Wednesday, September 15, 2010

“Коньяк” гэж юу вэ?

1939 онд коньякны усан үзэм тарих хөрсийг янз бүрийн шинжээр нь зургаан бүсэд хуваан тодорхойлжээ. Гранд Шампань, Пти Шампани гэсэн хоёр бүс хамгийн шилдэгт тооцогддог бөгөөд цэрдийн агууламж хамгийн их хөрстэй учир усан үзмийн спиртэд их онцгой амт оруулдаг байна. Дараагаар нь Бордери болон Фэн Буа гэдэг хөрс ордог. Бордери спиртүүд амтлаг, хурц тод амттай, коньякийг “хүрээтэй” болгодог. Бусад бүсийн спиртүүд коньякийн бие болж, залуу коньяк үйлдвэрлэхэд зориулагддаг.

Хамгийн алдартай брендид /"Бүх коньяк - бренди, гэхдээ бүх бренди - коньяк биш". Усан үзмийн, жимсний бренди гэж байдаг/ нэрийг нь өгсөн, Францын Коньяк хот нэрээ эртний римчүүдээс авчээ. Римийн үед энэ тойргийг Coqnu муж тэргүүлдэг байж. Энэ нэр цагийн эрхээр Coqnac болсон байна. Коньяк хот Шаранта голын эрэгт, Парис хотоос 465 км зайтай оршдог.

Коньяк хотод төрсөн, нэгдүгээр Франсиск хаан 1515 онд төрөлх хотдоо онцгой эрх олгож, дарсны худалдааны татварыг бууруулжээ. Энэ нь нутгийн дарс үйлдвэрлэгчид идэвхтэй ажиллах таатай нөхцөлийг бүрдүүлсэн байна. Чухам энд 16 дугаар зуунд нутгийн цагаан дарсыг нэрж, усан үзмийн спирт гаргаж сурчээ. 17 дугаар зуунд химийн мэргэжилтнүүд спиртийг хоёр дахь удаагаа нэрж, коньякийн гол нууцыг гаргаж авсан байна. Ингэж хоёр дахин нэрснээр спирт илүү хатуу, цэвэр бөгөөд зөөлөн амттай болдог аж. Тийнхүү хоёр дахь удаа нэрэх үед спиртийг “толгой”, “бие”, “сүүл” гэсэн гурван бүлэгт хуваажээ. Удаан хадгалахад зөвхөн “бие”-ийг сонгодог.Дарс үйлдвэрлэгчид коньяк үйлдвэрлэх түүхэн сүүлчийн алхмыг хийжээ. Тэд дарсны спиртээ царсан торхонд дарснаар өнгөгүй, тунгалаг спирт шаргал өнгөтэй, гайхалтай амттай болдог байна.

Францын бүх бүс нутагт дарс дарах нь түгээмэл болсон ч шарантын нэрэлт цэвэр бөгөөд төгс амтаараа бүх брендиэс ялгардаг аж. 1909 оноос Шарантын эргийн дарсан усан үзмийн спирт “Коньякийн бренди” гэгдэхээ больж, зүгээр л “коньяк” гэдэг нэртэй болжээ. Жинхэнэ коньякийг нутгийн усан үзмээс гарган авч, тэндээ зэс тогоонд уламжлалт давхар аргаар нэрж,торхонд дарах ёстой. Коньякийн районы талбайг улсаас хязгаарласан байдаг. Хил хязгаарыг хөрсний чанар болоод уур амьсгалд тэсвэртэй байдлаар нь нарийвчлан тогтоодог. Районд 250 гаруй үйлдвэрлэгч байх бөгөөд тэд бүгд бий болсон цаг хугацаа, үйлдвэрлэлийн зохион байгуулалт, санхүүгийн байдал, амт, барааны тэмдгийн нэр хүндээр ялгаатай. Үйлдвэрлэгч бүр өөрийн гэсэн хэв маягтай.

Барааны тэмдэг, коньякийн үйлдвэр, хамгийн сайн бөгөөд язгууртны ундааны үйлдвэрлэлийн талаар одоо өгүүлье.

REMY MARTIN - 1724 онд Францын дарс үйлдвэрлэгч Реми Мартены үүсгэн байгуулсан коньякны хамгийн том үйлдвэр юм. Энэ үйлдвэр VSOP коньякийн худалдаагаар тэргүүлдэг. Ийм тэмдэгтэй бүх коньякийг Гранд Шампань, Пти Шампань төвийн районы усан үзмээр хийсэн байдаг. Тийм коньякуудыг бас Файн Шампань /Fine Champaqne/ гэж нэрлэж болдог. Энэ үйлдвэрийн онцлог нь тунадастай дарсыг дахин нэрдэгт оршдог. Ингэж нэрснээр коньяк тослог, төгс амттай болдог байна.

Царсан торхонд олон жил дарах явцад коньяк самар, жимс, халуун ногоо, шоколадны амтагдсан, жинхэнэ язгууртны хуурай амттай болдог. Людовик XIII коньяк чухам энэ үйлдвэрийнх бөгөөд зөвхөн Гранд Шампанийн усан үзмээр хийдэг аж.
CAMUS - коньякны КАМЮ үйлдвэр гэр бүлийн бие даасан компаниуд дотроос хамгийн том нь юм. Үйлдвэрийг 1863 онд мастер Жан-Батист Камю үүсгэн байгуулжээ. 20 дугаар зууны эхээр энэ ордны коньякуудын 70 гаруй хувийг Орост уудаг байсан ба 1909 онд Камю “Эрхэмсэг эзэн хааны ордны нийлүүлэгч” гэсэн албан ёсны статустай болсон байна. Оросын хоёрдугаар Николай хаан Камюгийн дарсан коньякт их таашаадаг байв. Үнэндээ Камюгийн удаан дарсан коньяк нь коньякаас ч илүү юм. /Үйлдвэрлэлийн түүхээс: удах тусмаа зөөлөн, сайхан үнэртэй болдог. Спирт дарах технологиос маш олон зүйл хамаатай. Эхний жил коньякийг шинэ царсан торхонд дардаг. Шинэ торх маш хатуу, залуу, төгс байдалтай болгоно. Дараа нь спиртээ хуучин торхонд юүлнэ. Эс бөгөөс коньякт холтосны амт их шингэж, гашуун болно. Хуучин торхонд ихдээ 50 жил дардаг. Түүнээс хойш зөвхөн шилэнд дарах боломжтой. Тэгээд марьяж буюу коньякны 10-аад спиртээс бүрдсэн нийлэмж болдог. Зарим шилдэг коньякт орсон спиртийн тоо 100-аас 200 хүрдэг/. 1999 онд Камю Экстра Ординер Олон улсын дарс болон хатуу ундааны уралдаант шалгаруулалтаас “Дэлхийн шилдэг коньяк” цол хүртсэн байна. Энэ нь Бордери их хэмжээгээр агуулагдсан 200 гаруй коньякийн спирт орсон бүтээгдэхүүн юм. 25 жил дарсан. Өнгө нь гүн алтлаг шаргал. Болсон жимс, хуш мод, зөгийн балны нарийн амт орсон байдаг. Энэ үйлдвэрийн зарим коньяк Баккарын тусгайлан хийсэн болор лонхонд савлагддаг. Жишээ нь үйлдвэрийн ойд зориулан 1913 онд бүтээсэн Камю түүхт ой коньяк.
LHERAUD (Леро) - 1680 оноос Лерогийн гэр бүл Коньяк хотын ойролцоо Пти Шампаньд усан үзэм тариалжээ. Өнөөдөр ч энэ үйлдвэрийн усан үзэмчид Гранд Шампань, Пти Шампань, Фэн Буа гэсэн бүс нутгийнхаа гурван шилдэг мужид байрлаж байна. Леро Кюве 10 коньяк царсан торхонд 10 жил дарагдаж, нэлээд халуун, тансаг сайхан амттай байдаг. Леро Кюве 20-ийг 20 жил дарсан. Энэ хугацаанд спирт торхноосоо ууршдаг. Ингэж ууршихыг “сахиусан тэнгэрийн хувь” гэж нэрлэдэг. Самар, цагаан гаа, жүржийн үйрмэг хальс шүүгддэг. Ваниль, шанц амтагддаг. Энэ коньякийг хоолны үеэр болон хоол идсэний дараа уухад тохиромжтой. Леро бас цэвэр, нэг жилийн торхны коньяк санал болгох ховорхон үйлдвэрийн нэг гэдгээрээ алдартай. Тийм коньякт саахар, ямар нэг өөр бүтээгдэхүүн нэмдэггүй, өрийн өнгө, амтаараа ялгаатай байдаг. Цэвэр, нэг жилийн торхны их удсан коньяких ховор, үнэтэй байдаг. Тэдгээрийг цөөн тоогоор, гараар үйлдвэрлэдэг. Тийм коньякууд худалдаанд гаргахад зориулагдаагүй өөрөөр хэлбэл, өргөн хэрэглээний бус коньякт тооцогддог. Энэ үйлдвэрийн коньякны үнийг онцлог тэмдэглэмээр байна. Өргөн хэрэглээний, удаан дарсан коньякуудаас хямд байдаг, учир нь дэлхий даяар сурталчлах гэж зарлага гаргадаггүй аж. /түүхээс: коньяк үйлдвэрлэл хатуу хуулинд захирагддаг, тэр хуулийг дагаж мөрдсөнөөр үйлдвэрлэгчид хурц бөгөөд дахин давтагдашгүй шинж чанартай коньяк гаргаж авах асар их боломжтой юм. Хуулинд нь дарах жилийн ангилал болгоны коньякийг дарах хамгийн бага жилийг тодорхой заасан байдаг. VS /Very Special/ ангиллын коньякт орох хамгийн залуу спирт 2,5-аас цөөн жил дарсан байж болохгүй. VSOP /Very Special Old Pale/ ангиллынх 4-өөс цөөн жил, Napoleon 6-аас цөөн жил дарсан байж болохгүй. Амьдрал дээр коньякууд, ялангуяа шилдэг үйлдвэрийн Реми Мартин, Камю, Хеннесси коньякийн дундаж "нас" хамаагүй өндөр байдаг.

Коньянкны ангилал:
* V.S.(Very Special) буюу Trois Etoiles («Гурван од») - 2,5-аас доошгүй жил торхонд дарсан коньяк;
* V.O.(Very Old), Reserve - удаан дарсан;
* V.S.O.P.(Very Superior Old Pale) - маш чанартай, хуучны, цайвар; 4-өөс доошгүй жил торхонд дарсан коньяк
* V.V.S.O.P.(Very-Very Superior Old Pale), Grande Reserve - үнэхээрийн чанартай, удаан дарсан, цайвар; 5-аас доошгүй жил торхонд дарсан коньяк
* X.O.(Extra Old), Extra, Napoleon, Hors d'age, Tres Vieux, Vieille Reserve - удаан дарсан, дээд зэргийн; 6 жил торхонд дарсан коньяк

No comments: