чангаруулах чиглэлийн өөрчлөлт бараг ордоггүй бол төсвийн бодлого нь өмнөх оны 10 дугаар сард батлагдсан төсвийн тухай хуулийн дагуу төсвийн алдагдал өндөр хэвээр зарцуулалт хийгддэг. Энэ байдал нь инфляцийг богино хугацаанд хязгаарлах боломжийг алдагдуулдаг.

Валютын ханшид суурилсан тогтворжуулалт нь илүү амжилттай байдаг. Мөнгөний болон төсвийн үзүүлэлтүүдийн нөлөөллийг арилгасны дараа валютын ханшийн тогтвортой байдал нь инфляцийн тогтвортой байдал, түүний бууралтад хувь нэмрээ оруулдаг болох нь эмпирик үр дүнгүүдээр тогтоогддог. Энэ нь валютын ханшийн тогтвортой байдал нь олон нийтэд мөнгөний ханш тогтвортой байх хүлээлтийг бий болгодгоор тайлбарлагдана. Зарим улс орны хувьд валютын ханшаас гадна бусад нэрлэсэн үзүүлэлтүүдийг зорилт болгох замаар инфляцийг тогтворжуулах арга хэмжээг хэрэгжүүлдэг. Хөтөлбөр амжилттай хэрэгжих эсэхэд олон чухал хүчин зүйлс нөлөөлдгийн нэг нь нэрлэсэн үзүүлэлтүүд, тэдгээрийн зорилтот түвшнийг оновчтой сонгох явдал байдаг. Монголбанкны хувьд 7 хоногтой ТБҮЦ-ны хүү, түүний хэмжээг бодлогын гол хэрэгсэл болгож, үйл ажиллагааны болон завсрын зорилтоор мөнгөний агрегатуудыг сонгон ажилладаг. Манай орны хувьд валютын ханшийн инфляцид дамжих нөлөө 5-8 сарын хоцролттой бөгөөд төгрөгийн ам.доллартай харьцах ханшийн өөрчлөлтийн 45 хувь нь үнийн өсөлтөнд шилждэг буюу бусад оронтой харьцуулахад харьцангуй хүчтэй нөлөөтэй. Иймд валютын ханшийн тогтвортой байдал нь инфляци нам, тогтвортой байхад эерэг нөлөөтэй. Гэхдээ манай орны хувьд валютын ханшийн инфляцид дамжих нөлөө нь ассимметрик бөгөөд төгрөгийн ханш суларсан үед л үнийн өсөлтийг дагуулах бол чангарсан үед бараа, үйлчилгээний үнэ буурдаггүй болох нь статистикийн хувьд нотлогддог. Иймд төгрөгийн ам.доллартай харьцах ханшийг чангаруулах бодлого нь инфляцийг бууруулахад ямар ч нөлөөгүй төдийгүй бодит валютын ханш тэнцвэрт түвшнээс хэт үнэлэгдэхэд хүргэх эсрдэлтэй. Хэт үнэлэгдэх нь эргээд төлбөрийн тэнцлийн болон валютын ханшийн хямралыг далладаг билээ.

Санхүүгийн салбар нь нээлттэй улс орнуудын хувьд инфляцийг тогтворжуулах арга хэмжээ амжилттай хэрэгждэг. Инфляцийг тогтворжуулах хөтөлбөрийн эхний үед капиталын шилжилт чөлөөтэй байх нь хөтөлбөр амжилттай хэрэгжих боломжийг нэмэгдүүлдэг. Гэхдээ энэхүү чөлөөтэй байдал нь дээр өгүүлсэнчлэн гадаад шокын нөлөөг нэмэгдүүлэх талтай байдгийг анхаарах шаардлагатай. Мөн урсгал тэнцэл илүү чөлөөтэй байх нь инфляцийн эсрэг арга хэмжээ амжилттай хэрэгжихэд хувь нэмэр оруулдаг болохыг эмпирик үр дүн харуулдаг. Манай орны хувьд гадаад худалдаа болон хөрөнгийн урсгалын либералчлалыг 1990-ээд оны дунд үе гэхэд хийсэн тул эдгээр либералчлалыг эерэг, сөрөг талын аль аль нь ажиглагддаг.

Улс төрийн гүйцэтгэх үүрэг

Тухайн улсын төрийн бүтэц, улс төрийн намуудын бат бөх байдал болон бусад шинж чанарууд инфляцийг тогтворжуулах төлөвлөгөө нь амжилттай хэрэгжих эсэхэд чухал үрэгтэй.

Он удаан жилийн түүхтэй улс төрийн нам төрийн эрхэнд байх үед инфляцийг тогтворжуулах бодлого хэрэгжүүлэхэд амжилт олох нь илүү байдаг. Учир нь тухайн улс төрийн нам эдийн засгийн харилцан ялгаатай орчинд тохирсон бодлого хэрэгжүүлэх тал дээр илүү туршлагатай юм. Дээрх дүгнэлт нь улс төрийн тогтворгүй байдал нь өндөр инфляцийг бий болгохоос гадна эрх баригчид сеньораж (мөнгө үйлдвэрлэх үйл ажиллагаа)-ийг орлогынхоо ганц эх сурвалж болгох явдлыг өөгшүүлдэг гэдэг үзэлтэй нийцтэй юм. Монголын хувьд уг дүгнэлтийг шууд хэрэглэх нь учир дутагдалтай байж болох бөгөөд гол нь төрийн бодлогын залгамж хадгалагдах нь юу юунаас илүү чухал билээ.

Гүйцэтгэх засаглал буюу засгийн газар нь хүчтэй улс орнуудын хувьд инфляцийн эсрэг төлөвлөгөө амжилт олох магадлал нь мөн өндөр байдаг. Гэхдээ ардчилсан бус нийгэмтэй улс орнуудын хувьд энэ дүгнэлт няцаагддаг бөгөөд харин ерөнхийлөгчийн засаглал нь засгийн газрын зардлыг хязгаарлах чадвар өндөртэй байдаг гэсэн онолыг баталсан үр дүн юм. Учир нь бүгдийг нэг гарт төвлөрүүлж чадсанаар дээрх арга хэмжээг амжилттай явуулах боломж бүрддэг гэж тайлбарладаг. Гэхдээ төрийн засаглалын бүхий л хэлбэрт өөр өөрийн давуу, сул тул байдаг. Манай орны хувьд үндсэн хуулиндаа парламентийн засаглалтай байхаар заасан.

Сонгууль нь мажоритар зарчмаар явагддаг ардчилсан улс орнуудын хувьд мөн амжилт олох хандлагатай байдаг. Сонгуулийн зарчим нь мажоритар байвал инфляцийг тогтворжуулах хөтөлбөр нь бүтэлгүйтэх магадлал буурдаг эмпирик үр дүн ажиглагддаг. Мажоритар сонгуулийн зарчим нь засгийн газрын зардал болон алдаглыг бага байлгахад түлхэц үзүүлдэг бөгөөд энэ утгаараа инфляцийн татварыг бууруулдаг. Манай орны хувьд парламентийн сонгууль нь уг зарчмаар явагдаж, 76 гишүүний олонхийн шийдвэрээр төсвийн хууль батлагддаг тул энэ төрлийн нөлөө байгааг үгүйсгэх аргагүй. Гэхдээ УИХ-ийн тойргууд дахь 76 тэрбум төгрөг (2010 оны байдлаар) нь уг дүнгээрээ төсвийн алдагдлыг бий болгосон. Энэ агуулгын үүднээс төсвийн алдагдлыг бууруулж, инфляцийг хязгаарлаж байна гэж үзэх боломж бага юм.

Шинээр байгуулагдсан засгийн газрын хувьд амжилт олох магадлал өндөр байдаг. Гурваас доош жилийн хугацаанд төрийн дээд албанд тушаалд ажиллаж буй албан тушаалтнуудын хувьд инфляцийн эсрэг төлөвлөгөөг амжилттай хэрэгжүүлэх хандлагатай байдаг. Учир нь шинээр сонгогдсон засгийн газрын хувьд тухайн инфляцийн түвшинг тогтоон барих чадвартай эсэх болон тухайн инфляцийг үнэхээр хүсч байгаагаас үл хамааран инфляцийг бага байлгахыг хичээдэг болох нь тогтоогддог. Үүний шалтгаан нь төрийн эрхэнд удаан хугацаагаар ажилласан, цаашид ч ажиллах сонирхол бүхий этгээдүүдийн хувьд улс төрийн капитал буюу нэр хүндээ алдахгүйн тулд илүү популист шинжтэй арга хэмжээг түлхүү авч хэрэгжүүлдэг. Харин шинэ засгийн газрын хувьд улс төрийн нэр хүндээс илүүтэйгээр инфляцийг бууруулахад шаардлагатай арга хэмжээг бүрэн хэрэгжүүлж чаддаг. Манай орны хувьд Засгийн газрын гишүүд нь УИХ-ын гишүүдээс томигдох хандлага өндөр тул энэ төрлийн эерэг дам нөлөө харьцангуй бага байх талтай.

Нийгмийн нэгдмэл байдал нь инфляцийн эсрэг арга хэмжээг илүү амжилттай болгоход дөхөм үзүүлдэг ч улс төрийн нэгдмэл байдал нь эсрэгээрээ нөлөөлдөг. Нийгмийн бухимдал өсөхийн хирээр инфляцийн эсрэг арга хэмжээ бүтэлгүйтэх хандлагатай байдаг боловч засгийн газар нь олон намын оролцоо бүхий орнуудын хувьд амжилтанд хүрэх хандлага ажиглагдсан. Энэ нь магадгүй зарим орны хувьд “үндэсний нэгдмэл” (голлох намууд хамтран ажиллах гэрээ байгуулсан тохиолдолд) засгийн газар байгуулж чадсан тохиолдолд инфляцийн өсөлтийг сааруулах хэдий ч хэт их улс төржиж, туйлшрах хандлага ажиглагдсаар байдаг. Ингэснээр “Туйлдуулсан дайн”-ны загвар буюу аль нэг нам нь инфляцийг тогтворжуулахад гарсан бүх зардлыг үүрэх хэрэгтэй болдог. 2008 оноос хойш хамтарсан Засгийн газрууд төрийн эрхэнд байгаа тул нэг талаас бодлогын дотоод хугацааны хоцролт багасч, шийдвэр шуурхай гарах хандлагатай хэдий ч нөгөө талд бодлогын хэрэгжилтийн хяналт сулрах эрсдэлтэй юм.

Бодлогын бус макро эдийн засгийн хүчин зүйлс

Бодит валютын ханшийн чангаралт нь тогтворжуулах бодлогод сөрөг нөлөөг үзүүлдэг. Учир нь инфляцийг бууруулах арга хэмжээ бүтэлгүйтэх нь бодит валютын ханшийг их хэмжээгээр сулруулдаг, тиймээс инфляцийг тогтворжуулах бодлогын арга хэмжээ хэр амжилттай хэрэгжсэнээс үл хамааран бодит валютын ханшийн чангаралтын нөлөөг байнга тооцож байх шаардлагатай. Бодит валютын ханш хэт үнэлэгдэх нь өөрөө төлбөрийн тэнцэл, валютын ханшийн хямралд хөтөлдөг тухай дээр дурьдсан. Харин дутуу үнэлэгдэх нь ханшийн хямралыг илтгэдэг. Манай орны хувьд 2007-2008 онд төгрөгийн гадаад валюттай харьцах бодит ханш 15 орчим хувиар хэт үнэлэгдэж, 2008 оны өндөр инфляцийн дараа 10 хүртэл хувиар дутуу үнэлэгдэж байсан тооцоо бий.

Инфляцийн эсрэг арга хэмжээг хэрэгжүүлж буй улс бүр тодорхой хэмжээний баялгийг золиосолж байдаг. Гэхдээ энэ хэмжээ нь ямар байх ёстой талаар ямар нэгэн тоо баримт одоогоор байдаггүй. ДНБ-ий өсөлт өндөр байх нь тухайн арга хэмжээ амжилттай хэрэгжихэд нөлөөлдөг. Хэдийгээр ДНБ-ий өсөлт болон хөтөлбөр амжилттай хэрэгжих магадлалын хооронд эерэг хамаарал оршдог хэдий ч тус арга хэмжээг амжилттай хэрэгжүүлэхийн тулд хэдий хэмжээний ДНБ-ий алдагдал хүлээх эсэх нь тодорхой бус байдаг. Эмпирик судалгааны үр дүнгээр ДНБ-ий өсөлтийн эерэг хамаарал нь зөвхөн эдийн засаг потенциаль түвшнээсээ доогуур байгаа үед л ажиглагддаг тогтоогдсон. Инфляцийг бууруулах арга хэмжээний стандарт хэлбэр нь төсөв, мөнгөний бодлогыг харууруулах явдал тул хэрэглээ болон хөрөнгө оруулалт буурах байдлаар эдийн засгийн өсөлт саарахад хүрдэг. Иймд инфляци болон эдийн засгийн өсөлтийн хоорондын сонголтыг нийгмийн сайн сайхан байдал хамгийн их байх сонголтоор бодлого боловсруулагчид хийх ёстой болдог тухай өмнө нь дурьдсан. Харин эдийн засаг зөвхөн потенциаль түвшнээсээ доогуур байх үед л өндөр өсөлт нь инфляцийг бууруулах арга хэмжээ амжилттай хэрэгжихэд нөлөөлдөг болохыг эдийн засгийн “халалт”-тай холбон ойлгож болно. Энэ тухай “Монголын эдийн засгийн мөчлөг ба халалт” нийтлэлээс дэлгэрэнгүй харах боломжтой.

Гадаад валютын нөөц нь өөр нэгэн чухал үүргийг гүйцэтгэдэг. Гадаад валютын нөөц өсөх нь инфляцийг тогтворжуулах хөтөлбөр амжилтанд хүрэх нэгэн хөшүүрэг болдог. Гадаад валютын нөөцийн хуримтлал хурдацтай өсөх нь инфляцийн эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээнд нөлөөлөх гадаад секторын нөлөөг бууруулдаг. Ялангуяа үндэсний валютын ханшийн тогтвортой байдлыг бий болгодог тул валютын ханшийн инфляцид дамжих нөлөө өндөртэй улс оронд чухал үүрэгтэй. Манай орны хувьд гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх шаардлага байгаа ч богино хугацаанд бүрэн стерлизацийн бодлогогүйгээр тус бодлогыг хэрэгжүүлэх нь эдийн засгийн “халалт”, улмаар өндөр инфляцийг даамжруулах эрсдэл бий.

Мөнгө болон сангийн бодлогын зохицуулалт

Хэдийгээр төсвийн болон мөнгөний үзүүлэлтүүдэд бодлогын зохицуулалт хийх нь инфляцийн эсрэг арга хэмжээ амжилттай болох магадлалыг нэмэгдүүлэх хэдий ч тус арга хэмжээ амжилттай болох хүрэлцээтэй нөхцөл биш юм. Түүнчлэн хөтөлбөр амжилтгүй болох нь бодлогын зохицуулалт хангалттай бус байсан (төсвийн алдагдал болон банкны зээлийн өсөлтийг шаадлагатай түвшин хүртэл нь бууруулаагүй)-аас шууд шалтгаалдаг байна. Төсөв, мөнгөний бодлогын төлөвт эхний зохицуулалтыг сул, хугацаа алдаж хийсэн орнуудын инфляцийг бууруулах төлөвлөгөө нь бүтэлгүйддэг бол анхны зохицуулалтыг хүчтэй, шуурхай хийсэн орнуудын төлөвөлгөө амжилттай болдог байна. Эконометрик шинжилгээний үр дүнгүүд нь төсвийн алдагдал болон банкны зээлийн өсөлтийг бууруулах нь инфляцийг бууруулах төлөвлөгөө амжилтанд хүрэх магадлалыг нэмэгдүүлдэг төдийгүй “аз”, “цаг үе”, улс төрийн хүчнүүдийн үүрэг оролцоог илэрхийлэгч хувьсагчид ч мөн адил чухал үзүүлэлт болохыг харуулдаг. Тухайн үр дүн нь эдгээр 3 хүчин зүйлс нь мөнгөний болон төсвийн бодлогын зохицуулалтаас бусад үндсэн тодорхойлогч хүчин зүйлс болохыг илэрхийлдэг.

Төсөв болон мөнгөний бодлогын зохицуулалтын аль аль нь инфляцийг бууруулахад нөлөөтэй байдал нь зээлийн өндөр өсөлтийг хяналтанд оруулсан хэдий ч төсвийн алдагдал өндөр хэвээр байх тохиолдолд инфляци буурахгүйг харуулдаг. Эсрэгээр нь төсвийн зохицуулалтыг амжилттай хийсэн хэдий ч дотоодын зээлийн өсөлт нь инфляцид нөлөөлсөн хэвээр байх тул төсвийн бодлого дангаараа инфляцийг бууруулан тогтворжуулж чадахгүй юм. Түүнчлэн хэрвээ төсвийн хумилт нь дотоод зээлийн өсөлтийг бий болгодог хөрөнгийн доштогшлох урсгалтай давхцан хэрэгжих тохиолдолд инфляцийг тогтворжуулах хөтөлбөр амжилтгүй болоход хүрдэг. Иймд төсөв, мөнгөний нэгэн зорилгын төлөөх, нягт уялдаатай, гэхдээ бие даасан бодлого нь инфляцийг буурулахад чухал үүрэгтэй юм. Манай орны хувьд эмпирик судалгааны үр дүнгүүд нь дотоодын зээл болон төсвийн зардлын өсөлт нь хугацааны хоцролттойгоор эдийн засгийн мөчлөг, инфляцитай шууд хамааралтай болохыг харуулдаг. Иймд төсөв, мөнгөний хамтын бодлого нь амжилтанд хүргэнэ. Гэхдээ сүүлийн 2007-2009 онд мөнгөний бодлого чангарах байх үед төсөв нь тэлж, мөнгөний бодлого нь сулрах үед төсөвийн бодлого нь чангарах байдал ажиглагдсан. Үүнийг төсвийн бодлогын дотоод хугацааны хоцролттой холбон тайлбарлаж болно. Харин 2010 оны хувьд эдгээр бодлого нь чангарах чиглэл (гэхдээ төсвийн алдагдал өндөр хэвээр байгааг эс тооцвол)-д хамт хэрэгжиж байна. Үүний зэрэгцээ төсөв, мөнгөний бодлогын уялдааг сайжруулах тал дээр 2008 оноос хойш нэлээд дэвшил гарч байгааг Монголбанкны 2008, 2009 оны жилийн тайлан дээрх нийтлэлээс харж болно.

Төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн чангаралт инфляциийг бууруулдаг уу?

Хураангуй

Энэхүү судалгааны ажлаар төгрөгийн ам.доллартай харьцах ханш ба инфляцийн харилцан хамаарал сүүлийн жилүүдэд хэрхэн өөрчлөгдөж ирснийг бүтцийн вектор авторегресс (SVAR) загвар ашиглан судлав. Судалгааны сонирхолтой, чухал үр дүнгүүд дараах байдалтай гарав. (i) Төгрөгийн ам.доллартай харьцах ханшийн инфляцид үзүүлэх нөлөө харьцангуй хүчтэй, ассимметрик байна. (ii) Төгрөгийн ам.доллартай харьцах ханш 6, 12 болон 18 сарын хугацаанд 10 хувиар сулрах тохиолдолд ХҮИ тус хугацаанд харгалзан 4.8, 5.8 болон 6.3 хувиар өснө. (iii) Төгрөгийн ам.доллартай харьцах ханшийн нөлөө ассимметрик тул төгрөгийн чангаралттаас шалтгаалж бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ цаашид буурна гэж үзэх боломжгүй байна. (iv) 2008 оны 10-р сараас 2009 оны 4-р сарын хоорондох төгрөгийн ам.доллартай харьцах нэрлэсэн ханшийн огцом сулралт нь ханш болон инфляцийн харилцан хамаарал өөрчлөгдөхөд хүчтэй нөлөө үзүүлжээ.

I. Удиртгал

Төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2009 оны 8 дугаар сараас 2010 оны 8 дугаар сарын хооронд 11.3 хувиар, ялангуяа сүүлийн сард 5 орчим хувиар чангарсан. Энэхүү чангаралтыг сэтгүүлчид өөр өөрийнхөөрөө тайлбарлах хандлага ажиглагдаж байна. Энэхүү нийтлэлээр Монголын эдийн засагт төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн чангаралт бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэнд ямар нөлөө үзүүлдэг болохыг бодит тоон өгөгдөл ашиглан нийтлэг арга зүйгээр судалсан судалгааны үр дүнг танилцулж байна. Уг нийтлэл нь зөвхөн хувь судлаачийн байр суурийг илэрхийлэх бөгөөд төв банк ханшийг сулруулах, чангаруулах эсвэл нэг түвшинд барих ёстой эсэхэд дүгнэлт өгөхөөс илүүтэй эмпирик судалгааны үр дүн гарсыг бусадтай хуваалцахыг зорьсон болно.

Манай улсын эдийн засаг жижиг, гадаад худалдааны хувьд нээлттэй тул дотоодын инфляцид төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн өөрчлөлтөөс шууд хамаардаг. Өөрөөр хэлбэл, валютын ханшийн өөрчлөлт нь зөвхөн импортын барааны үнийг өөрчлөх төдийгүй, импортоор орж ирдэг түүхий эдийн үнэд нөлөөлөх замаар дотоодын бараа, үйлчилгээний үнэд нөлөөлдөг. Харин инфляцийн өөрчлөлт нь олон нийтийн макро эдийн засгийн талаарх хүлээлт, төгрөгийн гадаад валюттай харьцах бодит ханшинд нөлөөлөх замаар нэрлэсэн ханшинд эргэн нөлөөлдөг. Иймд төгрөгийн ам.доллартай харьцах ханш болон инфляцийн харилцан уялдааг судлах нь мөнгөний бодлогын шийдвэр гаргалтанд онцгой чухал ач холбогдолтой юм.

Манай орны хувьд төгрөгийн гадаад валюттай харьцах ханш макро эдийн засгийн суурь нөхцлөөр тодорхойлогдон уян хатан тогтож байх зарчмыг баримтлах нь инфляцид хэр дарамт учруулах, дунд хугацаанд инфляцийг тогтвортой, нам түвшинд байлгаж чадсанаар төгрөгийн гадаад валюттай харьцах ханш, улмаар макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж чадах эсэхэд хариулт өгөхөд төгрөгийн гадаад валюттай харьцах ханш болон инфляцийн харилцан хамаарлын шинжилгээ чухал ач холбогдолтой. Иймд энэхүү судалгааны ажлаар төгрөгийн ам.доллартай харьцах ханш болон инфляцийн харилцан хамаарлын онолын үндэслэлийг танилцуулан, тус хамаарлыг өөрийн орны тоон мэдээлэлд суурилан бүтцийн вектор авторегресс (SVAR) загвараар тооцож, холбогдох асуудлаар дүгнэлт санал гаргахыг зорив.

II. Төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн инфляцид үзүүлэх нөлөө

Төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн өөрчлөлт дотоодын инфляцид шууд ба шууд бус сувгаар дамжин нөлөөлдөг.

Шууд сувгийн нөлөө нь: валютын ханшийн өөрчлөлт нь импортын бараа, түүхий эд, тоног төхөөрөмжийн үнээр дамжин дотоодын үнэд нөлөөлдөг. Төгрөгийн ханш сулрах нь үнийг хүлээн авагч Монгол улсын хувьд импортын барааны үнийг өсгөх, харин чангарах нь импортын үнэ буурахад нөлөөлдөг. Төгрөгийн ханшийн сулралтаас үүдэн импортын түүхий эд материал, тоног төхөөрөмжийн зардал өссөнөөр үйлдвэрлэлийн ахиу зардал өсч, энэ нь дотоодод үйлдвэрлэгдэх бараа үйлчилгээний үнэ өсөхөд хүргэдэг.

Шууд бус сувгийн нөлөө нь: Төгрөгийн сулралт нь дотоодын барааны гадаад зах зээл дээрх үнийг бууруулах тул цэвэр экспортыг өсгөж, улмаар нийт эрэлтийн өсөлтөөр дамжин инфляцийн дарамтыг бий болгодог. Түүнчлэн импортын бараа, бүтээгдэхүүнтэй өрсөлдөгч дотоодын компанийн хувьд гадаадын өрсөлдөгч компани ашгаа хэвээр байлгах зорилгоор үнээ өсгөсөнөөр дотоодын үйлдвэрлэгч үнээ даган өсөх тохиолдол байдаг.

Валютын ханшийн инфляцид үзүүлэх нөлөө нь хэд хэдэн хүчин зүйлсээс буюу зах зээлийн бүтэц, үнийн бодлого, тухайн үед баримталж буй валютын ханшийн бодлого, инфляци, хэрэглээний бараа, үйлчилгээний сагс дахь импортын барааны эзлэх хувь зэргээс хамаардаг.

Харин валютын ханшийн инфляцид үзүүлэх нөлөө сул, хүчтэй байхад ямар хүчин зүйлс нөлөөлдөг талаарх судалгааны гол үр дүнгүүд дараах байдалтай байдаг. Үүнд:

 Том эдийн засгийн хувьд ханшийн сулралтын дотоодын үнэд үзүүлэх нөлөө нь дэлхийн үнийн бууралт (дэлхийн эрэлт бага байсан)-тай холбоотойгоор сул байдаг. Харин жижиг эдийн засгийн хувьд валютын ханшийн сулралт нь дэлхийн үнэд нөлөө үзүүлэхгүй тул валютын ханшийн инфляцид үзүүлэх нөлөө нь бүрэн илэрдэг. Иймд жижиг эдийн засагт валютын ханшийн инфляцид үзүүлэх нөлөө илүү хүчтэй байдаг гэж үздэг.

 Сүүлийн үеийн судалгаануудад валютын ханшийн өөрчлөлтөнд хариу үйлдэл үзүүлэх зорилгоор пүүсүүд нэгж бүтээгдэхүүний үнэ болон нэгж хөдөлмөрийн зардлын зөрүү (markup)-нд зохицуулалт хийж байгаа эсэхийг шалгах болсон. Энэ төрлийн судалгааны онолын суурийг Dornbusch (1987) гаргасан бөгөөд тэрээр “Аж үйлдвэрийн зохион байгуулалтын загвар” ашиглан валютын ханшийн өөрчлөлтийн зах зээлийн төвлөрлийн байдал, импортлох хандлага, импортын болон дотоодын барааны орлуулалтанд үзүүлэх нөлөөг тайлбарласан байдаг. Эдгээр хүчин зүйлсийг ашиглан Feinberg (1986, 1989) АНУ болон Германы хувьд судлаад аж үйлдвэржсэн буюу зах зээлийн төвлөрөл багатай импортлох хандлага өндөртэй улсын хувьд валютын ханшийн дотоодын үйлдвэрлэгчийн үнэд үзүүлэх нөлөө хүчтэй байгааг харуулсан. Goldberg болон Knetter (1997) илүү сегментлэгдсэн аж үйлдвэртэй орны хувьд валютын ханшийн импортын барааны үнэд үзүүлэх нөлөө сул байдгийг харуулсан.

 Хэрвээ тухайн улсын эдийн засагт импортын эзлэх хувь нь импортлох хандлагыг сайн төлөөлдөг гэвэл импортын эзлэх хувь өндөртэй улсад валютын ханш болон импортын барааны үнийн өөрчлөлтийн дотоодын үнэд үзүүлэх нөлөө хүчтэй байдаг. Өөрөөр хэлбэл, тухайн улсын эдийн засагт импортын эзлэх хувь өсөхийн хэрээр валютын ханш болон импортын барааны дотоодын үнэд үзүүлэх нөлөө нэмэгдэж, түүний хэлбэлзлийг тайбарлахад чухал үүрэгтэй болдог.

 Зах зээлд үнэ тогтоох зарчмыг ашиглан Mann (1986) ханшийн дамжих нөлөөнд зарим макро эдийн засгийн хувьсагчид нөлөөлж болохыг харуулсан. Үүний нэг нь валютын ханшийн хэлбэлзэл гэж үзсэн. Ханшийн хэлбэлзэл өндөр байх нь импортлогчид үнээ өөрчлөхдөө илүү хашир болох, ашгийн зөрүүний зохицуулалт хийхэд бэлэн байдаг тул валютын ханшийн инфляцид дамжих нөлөөг бууруулдаг гэж үзсэн. Wei болон Parsley (1995), Engel болон Rogers (1998) нар энэхүү таамаглалыг салбарын болон бүтээгдэхүүний түвшинд эмпирик аргаар шалган энэ таамаглалыг нотолсон байдаг. Иймээс ханшийн хэлбэлзэл өндөртэй оронд ханшийн дамжих нөлөө сул байдаг байна.

 Хэрвээ пүүсүүд валютын ханш эсвэл импортын үнийн шок удаан үргэлжилнэ гэж хүлээж байвал тэд хариу үйлдэл үзүүлэхдээ шоконд дүйцэхүйц хэмжээнээс илүү хэмжээгээр үнээ өөрчлөх хандлагатай байдаг. Энэ нь ханш болон импортын үнийн дамжих нөлөөг нэмэгдүүлдэг. Иймд валютын ханш болон импортын үнийн өөрчлөлт нь удаан үргэлжилдэг улс орнуудад валютын ханш, импортын үнийн дамжих нөлөө хүчтэй байдаг.

 Mann (1986)-ын авч үзсэн макро эдийн засгийн бас нэг үзүүлэлт бол нийт эрэлтийн тодорхой бус байдал юм. Нийт эрэлтийн муруй валютын ханшийн өөрчлөлтэй холбоотойгоор шилжилт хийх нь төгс бус өрсөлдөөний орчинд импортлогчийн ашгийн зөрүүг өөрчлөх тул ханшийн дамжих нөлөө сулардаг. Хэрвээ энэ таамаглал үнэн бол нийт эрэлт (үүнийг ДНБ-ий алдагдлаар хэмжиж болно) нь өндөр хэлбэлзэлтэй байдаг улсын хувьд ханшийн инфляцид үзүүлэх нөлөө сул байхад хүрнэ.

 Taylor (2000) валютын ханшийн инфляцид үзүүлэх нөлөө нь эдийн засагт ерөнхийдөө инфляцийн орчин зонхилж байгаа эсэхээс хамаардаг болохыг харуулсан. Өөрөөр хэлбэл, өндөр инфляцитай үед валютын ханшийн шок нь хүлээлтээр дамжин инфляцид үзүүлэх нөлөө нь илүү хүчтэй байдаг байна.

 MacCarthy (2000) импортын эзлэх хувь өндөр, удаан үргэлжилдэг, бага хэлбэлздэг валютын ханштай, ДНБ-ний хэлбэлзэл нь бага бөгөөд өрсөлдөх чадвар султай улс орнуудад валютын ханшийн инфляцид үзүүлэх нөлөө хүчтэй байдгийг харуулсан байдаг.
Эдгээр судалгааны үр дүнд суурилан манай орны хувьд төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн инфляцид дамжих нөлөөний хүчийг тодорхойлох зарим хүчин зүйлсийг тооцов.

Манай эдийн засагт импортын эзлэх хувь харьцангуй өндөр (2008 онд 75 хувьд хүрсэн), ХҮИ-ийн сагсын 30.3-32.6 хувийг импортын бараа бүрдүүлдэг, сүүлийн жилүүдэд ханшийн хэлбэлзэл, ДНБ-ий алдагдлын хэлбэлзэл харьцангуй бага, харин инфляци өндөр байсан зэргээс валютын ханшийн инфляцид үзүүлэх нөлөө харьцангуй хүчтэй байх урьдач нөхцөл ажиглагдаж байна.

Сүүлийн 11 жилд төгрөгийн ам.доллартай харьцах ханшийн сарын өөрчлөлтөөс ажиглахад 90 сард нь суларч, харин 43 сард нь чангарсан байна. Мөн нэг сарын дундаж сулралт 0.8 хувь байгаа бол нэг сарын дундаж чангаралт 0.53 хувь байна. Эндээс харахад валютын ханшийн инфляцид дамжих нөлөө асимметрик байх нөхцөл хангагдаж байна. Өөрөөр хэлбэл, төгрөгийн ханш сулрах нь хэрэглээний бараа, бүтээгдэхүүнийг өсгөх чиглэлд нөлөөлөх хэдий ч, төгрөгийн ханш чангарах нь үнэ буурахад нөлөөлдөггүй байж болохоор байна.

Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш болон инфляцийн харилцан нөлөөллийн урт болон богино хугацааны мэдрэмж (нөлөөллийн хугацааны хоцролт бүр дээрх мэдрэмж)-ийг тодорхойлохдоо McCarthy (2000)-ын бүтцийн вектор авторегресс (SVAR) загвар буюу шоконд үзүүлэх хариу үйлддлийн функцыг ашиглав. Энэхүү арга зүйг нь ОУВС болон төв банкууд Африк, Европ болон Латин америкийн орнуудын энэ төрлийн судалгаанд өргөн ашигласан байдаг.

SVAR загварын системд (i) шатахууны үнийн индекс; (ii) дотоодын нийт бүтээгдэхүүн; (iii) төгрөгийн ам.доллартай харьцах сарын дундаж ханш; (iv) хэрэглээний үнийн индекс; (v) M1- бага мөнгө гэсэн 5 хувьсагч оруулсан бөгөөд үнэлгээнд 1998 оны 1 дүгээр сараас 2009 оны 7 дугаар сарын хоорондын тоон мэдээллийг хамруулав. Эдгээр тоон мэдээллийг ҮСХ болон Монголбанкны сарын статистикийн мэдээллээс авав. Сарын ДНБ-ийг Калман филтeрын аргаар улирлын ДНБ-ээс задлан тооцсон бөгөөд тус өгөгдөлд улирлын хэлбэлзэл хүчтэй ажиглагдаж байгаа тул улирлын зохицуулалтыг Census X12-ARIMA аргаар хийв. Харин бусад хувьсагчдын хувьд улирлын зохицуулалт хийгээгүй бөгөөд бусад нэгж язгуурын ADF тестийн үр дүнгээс үзэхэд бүх үзүүлэлтүүд тогтворгүй гэсэн тэг таамаглалыг 5%-ийн ач холбогдлын түвшинд үл няцааж байгаа тул үзүүлэлтийн логарифмаас ялгавар авч загварт оруулсан.

Манай орны хувьд төгрөгийн ам.доллартай харьцах ханшид тухайн сард гарсан өөрчлөлт 9 сарын турш сарын инфляцийг өсгөх чиглэлд нөлөөлдөг бөгөөд 10 дахь сараас нөлөө нь бүрэн арилдаг болохыг SVAR загварын импульсийн хариу үйлдлийн функцын үр дүн харуулж байна. Энэхүү импульсийн хариу үйлдлийн функцыг ашиглан төгрөгийн ам.доллартай харьцах ханшийн өөрчлөлтийн ХҮИ-т үзүүлэх нөлөөллийн мэдрэмжийг хугацааны ялгаатай түүврийн хувьд тооцсон.

Үр дүнгээс үзэхэд төгрөгийн ам.доллартай харьцах ханшийн өөрчлөлтийн ХҮИ-т үзүүлэх нөлөө 1998-2005 оны хооронд харьцангуй сул буюу богино хугацааны хамгийн өндөр мэдрэмж нь 0.35, урт хугацааны мэдрэмж нь 0.28 байсан бол 1998-2007 оны түүврийн хувьд богино хугацааны хамгийн өндөр мэдрэмж нь 0.41, урт хугацааны мэдрэмж нь 0.39 болж өсчээ. Харин нийт түүвэр буюу 1998 оны 1 дүгээр сараас 2009 оны 7 дугаар сарын хоорондох мэдээлэлд суурилсан үнэлгээний хувьд богино хугацааны хамгийн өндөр мэдрэмж нь 0.51, урт хугацааны мэдрэмж нь 0.43 болж өссөн байна. Ийнхүү сүүлийн жилүүдэд төгрөгийн ам.доллартай харьцах ханшийн дотоодын үнэнд үзүүлэх нөлөө өсөхөд импортын хэмжээ огцом өссөн, 2007-2008 онд инфляци огцом өссөн, 2005-2007 онд ХҮИ-ийн сагсан дахь импортын барааны эзлэх хувийн жин өссөн, 2007-2008 онд эдийн засагт “халалт”-ын шинж тэмдэг илэрсэн зэрэг голлон нөлөөлөв.

2008 оны 4 дүгээр улирал болон 2009 оны 1 дүгээр улиралд төгрөгийн ам.доллартай харьцах ханш огцом суларсан (тухайлбал, төгрөгийн ам.доллартай харьцах Монголбанкны зарласан ханш 2008 оны 10 дугаар сараас 2009 оны 3 дугаар сарын хооронд 26.3 хувиар, харин валют арилжааны цэгүүдийн дундаж ханш 33.5 хувиар суларсан) хэдий ч инфляци хүчтэй өсөөгүй байдал нь төгрөгийн ам.доллартай харьцах ханшийн өөрчлөлтийн инфляцид үзүүлэх нөлөө буурч үнэлэгдэхэд нөлөөлсөн байх боломжтой. Иймд тус огцом сулралтын нөлөөг судлахын тулд төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн инфляцид дамжих нөлөөний мэдрэмжийг 1998 оны 1 дүгээр сараас 2008 оны 10 дугаар сар (ханшийн огцом сулралтаас өмнөх үеийн түүвэр) болон 1998 оны 1 дүгээр сараас 2009 оны 7 дугаар сарын хоорондох түүврийн хувьд тооцсон.

Үр дүнгээс үзэхэд 2008 оны сүүл 2009 оны эхээр үүссэн төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн огцом сулралттай холбоотойгоор төгрөгийн ам.доллартай харьцах ханшийн өөрчлөлтийн инфляцид үзүүлэх нөлөө буурсан байна. Тухайлбал, урт хугацааны мэдрэмж 0.08 нэгжээр буурч 0.43 болжээ. Ийнхүү ханшийн инфляцид дамжих нөлөө буурахад голлон дэлхийн санхүү, эдийн засгийн хямралын дотоод эдийн засаг дахь нөлөөтэй холбоотой бий болсон эдийн засаг дахь мөнгөний дутагдал, эдийн засгийн уналт, шатахуун болон хүнсний бүтээгдэхүүний үний бууралт, төгрөгийн ам.доллартай харьцах ханш огцом суларсантай холбоотой импортын хэмжээ буурсан зэрэг голлон нөлөөлөв.

Төгрөгийн ам.доллартай харьцах ханш 1 хувиар сулрах эсвэл чангарах тохиолдолд хэрэглээний бараа, бүтээгэдхүүний үнийн индекс (ХҮИ)-т ямар өөрчлөлт гарахыг судлах зорилгоор ханшийн дамжих нөлөөллийн мэдрэмжийг хариу үйлдлийн функцээс тооцов.
Үр дүнгээс үзэхэд төгрөгийн ам.доллартай харьцах ханш 1 хувиар өөрчлөгдөхөд ХҮИ-т эхний улиралдаа бараг нөлөөгүй бол 6 сарын дараагаас нөлөө нь нэмэгдэж 9-12 сарын дараа хамгийн их түвшиндээ хүрдэг хандлага бүх түүврийн хувьд ажиглагдаж байна. Өнөөдрийг хүртэл хамарсан түүврийн үнэлгээнээс үзэхэд манай эдийн засагт төгрөгийн ам.доллартай харьцах ханш 6,12 болон 18 сарын хугацаанд 10 хувиар өөрчлөгдөх тохиолдолд тус хугацаанд ХҮИ харгалзан дунджаар 3.1, 4.1 болон 4.3 хувиар өөрчлөгдөх тооцоо гарч байна. Энэхүү нөлөө сүүлийн 1 жилийн хугацаанд буурч буй хэдий ч бусад хөгжиж буй болон шилжилтийн эдийн засагтай орнуудтай харьцуулахад өндөр хэвээр байгаа юм.

Манай орны хувьд валютын ханшийн инфляцид үзүүлэх нөлөө асимметрик эсэхийг тодорхойлохдоо багасгасан VAR (4) загвар ашиглан төгрөгийн ханшийн сулралт болон чангаралтын инфляцид үзүүлэх нөлөө тэнцүү гэсэн таамаглалыг Wald тестээр шалгав. Үр дүнгээс үзэхэд манай орны хувьд валютын ханшийн инфляцид үзүүлэх нөлөө ассимметрик байна. Валютын ханшийн инфляцид үзүүлэх нөлөө ассимметрик байгаа тул төгрөгийн ам.доллартай харьцах ханшийн сулралт болон чангаралтын бараа, бүтээгдэхүүний үнэнд үзүүлэх мэдрэмжийг тус тусад нь тооцов.

Эндээс үзэхэд төгрөгийн ханш суларснаар бараа, бүтээгдэхүүний үнэ өсөх мэдрэмж нь ханш чангарснаар бараа, бүтээгдэхүүний үнэ буурах мэдрэмжээс өндөр байна. Төгрөгийн ханш суларснаар бараа, бүтээгдэхүүний үнэ эхний 6 сарын турш өсдөг болохыг статистикийн хувьд хүлээн авах боломжтой бол төгрөгийн харьцах ханш чангарснаар үнэ төдийлөн буурдаггүй болохыг хариу үйлдлийн функцын үр дүн харуулж байна. Тухайлбал, төгрөгийн ханш 3, 6, 12 сарын хугацаанд 10 хувиар сулрах тохиолдолд ХҮИ тус хугацаанд харгалзан 5.0, 4.8, 5.8 хувиар өсөхөөр байна. Иймд валютын ханшийн тогтвортой байдлыг хангах нь инфляци, улмаар нийгмийн амьжиргааны түвшинг хамгаалахад чухал ач холбогдолтой байхаар байна. Харин төгрөгийн ханш 6, 12 сарын хугацаанд 10 хувиар чангарах тохиолдолд ХҮИ тус хугацаанд 2.4, 0.6 хувиар буурах боломжтой гэж тооцогдож байгаа хэдий ч үнэ баттай буурна гэж статистикийн хувьд үзэх боломжгүй байна.

III. Судалгааны үр дүн юу харуулав?

 Төгрөгийн гадаад валюттай харьцах нэрлэсэн ханш болон инфляцийн хоорондын харилцан хамаарал хүчтэй хэвээр байгаа тул төв банк валютын зах зээл дээр төгрөгийн ам.доллартай харьцах ханш дунд хугацааны “тэнцвэрт” түвшнээс зөрөх хэлбэлзэлийг багасгах, богино хугацааны ханшны цочмог өөрчлөлтөөс хүлээж болох эрсдлийг бууруулах чиглэлд оролцох нь зүйтэй юм.

 Манай эдийн засагт валютын ханшийн өөрчлөлтийн инфляцид үзүүлэх нөлөө ассимметрик байгаа тул төгрөгийн ханшийн богино хугацааны хүчтэй сулралтаас сэргийлэхэд илүүтэй анхаарах, харин инфляцийн дарамтыг бууруулах зорилгоор ханшийг чангаруулах бодлого нь төдийлөн үр ашигтай бус байна. Учир нь ханшийг чангаруулах бодлого нь гадаад валютын цэвэр албан нөөцийг бууруулахын зэрэгцээ экспортын барааны өрсөлдөх чадвар муутгаж, “ханшийн довтолгоо”-нд орох эрсдлийг нэмэгдүүлэх атлаа бараа, үйлчилгээний үнийг бууруулахааргүй байна.

 Төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн сулралт болон хүнс, шатахууны үнийн өсөлт, түүний “хоёрдах үеийн нөлөө”-гөөр инфляцийн өсөх дарамт өндөр байгаа үед мөнгөний бодлогын хүүний нөлөө тодорхой болох хүртэл богино хугацаанд эдийн засаг дахь мөнгөний балансыг хангахад чиглэсэн мөнгөний бодлого явуулах нь зүйтэй байна. Учир нь тус бодлогыг хэрэгжүүлснээр инфляцийн тогтвортой байдлыг хангаж чадахын зэрэгцээ эдийн засгийн мөчлөгийн сөрөг нөлөөг бууруулах боломжтой юм.

 Төгрөгийн гадаад валюттай харьцах нэрлэсэн ханшийг дан ганц мөнгөний бодлогын арга хэрэгслээс гадна тогтвортой, нам түвшний инфляцийг хангахад чиглэсэн макро эдийн засгийн бодлогоор ч зохицуулах боломжтой болохыг тус судалгааны үр дүн харуулав. Иймд санхүү болон макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эдийн засгийн мөчлөг сөрсөн хэлбэрээр хэрэгжих чиглэлд төсөв, мөнгөний бодлогын харилцан уялдааг сайжруулах нь хямралын сөрөг нөлөөг богино хугацаанд хохирол багатай даван туулахад чухал байна.

Sunday, August 22, 2010

Чи гайхалтай гэхдээ би чамаас илүү

Чи гайхалтай
Чихэнд хайр шивнэчихээд
Урвачихдаг чинь гайхалтай
Чимээгүй тэгснээ орж ирээд
Үнсдэг чинь гайхалтай
Өөрөөл бусдын үнэрийг хөнжил дотор минь сэлгүүцүүлж
Өөрөө тэгсэн хирнээ мэдэхгүй унтдаг чинь гайхалтай

Чи гайхалтай
Тас тэврэн тачаадаж
Тамираан бардаг хирнээ
Танихгүй бүсгүйн үнэртэй усанд
Тасарчихаад ирдэг чинь гайхалтай
Баригдсан хирнээ тас гүрийж ганцхан чамдаа гэж амлаад
Буруу хараад хэн нэгэн рүү утас цохиодог чинь гайхалтай
Гармааргүй бүх авир гараад байдаг чинь гайхалтай
Галзуурах дөхөн уурласан ч тэсээд байдаг би бүр их гайхалтай

Thursday, August 19, 2010

Р.Чойном "Зам"

Анх нутагаас гархад ижий минь
Ариун цагаан сүүг дөрөөн дээр минь дусааж өгөөд
Алсын бор хөтлөөр даван даватал минь
Араас сүүгээ өргөн өргөсөөр сүүмийн сүүмийн үлдэж билээ
Аймагийн сургуульд явхад
Айлийн минь өвөө гурван төгрөг өгч
За сайн явж их юм сураарай миний хүү
Залуу хүний замын хүзүү урт гэдэг юм

Урт богинийн үзэх гэж өөрийн замаар би
Ургах нас шиг насандаа өвөр хоосон гарч билээ
Олон давааг давж олон голыг гаталсаар
Оройн нар шиг насандаал үүнийг бодож сууна
Алд биенийхээ ил далд судас шиг
Асар олон замаар илж эмтэрч явлаа би
Олсон бүхэнээ өвөрлөвч өвөр минь дүүрээгүй байна
Оёор нь цоорхой өвөртэй төрчихсийн байлгүй би
Эргээд одоо туулсан замаа тунгаан бодход
Эвхээсийн задлаж хаясан олон олон түүдэг утас шиг санагдана
Эрдэнэт хүмүүний биеийг олж төрсөний хэргэнэ гэвэл
Энэ л олон утсаар юм оёж үлдээх учартай
Эх нутагын минь асар уудам хөрсөн дээр
Эртний өвөгдийн үлдээсэн уранхай цоорхой зөндөө бий
Буурал түүхийн минь ай их бие цогцосонд
Буу сэлэм хоёрын оёулаан үгүй шарх олон байна
Өөрийн нүдээр үзсэн эрэн цагынхаа сайн саар бүхэнийг
Өнгө өнгийн энэл утасуудаар шаглан үлдээх учартай байна
Бичигдээн үгүй үнэн үгсийн шүлэг шашдирийг
Биеээрэй нийтэгсэн тэр л утасаар хэлхэн үлдээх хэрэгтэй байна
Туулах ёстой замын хагас бас яагаач үгүй
Туужын төгсгөл шиг улам өндөрлөж үзүүр нь далд
Туулаад ирсэн замын товчлол газрын зураг шиг
Туранхай нүүрэнд минь үл арилах үрчлээс болон тогтожээ
Хүний үрийн туулах ёстой зам гэдэг
Хүзүү урттайна аргач үгүй үнэн юм санж
Хүйтэн дэлхийн хөрсөн дээр зурайх шороон замууд бус
Хүссэн хүсээгүй учирдаг салдаг танилууд юм санж
Аяа танилууд минь хүмүүс минь
Амьдралийн савсалганд оршгүй хар үнэнийг
Ааш зан үзэл бодол хэмээх
Адармаатай өөр өөр үсгээр бичсэн номууд минь
Та нарыг унших гэж танхил залуу насандаа юутай олон хууртваа
Өөр хоорондоо хүмүүс адил байхан бүү хэл
Өнгө дотор хоёр нь тэс өөр байдгийг мэдсэнгүй
Холын замд явган нүцгэн ядарч явхад
Хоёр моритой хүн илүү морио хармалхыг үзсэн
Өөрөөч унаагүй хүн харин морь олж өгөөд
Өртөг үнэ гэлгүй үлдэж байхийг үзлээ
Мэргэдийн манлай баймаар их ном хураасан хүнд шавь орвол
Мэдэдгээс минь илүүг мэдэхгүй хөөрхий байхийг үзсэн
Алтан нүүртэй ботиудад бичиж амжаагүй нарын зүйлийг
Араг үүрсэн цавганц өчиж байхийг олонтой үзлээ
Орчлонг тэжээмээр нүдэнд дулаахан хүнийг дагаж
Олон шөнө би хоосон хонож үзсэн
Өөрсдөө яаядаа гэсэн үзэшгүй ядуус харин
Өлбөрч үхэх аюулаас намайг олонтой аварсан
Уран үгтэй хшн цаанаа хоосон байдаг
Ус шиг бэлэн үгсээ энд тэндгүй асгаж явдаг
Уйлан тачаах хүүхэн бас толгойн хоосон байдаг
Урваад өөр нэгэнрүү нулимас шигээ бөмбөрдөг
Тэнгэр шиг тачигансан хүн бусдыг зодхоно ховор
Тэр дороо намдаад өөрөөч уйлж байж магадгүй
Тэгтэл харин инээх ч үгүй уйлах ч үгүй явдаг хүн
Тэрсэлж нэг хөдөлвөл хэнийгч алах зүрх бий
Хүмүүс минь хүсээгүй байтлаа хувь тавилангийн эрхээр учирдаг
Хүссээр байтал хорвоогын эрхээр хагацдаг
Хүрэн алаг зүрхний минь баяр гуниг хоёр минь
Өндөртэй намтай сайнтай муутай
Өнөр их ой шугуй болсон хүн ард минь ээ
Өчүүхнээс аугаа ихийг хүртэл хэмжээ бүхнийг багтаасан
Өнө мөнхийн амьд сэрүүн далай тогтос минь уу
Эртний түүхийн бурантаг сунган хөтлөж ирээд
Эдүүгээ цагыг гэрэл сүүдэртэйн хойч үед хүргэх
Элчилгүй холын их зам болсон хүн ард минь
Энэ биеээрэй чамд нэгэн алдыг нэмэх гэж ирлээ



Tuesday, August 17, 2010

Бичгийн хэвээр шинждэг гэнэ шүү, сүүлийн үед ч бичиж чадахаа байчихсын байна лээ хэхэхэ

- Цаасныхаа зүүн талд илүү их зай үлдээсэн байвал аливаад санаачлагатай, бүтээлч, бие даасан бардам зантай.

- Цаасныхаа баруун талын хоосон зайг зүүнээсээ өргөн гаргадаг бол тэр хүн ирээдүйдээ санаа зовдог итгэл зориг муутай.

- Бичсэн зүйлийнхээ дээд талд их зай үлдээсэн бол ичимхий, бага эсвэл огт зай үлдээгээгүй бол зормиг, элгэмсүү бас хэнэггүй.

- Доод талдаа их зай үлдээсэн бол аливаад хийсвэр сэтгэлгээгээр ханддаг хүний шинж аж. Харин дээд талдаа багагүй зай үлдээсэн бол юманд бодлоготой ханддагыг гэрчилнэ.

- Yг, үсэг мөрүүд хоорондоо хол зайтай бол бие даасан хэнээс ч хараат бус хүн бололтой.

- Yсэг нь өргөн бол найз нөхрийн тус дэмийг эрэлхийлдэг, өндөр бол нийтэч, бусдын анхаарлын төвд байх дуртай.

- Жижиг үсгийн хэмжээ хоёр мм-ээс бага бол ноомой зантайг, үүнээс өндөр бол өөрийгөө бусдаас илүүд тавьдаг сэхүүн.

- Босоо бичигтэй бол аливаад бодлоготой ханддаг, сэтгэлийн хөөрөлдөө тэр бүр хөтлөгдөөд байдаггүй.

- Бага зэрэг баруун тийш нь налуулж бичдэг хүн юм юмандаа сэтгэл хангалуун, амьдралыг сайхан талаас нь тольдох дуртай.

Хэрхэн унтаж байгаагаар хэн болохыг нь мэдэж болно гэнээ

Хүн амьдралынхаа 1/3 хувийг унтаж нойрсоход өнгөрөөдөг. Энэ нь бидний зан чанарт нөлөөлөхгүй байхын аргагүй.

1. Толгойгоо салаавчлан дээшээ харж унтах. Өөртөө итгэлтэй, хэр баргийн юмыг тоодоггүй, жаахан хэнэггүй талдаа хүн ингэж унтдаг. Бүх л юманд тэргүүлж байх дуртай. Зөвхөн өнөөдрийнхөөр амьдрахыг чухалчилдаг.

2. Орон дээрээ тэрийж унтах. Хувиа хичээгчийн дүр төрх. Хөнжлөө өөр рүүгээ татаж, бүх орон зайг эзэлдэг. Нэмж хэлэхэд, ийм хүн цаг сайн барьдаг бөгөөд биеэ тоосон нэгэн.

З. Үр хөврөлийн хэлбэрээр унтах. Бүх биеэ атийж унтдаг хүн дуу цөөнтэй, нээлттэй бус зан чанартай байдаг. Түүнчлэн бусдын үзэл бодол, саналаас их хамаарамтгай.

4. Партнёроосоо буруу харж хажуу талаар унтах. Бүхнийг өөрөө хийхийг илүүд үздэг гүдэсхэн хүн. Ойр дотны хүмүүстээ ч тэр бүр илэн далангүй байж чаддаггүй. Эргэн тойрныхон нь түүнийг жаахан “хүйтэн” хүн гэж дүгнэдэг нь бас яг тийм биш. Тэр зөвхөн өөртөө найдаж сурсан л хүн.

Ямар өнгөнд дуртайгаар нь хүнийг шинжиж болдог

Би улаан бас черилен ягаан өнгөнд дуртай. Их л муулсан юм шиг байна хэхэхэ. Чернилен ягааанд бол ухаангүүүүүүүүүүүүүүүүүүүй шдээээ хэхэхэ, шууд авна хэхэхэ :), өө нээрээ бас улбар шард дуртай, гэхдээ 1-рт бол чернилен ягаан маань шүү дээ.


Хүн ертөнцийг түмэн өнгөөр хүлээн авч мэдэрдэг нь байгалиас өгсөн гайхамшигт бэлэг билээ. Гэвч хүн аль нэг өнгийг хүлээн авах нь түүний сэтгэл санаатай нягт холбоотой сонин үзэгдэл юм. Хэргийн гол нь ямар өнгө бидний сэтгэлд илүү таатайд бус бид ямар өнгө ялгаруулдаг вэ гэдэгт байгаа юм. Эрдэмтэд аль хэдийн бүх амьд амьтад гэрэлтдэг, түүнийг нь цахилгаан соронзон талбайд харж болдийг нээжээ. Тэр дундаа хүмүүс биеийн болон сэтгэл санааны байдлаасаа болж янз бүрийн цахилгаан соронзон цацруулалт гаргадгийг судалж тогтоосон байна.

Цэнхэр өнгө үнэнч шударга, уяхан сэтгэлтэй хүмүүсийн шинж. Хэрэв тэд дээр нь боловсролтой, ухаалаг бол цэнхэр өнгө нь ногоонтой хамт, эсвэл дээр нь ногоон туяа цацран харагддаг байна. Хэтэрхий их сэтгэлийн зовиуртай, бодлогошронгүй хүн гүн улаан өнгө цацраах ба энэ нь оюуны хөдөлмөртэй холбоотой бол гэрэлт улаан-цэнхэр өнгөтэй хослоно. Хэний ч төлөө юугаа ч хайрладаггүй, хэт баяр баясгалантай хүмүүсийн цацруулах өнгө ягаан улаан эсвэл цайвар ягаан хөхдүү байдаг байна. Хүн төрөлхтөн бүр эрт дээр үеэс өнгөнд билэг тэмдгийн утга санааг өгч байжээ. Аль ч шашны бурхад ихэвчлэн цэнхэр өнгөтэй дүрслэгдсэн байдгийг судлаачид ажиглажээ. Орчин үеийн био энерги судлаачид ч цэнхэр өнгө сэтгэл санааг өргөж, уйтгар гунигийг арилган, тайвшруулж, тэр ч байтугай өвчинг намдаагч, биеийн халуун, цусны даралт багасгадаг болохыг баталдаг. Бас өргөн уудам ба сэрүүнийг мэдрэх боломж олгоно. Цэнхэр өнгө бас тэвчээр хатуужлын өнгө. Эмэгтэйчүүд ихэвчлэн цэнхэр, хөх өнгө илүү цацраана.

Улаан өнгө хараад цухалддаг хүмүүс голдуу ганцаардмал байх дуртай хүмүүс. Улаан өнгө нүдний хувьд хамгийн ядаргаатай төдийгүй оюун санааны системийг цочрооно. Энэ өнгө агшин зуур хүний анхаарал татах боловч маш түргэн сонирхол бууруулна.

Ягаан өнгө зөөлөн уяхан сэтгэлтэй хүмүүсийнх. Гэвч ажил хэрэгч, хэт практик хүмүүст төдий л таалагдахгүй.

Ногоон өнгө тайвшруулагч өнгө агаад түүнд дуртай хүмүүс өөрийгөө харуулах, өөртөө итгэлтэй байхад тэмүүлэх бөгөөд энэ нь тэдний амьдралд амин чухал зүйл юм. Ногоон өнгөнд дургүй хүн, би ахуйн асуудлууд, хувь тавилангийн эргэлтээс хэтэрхий их байгаад байгаа юм биш биз гэж бодоход гэмгүй.

Хөх өнгө хүний сэтгэлийн тайвшралтыг мөн илэрхийлэх ба орчин тойрны үймээн, бужигнааныг ч анзаарахгүй байж чаддаг. Энэ өнгөнд дуртай хүмүүс даруухан, харин өөртөө жаа-хан итгэл муутай улс. Хөх өнгө нүдэнд сайн, түгшүүр арилган, зүрхний цохилтонд сайнаар нөлөөлнө.

Шар өнгө амьдралын баяр баясгалантай, ухаалаг хүмүүсийнх. Энэ өнгөнд сониуч, олон нийтэч, ямар ч нөхцөл байдалд зохицож чаддаг хүмүүс дуртай. Харин гутрангүй, ган-цаардмал, зожиг хүнийг цухалдуулдаг байна. Шар өнгө мэдрэлийн системийг бэхжүүлэн, бадрангүй сэтгэлийг хөгжөөнө.

Улбар шар өнгө нарийн зөн мэдрэхүйтэй, мөрөөдөгч хүмүүсийнх ажээ. Гэхдээ амжилтанд хүрэх гэсэн эрмэлзэл нь голдуу үр дүнгүй болдог.

Чернилэн ягаан өнгө тун нууцлаг өнгө. Сэтгэлийн их хөдлөлтэй, мэдрэмтгий, ажил хэрэгч хүмүүс энэ өнгөнд дуртай гэнэ. Ид шидэнд итгэдэг хүмүүс голцуу энэ өнгийг эрхэмлэнэ.

Хүрэн өнгө сэтгэл хангалуун бус, түгшүүртэйг илтгэнэ. Өөрийнхөө зовиур, сэтгэлийг түгшүүрээ дотроо нуусан хүмүүс энэ өнгөнд дуртай ажээ. Ер нь хүрэн өнгийг дотроо түрэмгийллээ нуусан, сэтгэлийн их хямралтай хүн цацраадаг гэнэ.

Саарал өнгийг идэвхгүй өнгө гэж үздэг ба голдуу өөртөө итгэл муутай, шийдвэр гаргаж чаддаггүй, хэт сэжиг-лэмтгий, хартай, болгоомжтой хүмүүсийн өнгө гэж үзнэ. Хөнгөндүү, тэвчээр хатуужил муутай хүмүүс энэ өнгөнд дургүй ажээ.

Хар өнгө өөртөө итгэлгүй, амьдралыг бараанаар хүлээн авдаг, нэг их аз жаргалгүй хүмүүсийнх.

Цагаан өнгө маш зохистой бөгөөд бусад өнгөтэй адил элдэв цухалдал, уур уцаар хүмүүст өгдөггүй ажээ. Гэвч бидний цацраадаг өнгө, дурладаг өнгөнүүд маань сэтгэл санаа, биеийн байдал, цаг агаараас хүртэл хамаардаг ажээ. Нас ахих тусам бас өөрчлөгддөг гэнэ. Мөн бидний зан төрх, жилийн улирал, цаг үеийн хувцасны маяг хүртэл нөлөөлнө. Гэхдээ л энэ бүхэн бидний сэтгэл санаа, бодлын тухай мэдээлэл агуулж байдгийг мартаж болохгүй. Иймд дуртай, хэрэгтэй өнгөндөө дурлацгаая.

Хайртай хүнээ хажуудаа тогтоож хайр дурлалаа хамгаалж үлдэх 12 арга

Шал дэмий зөвлөгөөнүүд бас байх юмаа хэхэ

1. Илүү бас ямар ч хэрэггүй асуулт бүү тавь. Жишээлбэл: Чи яагаад намайг нэг ч удаа гэрт маань хүргэж өгсөнгүй вэ? гэх мэт өөрийгөө доош нь хийж өөрөө өөрийгөө эвгүй байдалд оруулах асуулт хэзээ ч бүү тавь.

2. Өнгөрсөн амьдрал дахь хайрын түүх, эр хүний тухай түүнд бүү ярь. Тэр чамайг урьд өмнө хэн нэгэнтэй хамт байсныг мэдэж байгаа харин одоо зөвхөн минийх гэдгийг л мэдрэхийг тэд хүсч байгаа.

3. Түүнийг ямар ч учир шалтгаангүй бас ялихгүй зүйл дээр хардаж сэжиглэх хэрэггүй. энэ нь тэдэнд өөрт нь итгэдэггүй юм шиг санагдахад хүргээд зогсохгүй зүгээр байхад хардаад байхад зүгээргүй байхад яадаг юм гэсэн бодол ч төрүүлэх аюултай. Иймээс түүнд “Зулаа чам руу нэг л жоготой хараад байсан, та хоёр ямар харьцаатай юм? Гэх мэт тэнэг асуулт тавих хэрэггүй.

4. Хэдийд ч ямар ч үед үргэлж сайхан харагд. Тэр чамаар бахархаж өөрийгөө ийм сайхан хүүхэн өвөртөлж унтдагтаа бардамнах боломж олгож бай. чамд ч гэсэн “ Хонгор минь чи ямар сайхан харагдаж байна аа” хэмээх үгийг сонсох таатай биш гэж үү?

5. Түүнийг энхрий үг магтаалд умбуул. Магтаалд дургүй эр гэж байдаггүй. гол нь түүнийг хэрэгтэй цаг мөчид оновчтой үгээр урамшуулж бай. Жишээлбэл: “Чи миний ямар тачаангуй юм бэ” эсвэл “ Чи минь хамгийн шилдэг нь. Гэх мэт энхрий дотно үгс хэрэглэхээс бүү татгалз. Цаасан малгай өмсгөж байгааг чинь мэдсэн ч гэсэн түүнийг маттахаас бүү эмээ.

6. Түүнээс өөрийн сэтгэл хөдлөл, баяр баясал хөөрлөө бүү нууцал. Магадгүй тэр өөрийгөө эмэгтэй хүнд таашаал, ханамж бэлэглэж чаддаггүй гэж голж явдаг ч юм билүү. 7. Бүгдийг өөрөө төлөвлөж бүхнийг өөрийнхөөрөө зохицуулах гэж хичээх хэрэггүй. түүнд шийдвэр гаргах боломж олгож бай. Эр хүн өөрийгөө эрх мэдэлтэй, хүчтэйг мэдрэх дуртай байдаг юм .

8. Түүний алхам тутамыг мөрдөж мөшгөх хэрэггүй. хэнд ч гэсэн өөрийгөө хулгайч шиг байнгын хараа хяналтан дор байхыг тэсвэрлэхгүй шүү дээ.

9. Түүнийг ойр дотныхон болон найз нөхдийнх нь дэргэд муулж доош нь хийж хэзээ ч болохгүй. Үүнийг ямар ч эр хүн хүлээн зөвшөөрч чаддаггүй юм. Тухайн мөчид инээд наргиа болгоод өнгөрөх боловч хэзээ ч ой ухаанаасаа арчиж хаядаггүй.

10. Хэзээ ч хэдийд ч түүнийг сексдэх гэхэд нь зайлсхийж татгалзсан хариу бүү өгч бай. Сексээс татгалзана гэдэг бол эрчүүдэд өөрсдөөс нь татгалзаж буйтай агаар нэгэн зүйл байдаг.

11. Эцэг эх, хадамуудын тухай ямар нэгэн хов зөөж түүний чихэнд садан төрлийн дунд болсон хэрүүлийн тухай нэг ч үг бүү цухуйлга. Ялангуяа түүний ах дүү, эцэг эхийг нь муучилсан ганц ч үг цухуйлгаж болохгүй. Эр хүн хажууд байгаа эмэгтэйгээс илүү эцэг эхээ нэгдүгээрт тавьдаг гэдгийг хэзээ ч бүү март. Харин чи түүний хувьд цорын ганц чухал хүн нь болох гэж эцэг эхийг нь газар дор ортол нь муулах ямар ч шаардлагагүй. тэр чамайг биш хэзээд төрсөн гэр бүлээ сонгох болно.

12. Түүнтэй яриа үүсгэж ам нээх бүрдээ надад тийм юм байхгүй, би тийм юм хүсч байна гэж яг л эцгээсээ юм нэхэж байгаа жаахан охин шиг аашлах хэрэггүй. харин үүний оронд өөрийн санааг цухуйлгаж хэдийд энэ тухай хэлбэл үр дүнтэй болохыг бод. Цагаа олсон юм бүхэн ашиг авчирч тохиромжтой үед хэлсэн ганц үг ч эзэндээ хожил авчирдаг юм шүү.

Гоё сайхан байх энгийн арга

Мөнхийн залуу байна гэж байхгүй хэдий ч өдөр тутмын амьдралдаа зөв зуршлыг хэрэгжүүлэх, гоо сайхан байх энгийн аргуудыг мэдэж хэрэглэснээр та урт удаан хугацаанд жавхаалаг, эрч хүчтэй байх болно гэнэээээээээээ, надаа л лав таарах юм алга хэхэхэ ;)


• Иймээс гар доорхи арга болох буцалгасан ус уух аргыг өөртөө хэвшүүл
• Мөн нэг төрлийн эмчилгээ бол цагаан хоол юм. Гэрийнхээ хоолны цэсэнд дор хаяж сард нэг удаа цагаан хоолыг оруулаарай.
• Өтгөн цай, кофе, согтууруулах ундааны зүйл, удаан хадгалагддаг бэлэн хоолноос аль болох татгалзахыг зөвлөе.
• Харин ургамлын гаралтай тос, шинэхэн жимс ногоо, сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэ.
• Сайн унтаж амрах
Арьс хуурайшиж, тэжээл дутагдсан үед доорхи аргыг хэрэглэж болно.
• Өндөгний шар уураг дээр жижиг цайны халбага зөгийн бал, ургамлын тос нэмж хийнэ. Зуурмагаа сайтар хольж хутгасны дараа нүүрэндээ түрхэж 10-15 минут байлгаад бүлээн усаар угааж арилгана.
Эцэст нь хэлэхэд хүн бүр гоо сайхнаа хадгалах өөр өөрийн аргатай. Харин түүнийгээ дадал хэвшил болгож үр дүнг нь үзээрэй.

Хүний нэрний эхний үсэг түүний зан чанарыг тодорхойлдог гэсэн үзэл байдаг. Гэхдээ та үүнд итгэх эсэх нь мэдээж таны л сонголт билээ. Би бол итгэхгүй

А - Хүч чадал, эрх мэдэл
Б - Агуу хайр сэтгэл
В - Хувирамтгай, эмх журамгүй
Г - Оньсого мэт нууцлаг
Д - Нийтэч, хүмүүсийг өөртөө татах чадвартай
Е - Биеэ дайчлах чадвар
Ж - Өөртөө итгэлгүй
З - Эргэлзэмтгий, хөрөнгө материалын хүндрэл
И - Авхаалжтай, соргог, түгшимтгий
К - Их санаатай, түүндээ хүрэх гэж хичээдэг
Л - Логик сэтгэлгээтэй, сэтгэж чаддаг, олхиогүй зантай
М - Хөдөлмөрч ёсорхог
Н - Их эрч хүчтэй, нэр төр хөөдөг
О - Сэтгэлийн их хөдөлгөөнтэй
П - Даруу ганцаарддаг
Р - Байнгын түгшүүр, сэтгэл их хөдлөл
С - Бухимдуу гутруу
Т - Байнгын эрэл хайгуул, төгс төгөлдөрийн хойноос хөөцөлддөг
У - Айдас зөн билэг
Ф - Эелдэг зөөлөн
Х - Бэлгийн асуудалтай
Ц - Сэтгэл доторхоо гаднаа илэрхийлэх хандлагатай
Ч - Үнэнч шударга
Ш - Хартай, зөвшилцөж чаддаггүй
Щ - Өшөө авамтгай, оюуны потенциал ихтэй
Э - Сэтгэлийн тэнцвэрээ хайдаг
Ю - Их зантай, биеэ тоомтгой
Я - Боловсон уран бүтээлч

Sunday, August 15, 2010

Битгий урваарай миний хүү

Г.Мөнхцэцэг

Хаанаас ирснийг нь мэдэхгүй
Хачин янзын амьтан минь
Хүзүүндээ зүүж эрхлүүлсэн
Хуруун чинээхэн бурхан минь
Үсээ цайтал хүлээсэн хөгшид
Үр минь чамайг авчрах гэж
Холын холд одоцгоосон

Гоёх насаа өөрөөсөө ч харамласан эжий минь
Ганцхан өглөөний нарнаар эмээ болж угтсан юм шүү чамайг
Чарлахаас өөрийг мэдэхгүй ирсэн чамайг
Цас бороонд бүгдээрээ сонссон юм шүү

Цамцны минь цаанаас унах гэж яарсан өдрүүдээ
Чамлаж битгий урваарай миний жаахан хүү
Чийгтэй хөх өвс яаж уйлдгийг харуулах гэж
Чинийхээ хөлийг ээж нь шүүдрээр угааж өгсөн юм шүү.
Цэцэг тасдаж эрхлэхгүй уяхан болгох гэж эжий нь
Чихэн дээр чинь тонгойн шүлэг аялсан юм шүү

Торгон ногоон дэвжээг хотойтол дэвэх аав нь
Тоглох газрын чинь хатууг зөөллөх гэж
Торгоор гоёсон зодгоороо
Тоосыг нь хааяа арчиж өсдөг юм шүү миний хүү
Томоо болсныг чинь шалгах гэж
Тоостой энэ орчлон хайртай бүхнийг чинь булаадаг юм шүү
Тогтохын дээдээр тогтсон хүлгийн нуруунаасаа
Тохсон эмээлээ сольж өөрөөсөө битгий урваарай

Бүгдээрээ чамайг жаргаах гэж
Бүсгүй болгон царайлаг төрдөггүй
Бүгээн хонгор нулимсаа эр хүн нууж унагадаг юм
Бүсээн нэвчтэл ганцаардахад чинь хэрэг болноо тэр чинь

Цагаахан сүүгээ ивэлтэл асгаруулж
Цээжээн хаттал өөрийгөө шингээлээ эжий нь чамд
Цагийн цагт холын холд ч цадталаа хөхсөн
Хүний үнэрээс минь битгий урваарай
Бүсийг чинь задалж хуурайлцсан аавынх нь энгэр шиг дулаахан
Бүгдээрээн зүхсэн ч энэ Монголоосоо бүр ч битгий урваарай
Миний жаахан хөвүүн

Thursday, August 12, 2010

Усны тунгалаг Тамирын гол

Уужмын холоос гvйдэлтэй хvлэг
Усных нь амтыг vгvйлэн ирдэг
Уулсынхаа сvрийг урсгалдаа тээсэн
Усны тунгалаг Тамирын гол оо

Хултай айргийн дугараа тойрон
Уртын дууны тvрлэг хадсан
Хунгийн чуулга шиг цагаан гэрvvд
Дэнжийг нь чимсэн Тамирын гол оо

Сарын газраас тэмvvлсээр ирэхэд
Шаагих урсгал нь чихнээ яруухан
Ухаант тvмний минь тvвшин зан
Урсгал дєлгєєн Тамирын гол оо

Саруул хорвоогийн жаргал эдлэн
Сайхан ханьтайгаа хослон цэнгэхэд
Саран тээсэн урсгал дундаа
Биднийгээ тольдсон Тамирын гол оо

Шугуйн намианд нь салхи найрсан
Шувууд чуулан шагшран жиргээд
Vзсэн хvний сэтгэлийг жаргаах
Vзэсгэлэн тєгєлдєр Тамирын гол оо

Monday, August 2, 2010

Валютын нөөц

Олон жилийн турш америк доллар дэлхийн нөөцийн гол валют байсан билээ. Энэ нь АНУ-ын эдийн засгийг улам хүчирхэгжүүлж байсан ч сүүлийн арван жилээс улс орнууд доллароос аль болох татгалзан өөрийн гэсэн валюттай болох арга зам эрэлхийлэх болсноор Америкийн эдийн засагт өөрчлөлт орж эхэлжээ.

Харин үүний дараа Европын орнуудын гаргасан евро хэмээх мөнгөн тэмдэгт дэлхийн дараагийн нөөцийн валют болно гэж олон жилийн турш ярьж байсан. Гэвч Грекийн өрийн хямрал Испани, Португал, Итали зэрэг оронд санхүүгийн тогтворгүй байдал үүсгэн хөрөнгө оруулагчдын еврод итгэх итгэлийг үгүй болгожээ.

Европын нийт нутгийг хамарсан өрийн хямралын энэ нөхцөл байдлыг евро даван гарч чадахгүй байж магадгүй гэсэн яриа ч гарав. Америк доллар, еврогийн аль алиных нь ханш тогтвортой бус байгаа энэ үед хөрөнгө оруулагчид өөрсдийн хөрөнгөө аюулгүй байлгах арга зам хайж байгаа юм.

Хөрөнгө оруулагчид хамгийн найдвартай валютаар алтыг илүүд үзэх хандлага ажиглагдах болжээ. Үүнээс харахад ирээдүйн нөөцийн шинэ валют алт болох уу? гэсэн асуулт гарч байгаа юм.

Дэлхийн улс орнуудын цаасан валют тогтворгүй болохоо харуулж байгаа бөгөөд алт илүү сайн сонголт болж байна. Түүнчлэн дэлхийн бүх орон гадаад валютын нөөцөө төрөлжүүлэх арга зам хайж байна. Жишээ нь: Хятад улсын гадаад валютын нөөц бараг хоёр триллион доллар хүрсэн бөгөөд америк долларын эзлэх байр суурийг багасгах хүсэлтэй байгаа. Гэвч ямар мөнгөний нэгжээр нөөц валютаа байршуулах нь бас л нэг асуудал үүсгэж байгаа аж.

Еврогийн хувьд тогтворгүй валют болсон. Учир нь Грекийн өрийн хямрал үүнд ихээхэн нөлөөлж байгаа бөгөөд тус улсын нөхцөл байдал Итали, Испанид нөлөөлж, Олон улсын валютын сангийн тусламж хүсч байгаа билээ.

Харин Британийн мөнгөн тэмдэгт фунт стерлингийн ханш ч төдийлөн сайнгүй байгаа. Британид ч өрийн хямрал нүүрлэжээ. "Британийн Засгийн газраас удахгүй хэрэгжүүлэх хэмнэлтийн арга хэмжээ нь олон нийтийн бухимдлыг ихээхэн хүргэж байгаа" гэж Английн Банкны дарга Мервин Кинг саяхан мэдэгдсэн байна.

Японы мөнгөн тэмдэгтийн хувьд гэвэл хачирхалтай нь тус улсын мөнгөн тэмдэгтийг сонирхох хандлага ажиглагдаж байгаа ч үнэндээ бол Японы өрийн нөхцөл байдал дэлхийн хамгийн мууд тооцогдож байгаа аж. Японы нийт өр ДНБ-ний 201 хувь хүрч, гуравдугаар сарын байдлаар цаасан мөнгө гаргахад тавьсан хязгаартай хийх тэмцэл нь 13 дахь сардаа үргэлжилж байна. Тиймээс иен нөөцийн валют болж чадахгүй.

Энэ бүх дүгнэлтээс нөөцийн валют болох мөнгөн тэмдэгт ховор байгаа тул америк долларыг дахин сонгох уу гэсэн эргэлзээг дахин төрүүлж байна. Гэвч дэлхийн орнууд долларыг шахах хүсэлтэй байгаа.

АНУ нь дэлхийн түүхэн дэх өрийн хамгийн том уулыг үүсгэсэн. Түүнчлэн АНУ- ын Засгийн газрын тайланд тус улс санхүүгийн урсгалыг тогтворжуулж чадахгүй байгааг хүлээн зөвшөөрсөн билээ. АНУ-ын эдийн засаг үхлийн эргүүлэгт орж, долларын ханш ихээхэн суларсан юм. Үүнээс харахад дахин хэлэлцсэн ч доллар найдваргүй валют болж байна.

Харин алтны хувьд одоогийн нөхцөл байдалд сайн үзүүлэлттэй байгаа. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар нэг унц алтны үнэ өсч, 1210 доллар болов. Хөрөнгө оруулагчид дэлхийн цаасан гол мөнгөн тэмдэгтүүдээс татгалзан энэхүү үнэт металлыг илүүд үзэж байна. Түүнчлэн санхүүгийн мэргэжилтнүүд сүүлийн үед алтны талаар мэдээлэл, нийтлэл, тайлбар түлхүү бичиж, ярих болжээ.

Жишээ нь: Чикаго хотын санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг "Арчер" компанийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний шинжээч Стефен Платт: "Европыг хамарсан өрийн хямрал олон орныг хамарч байгаа энэ үед алтанд найдахаас өөр аргагүйд хүрч байна", "Ситигрупп" компанийн шинжээч Дэвид Туртелл: "Европын Засгийн газар, банкууд хямралтай байгаа энэ үед алтны ханш сайн байгаа" гэлээ.

Мэргэжилтнүүд иймэрхүү дүгнэлт өгч байгаа учир алтны ханш цаашид энэ байдлаараа үргэлжлэх болов уу? Санхүүгийн томоохон байгууллагууд алтны үнийг барихаар үргэлж ажилладаг гэдгийг алтны зах зээлийн мэргэжилтнүүд мэддэг. Хөрөнгө оруулагчид алт худалдан авах эрэлт нэмэгдвэл юу болох вэ? Мэдээж хэрэг энэ нь мөн л эмх замбараагүй байдал бий болгоно.

Дэлхийн цаасан мөнгөн тэмдэгтүүд алт зэрэг үнэт металлын ханшид ч тогтворгүй байдал бий болгосоор л байна. Тиймээс алтыг нөөцийн валют болгох санаа нь шинэ санаа болж чадахгүй байх. Угаасаа л энэ үнэт металл нь олон жилийн өмнөөс нөөцийн валют байсаар иржээ.