Tuesday, March 9, 2010

Алтны үнийн хандлага

Алтны ханш 2001 оноос хойш өнөөг хүртэл 4 дахин өссөн гэдгийг та бид мэднэ. 2001 оноос 2008 он хүртэл толгой дарааллан бүх таваарын үнэ өссөн гэхэд хилсдэхгүй. Гэхдээ олон улсын эдийн засгийн хямралын шуурганаар тэнгэрт байсан үнүүд хэсэгхэн зуур бууж ирсэн. Харин алтны үнэ тэндээ тогтож үлдээд цаашаа өсч байна. Үүний шалтгааныг олж мэдэхийн тулд хэдэн хэдэн зүйлсийг сонирхож үзэх хэрэгтэй.

AU - Aurum
Алт бол эртний төлбөрийн хэрэгслийн үүрэг гүйцэтгэгч бөгөөд гоёл чимэглэл болон үйлдвэрлэлд ашиглагддаг үнэт метал юм. Алт бол платиниум, палладиум ба мөнгө нарын адил үнэт метал билээ. Бусад металууд нь үнэт металын ангилалд хамрагддаггүй болно. Эрт дээр үеэс хойш алт валютын үүрэг гүйцэтгэхийн хажуугаар баялгийн илэрхийлэл болж байлаа. Тийм учраас алт үеийн үед хүмүүсийн ухамсарт баялгийг хадгалах хэрэгсэл гэдэг утгаараа баттай суужээ.

XAU
Алт нь таваарын зах зээлд хамаарахаас гадна заримдаа түүнийг олон улсын валютын зах зээлд хамааруулсан байвал гайхах зүйл үгүй. XAU бол олон улсын стандартын байгууллагаас алтанд оноосон валютын код юм. Алт өөрөө химийн элемент, төв банкуудын валютын нөөцөд багтдаг, маш олон хүн өдөр тутам хэрэглэдэг зэрэг олон шинж чанараараа аль ч таваарыг дагуулахгүй.

Тийм ч учраас олон улсын санхүүгийн зах зээлд алтны данс гэсэн ойлголт байх. Өөрөөр хэлбэл алтаар нэгж нь илэрхийлэгддэг төлбөр тооцооны дансыг арилжааны банкууд ашигладаг. Ийм дансанд хадгалагдаж байгаа алтыг биет бус алт гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл дансанд байгаа валюттай адилаар биежээгүй гэсэн үг. Энэ нь алтанд чөлөөтэй хөрөнгө оруулалт хийх боломжийг олгож байгаа юм.

Төв банкуудын алт
1948 онд 30,182 тонн алтыг олон улсын төв банкууд эзэмшиж байсан. Түүхэн үеийн турш энэ хэмжээ 5 орчим мянган тонноор өссөн боловч сүүлийн жилүүдэд тасралтгүй буурах хандлага байгаа юм. Аль нэг төв банк дангаар зах зээл дээр их хэмжээний алт нийлүүлж ханшийг унагаахаас сэргийлсэн олон улсын пакт бий. Үүнийг 1999 оны Вашингтоны пакт гэж нэрлэдэг. Одоо хүчинтэй пакт ёсоор уг пактад нэгдсэн төв банкууд нийтдээ жилд 600 тонноос илүү алт олон улсын зах дээр зарж болохгүй.

Баттай бус мэдээгээр дэлхийн хөрсөн дээр нийтдээ 170 орчим мянган тонн алтыг олборлож гаргаад буй. Алт химийн элемент учир нефтьтэй адил устаж үгүй болохгүй.

Төв банкууд өөрсдийн эзэмшил алтаа сүүлийн жилүүдэд нэлээд идвэхтэй зарах хандлагатай болсон. Гэтэл зарим төв банкууд тухайлбал Хятад, Оросын төв банкуудын хувьд харин эсрэгээр алт худалдаж авах үзэгдэл гарсан байна. Учир нь эдгээр орны төв банкууд маш их долларын нөөцтэй болсон. Долларын ханш унаж эхэлсэнээр тэр их нөөцөө хааш нь хийхээ мэдэхээ больж эхэлжээ. Ер нь аливаа орны валютыг хэт ихээр төв банк нөөцдөө эзэмших нь заримдаа эрсдэлтэй. Үүний оронд аль ч орны өмчлөлд үл харъяалагдах алтаар нөөцөө бүрдүүлэх гарц байна.

Төв банкны нөөц нь үндэсний мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдлыг хангахад чиглэгддэг гэж үзвэл нөөцийг хөрвөх чадвар сайтай валютаар бүрдүүлэх нь чухал. Дээхнэ үед алтаар төлбөр тооцоо хийх нь түгээмэл байсан боловч одоо алт үндсэндээ төлбөр тооцооны эргэлтээс гарсан нь төв банкируудын хувьд алтаар нөөц бүрдүүлэх тал дээр зарим эргэлзээ төрүүлэх болсон нь нууц биш. Тийм ч учраас хөгжингүй орнуудын төв банкууд нөөцөөсөө зарж эхлээд буй. Аль нэг улсын төв банк нөөцийн алтаа нэмэгдүүлж эхэлмэгц алтны үнэн фенүүд алга ташин угтдаг нь санаандгүй зүйл биш.

Алтны үнэ
Алтны үнэ түүхэн рекорд түвшиндээ хүрээд байгааг та бид мэднэ. 11-р сарын 26-ны байдлаар алтны ханш шинэ рекорд тогтоож 1185 долларт хүрсэн байна. Олон улсын захад алтны үнийг хүндийн хэмжүүрийн нэг төрөл болох трой унцаар илэрхийлдэг. 1 трой унц нь 31.1034768 граммтай тэнцдэг. Энэ ханш нь хэр өндөр юм бэ гэдгийг бид хялбархан мэдэж болно. Ингэхийн тулд алтны дундаж өртөгийг өөрөөр хэлбэл алт олборлох өртөгийг мэдэх шаардлагатай. Олон улсын олборлолтын өртөг нь тухайн орд үндсэн орд эсвэл шороон орд эсэх, олборлолтын аль шатанд яваа, ямар татвар төлдөг зэрэг олон хүчин зүйлсээс хамаарна. 2001 онд олон улсын дундаж олборлолтын өртөг 250 орчим доллар байлаа. Харин энэ үед Монголын дундаж өртөг 190 орчим доллар байв. Өнөө үед миний харж байгаагаар олон улсын дундаж өртөг 400-450 доллар, харин Монголын өртөг үүнээс 50 орчим долларын доогуур байгаа болов уу.

Тэгэхээр өнөөгийн ханш нь өртөгтэй харьцуулахад өндөр ханш гэж ойлгогдох юм.

Үүнээс улбаалаад алтны ханш огцом унах эрсдэлийг улам бүр ихэсгэж байгаа юм. Бид алтны графикаас 2001 оноос хойш алт өсөхдөө хэд хэдэн удаа маш ихээр унаж байсныг харж болно.

Яг одоогийн ханшийн өсөлт бол долларын хямралаас голдуу улбаатай. Ерөнхийдөө сүүлийн 30 орчим жилийн түүхэнд алт доллартай эсрэг хамааралтай явж ирсэн. Учир нь алтыг долларын альтернатив гэж хөрөнгө оруулагчид үздэгтэй холбоотой. Долларын орчин үеийн эдийн засагт гүйцэтгэх үүрэг саяны олон улсын эдийн засгийн хямралаас болоод ихээхэн эргэлзээтэй болсон нь хүмүүс safe heaven буюу аюулгүй хөрөнгө оруулалтын хэрэгслүүдэд татагдах шалтгаан болжээ. Энэ "аюулгүй" хөрөнгө оруулалтын хэрэгслүүдийн жагсаалтыг алт тэргүүлдэг юм.

Алтны эрэлт, нийлүүлэлт
Үнэ эрэлт нийлүүлэлтийн тэнцвэр дээр тогтоогддог. Тэгвэл бид суурь шинжилгээ хийхдээ юуны өмнө эрэлт ба нийлүүлэлтийн бүтцийг авч үздэг.

Алтны үнэ өссөнтэй холбоотойгоор алтны суурь хэрэглээ жил дарааллан буурсаныг бид графикаас харж болно. Өөрөөр хэлбэл алт үнэтэй болсон нь алтан гоёл чимэглэлийн эрэлтэд цохилт болсон байна. Энэ бол муу мэдээ юм. Алтны ханш эргэж буурах үед алтны суурь хэрэглээний эрэлт сэргэх эсэх нь эргэлзээтэй. Хүмүүс сүүлийн үед үнэтэй шар металыг зүүх сонирхол ерөнхийдөө буурч байгаа нь анзаарагдаж байгаа. Гэхдээ дэлхий даяар мөнгөтэй хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа нь үүний эсрэг хаалт болж байна. Одоо харин алтны ханшийг суурь эрэлт буурч байх үед ч гэсэн өсгөхөд хүрч байсан хөрөнгө оруулалтын эрэлтийг авч үзье.

Алтанд хийх хөрөнгө оруулалт
Алтанд хүмүүс эрт үеэс хөрөнгө оруулалт хийсээр ирсэн. Харин саяхнаас алтанд огт өөр байдлаар хөрөнгө оруулалт хийж эхлэв. Өмнө нь алтан гулдмай авч хадгалах, алтан эдлэл хадгалах зэргээр хөрөнгө оруулалт хийдэг байсан бол орчин үед биет бус байдлаар хөрөнгө оруулалт хийх үзэгдэл газар авсан. Эдгээрээс хамгийн нөлөө бүхий нь алтны хөрөнгө оруулалтын сангууд юм. Одоо оршин байгаа хамгийн том сан болох SPDR gold fund 2004 онд байгуулагдсан. (графикт SPDR санд төвлөрсөн алтны хэмжээ ба алтны ханшийг харуулав)

Алтны санд хувь хүмүүс болон хөрөнгө оруулалтын байгууллагууд тухайн сангийн хувьцааг худалдаж авах замаар хөрөнгө оруулалт хийнэ. Харин хувьцаа зарагдан санд төвлөрсөн мөнгөн хөрөнгөөр биет алт худалдан авах ажиллагааг сангийн менежер зохион байгуулдаг. Өөрөөр хэлбэл биржээр арилжаалагддаг ихэнх сангуудын (ETF - exchange traded fund) адил алтны биржээр арилжаалагддаг сангууд нь санд төвлөрсөн мөнгөн хөрөнгийг зөвхөн алт худалдан авахад зарцуулдаг. Тэгэхээр хөрөнгө оруулагч сангийн эзэмшиж буй алтны тодорхой хэсгийг шууд бусаар эзэмших боломжтой болно гэсэн үг. Алтны ханш өсөх тутам хөрөнгө оруулагч анх оруулсан хөрөнгө дээрээ ашиг олох боломжтой болдог. Эсрэгээр алтны ханш унахад хөрөнгө оруулагчын эзэмшиж буй хувьцааны үнэ унаж алдагдал хүлээдэг. Дашрамд дурьдахад саяны түүхэн дэх хамгийн том "понзи" залилангийн эзэн Бернард Мадофф нь орчин үеийн биржээр арилжаалагддаг сангуудыг анх санаачилсан хүн юм.

Дэлхий дээр байгаа нийт алтны хөрөнгө оруулалтын сангуудын эзэмшиж байгаа алтны хэмжээ 2002 онд хэдэн арван тонн л байсан бол одоогийн байдлаар ойролцоогоор 1800 орчим тонн болоод байна. (SPDR сан үүнээс 1200 орчим тонныг эзэмшиж байна)

Сангуудаас гадна бодит хэмжээг нь тогтооход төвөгтэй нэг хөрөнгө оруулалтын хэлбэр бол "алтны данс" юм. Энэ нь хөрөнгө оруулагчдыг банкаар дамжуулан алтанд биет бус хөрөнгө оруулалт хийх боломжийг олгодог хэрэгсэл юм. Тухайлбал 2004 онд Худалдаа Хөгжлийн банк анх алтны дансны үйлчилгээг гаргаж байсан жишээ бий. Энэхүү данс нь валютын данстай ижил бөгөөд хэмжих нэгж нь алт байна. Ийм алтны дансуудаар дамжин дэлхий даяар хичнээн тонн алтны хөрөнгө оруулалт хийгдээд байгааг хэмжихэд төвөгтэй.

Энд нэг анхааралт татаж буй зүйл бол биет бус байдлаар алтанд хийгдээд байгаа хөрөнгө оруулалтын хэмжээ юм. Зөвхөн алтны сангаар дамжин хийгдсэн хөрөнгө оруулалтын хэмжээ удахгүй алтны олборлолтын хэмжээтэй тэнцэхээр байгаа нь ханшийг тогтворгүй болгож байгаа юм. Учир нь алтанд хийсэн хөрөнгө оруулалт нь худалдан авсан гоёл чимэглэлийг бодвол хугацааны хувьд бага зөвхөн үнийн өсөлтөөс ашиг олох зорилгоор хийгддэг тул үнэ бага зэрэг унахад сандралд орох хандлага байдаг.

Спекуляторууд
Яг өнөөдрийн байдлаар зөвхөн COMEX бирж дээрх дилерүүдийн цэвэр худалдан авсан алтны хэмжээ 734 тонн хүрсэн байна. Өмнө нь хэзээ ч ийм өндөр түвшинд хүрч байгаагүй билээ. Дилерүүд спекуляци буюу үнийн өөрчлөлтөөс ашиг олох зорилго бүхий арилжаа тогтмол хийдэг. Энэ арилжаагаа бирж дээр хийхдээ фючерс эсвэл опшин арилжаа ашиглан хийх бөгөөд энэ нь биет алтаар төлбөр тооцоо гүйцэтгэхгүй байх боломжийг бүрдүүлдэг юм. Фючерс ба опшин арилжааны төлбөр тооцоо нь ирээдүйд хийгдэх нөхцөлтэй байдаг тул хэлцэлийн төлбөр тооцоо гүйцэтгэх хугацаа болохоос өмнө эсрэг хэлцэл хийж төлбөр тооцооны үүргээс чөлөөлөгдөнө. Харин авах ба зарах хэлцэлүүд нь өөр өөр хугацаанд хийгдэх тул ханшууд нь зөрүүтэй байдаг. Энэ зөрүү нь мэдээж дилерийн хувьд нэг бол ашиг үгүй бол алдагдал болж ирнэ.

Алтны арилжаа олон улсын зах дээр ихэнхдээ биржээс гадуур явдаг гэдгийг бид санавал биржээс гадуур дилерүүд хичнээн хэмжээний алтыг үнийн өсөлтөөс ашиг олох зорилгоор худалдан авсан байгааг төсөөлөхийг оролдож болно.

Долларын ханш
Долларын ханш 2002 оноос хойш ихэнх валютуудын эсрэг тасралтгүй суларч байгаа нь алтны ханшид эерэг нөлөө үзүүлж байгаа юм. Олон улсын зах зээл дээр алт нь доллараар илэрхийлэгддэг тул долларын ханш орон нутгийн валютын эсрэг сулрах нь тухайн нутагт алтыг харьцангуй хямд болгож өгдөг тул эрэлтийг дэмжих эерэг нөлөөтэй. Гэхдээ өнгөрсөн хугацаанд энэ нөлөөлөл нь эрэлт өсөх байдлаар бус харин эрэлт харьцангуй тогтмол буурах маягтай байхад алтны доллараар илэрхийлэгдсэн ханш огцом өсөх байдлаар илэрч байсан юм.

Хятад улсын төв банкны эзэмшиж буй долларын нөөц 2 триллион доллар давахтай зэрэгцэн олон улсын эдийн засгийн хямрал болсон нь эдийн засагчдын дунд маш том толгойны өвчинг авчрав. Энэ нь ирээдүйн нөөцийн валют доллар байх эсэх тухай асуудал юм. Хэрэв долларын статус доройтож энэ хооронд евро өөрийн байр суурийг бататгаж чадахгүй бол алтны ирээдүй гэрэлтэй харагдах магадлалтай. Гэхдээ энэ нь хэдэн арван жил үргэлжлэхгүй гэдгийг санах хэрэгтэй. Долларын дилемма 2001 онд эхэлсэн цагаас нэлээд олон жил өнгөрөөд байгаа бөгөөд ирэх 5 жилийн дотор шийдвэрлэгдэнэ гэж итгэж байна. Үүний тулд Б.Обама ихэр алдагдлаа яаралтай засч дотоодын үйлдвэрлэлийг дэмжих хэрэгтэй. Эсвэл эдийн засгийг удирдах цоо шинэ шийдлийг бий болгох хэрэгтэй болоод байна.

Дүгнэлт
Алтны ханш өртөгтэйгээ харьцуулахад өндөр төвшинд хүрсэн байна. Эрэлтийг суурь эрэлт биш харин богино хугацаат хөрөнгө оруулалтын чанартай эрэлт бүрдүүлж, ихээхэн хэсгийг эзлэх болсон нь ханш огцом унах эрсдэлийг бодитой болгож байна. Спекуляторууд буюу дилерүүдийн худалдан авсан алтны хэмжээ тун их байгаа нь санаа зовоож байна.

Ирэх саруудад бид алтны ханш доошоо огцом савлахыг харвал гайхах зүйлгүй.

Алтны ханш дунд хугацаанд ерөнхийдөө эерэг харагдаж байгаа боловч өсөлт нь удаан, аажим чанартай явах төлөвтэй. Эдийн засгийн хямрал шийдлээ олж, доллар хөл дээрээ баттай зогсох хүртэл алтны ханшийн өссөн тренд ерөнхийдөө үргэлжлэх төлөв байна. Гэхдээ тодорхой хугацааны давтамжтай огцом уналтууд гарахаар харагдаж байгааг анхаарах нь зүйтэй.

Алтны зарим ойлголтууд
Лондонгийн алтны захын холбоо нь (London Bullion Markets Association) ажлын өдөр бүр хоёр удаа алтны зах зээлийн дундаж ханшийг зарладаг. Энэ ханшийг фиксинг гэж нэрлэнэ. Үнэндээ алтны зах зээлийн үнэмлэхүй хэсэг нь биржээс гадуур арилжаалагддаг. Манай 68 хувийн татварын хууль (Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хууль) дээр Лондонгийн металын бирж дээрх алтны ханш гэж зааснаас болж жил гарны хугацаанд төөрөгдөл үүсч байсан. Учир нь Лондонгийн металын бирж дээр суурь металууд арилжаалагддаг болохоос биш үнэт металууд арилжаалагддаггүй билээ.

Стандарт гулдмай
Стандарт гулдмай нь (good delivery bar) 12.5 кг жинтэй, 995 сорьцтой гулдмай байдаг. Өөрөөр хэлбэл гулдмайн агуулгын 99.5 хувийг цэвэр алт эзлэх ёстой гэсэн үг. Үлдэх хэсэг нь мөнгөнөөс бүрддэг гэж хэлж болно. Багахан зэс болон бусад металын агууламж бий.

Монголын олборлогч нарын гулдмай стандарт бус бөгөөд жин нь янз бүр байдаг. Монгол улсын хувьд (Бороо гоулдыг оруулахгүйгээр) экспортлож байгаа алтны дундаж сорьц нь 850 - 880 хооронд байдаг.

No comments: