Monday, March 1, 2010

СУДАЛГААНЫ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ ТАЛААР

Бодлогын судалгаа гэж юу вэ?
Бодлого бол процесс юм. Уг процесс нь тодорхой үе шатуудтай бөгөөд үүнийг дараах байдлаар дүрслэн харуулж болох юм.

1. Шийдэх шаардлагатай асуудал/проблемыг тодорхойлох
2. Хэрэгжилтэд үнэлгээ өгөх
3. Асуудлыг шийдэхэд чиглэсэн бодлогын хувилбаруудыг судалж үнэлээд, тохирох хувилбарыг сонгох
4. Бодлогоо хэрэгжүүлэх

Бодлогын судалгаа нь энэ процессын аль нэг шатыг хамарсан байж болохоос гадна мөн хэд хэдэн үе шатыг дамнасан байж болно.

Бодлогын судалгааны:
Үндсэн зорилго: Бодлогын өөрчлөлт хийх замаар тодорхой нөхцөл /хувьсагч/-ийг өөрчлөхөд гарч болох үр нөлөөг таамаглан танилцуулах

Хэнд зориулсан: Бодлого боловсруулах үйл явцад оролцогч талууд, холбогдох мэргэжлийн хүмүүс

Ерөнхий хэлбэр маяг: Асуудлыг тогтсон аргазүйгээр авч үзэн боловсруулалт хийнэ. Асуудлаа шийдэх арга замыг олох зорилго анхнаасаа сайтар тодорхойлогдсон байх

Цаг хугацааны цар хүрээ: Тухайн асуудлын амьдралд үүсэх давтамжаас хамааран заримдаа хугацаа хязгаарлагдмал байна

Сул тал: Судалгааны үр дүнг төрийн бодлого, шийдвэр болгох, шийдвэр гаргагчдад хүргэхэд хүндрэлтэй

Дүгнээд хэлбэл, академик судалгаа нь хүн төрөлхтний/ үндэстний мэдлэгийн санг баяжуулж шинэ мэдлэг, загвар бүтээх зорилго агуулдаг бол бодлогын судалгаа нь нийгэмд бодитойгоор оршиж байгаа асуудлыг шийдэх хувилбарт арга замуудыг харуулж, тэдгээрээс оновчтой нэгийг нь бодлогын шийдэл болгож тавих зорилготой байна.

Та ямар эцсийн бүтээгдэхүүн гаргах ёстой вэ?
· Бодлогын судалгааны тайлан.
Энэ нь судалгааны ажлын гол бүтээгдэхүүн байх ба уг баримт бичигт бодлого, шийдвэрээр зохицуулж болох бодит проблем, асуудлыг тогтсон аргачлалаар задлан шинжлээд, бодлогын хувилбаруудыг танилцуулсан тайлан байна. Энэхүү баримт бичгийг бусад судлаач, мэргэжлийн хүмүүст зориулан боловсруулж байгаа тул судлаач олон нийт, мэргэжлийн хүмүүсийн дунд хэлэлцүүлэг, танилцуулга хийнэ.

· Бодлогын дүн шинжилгээний тойм. Энэ нь дээрх судалгааны тайлан болон хоёрдогч мэдээллийн бусад эх сурвалжууд (жишээлбэл, бусад судалгаа)-ыг ашиглан тухайн асуудлаар хэрэгжүүлж болох бодлогын хувилбаруудыг харьцуулан үнэлсэн баримт байх юм. Энэ товч тоймоор судлаач өөрийн боловсруулсан бодлогын хувилбарыг бусад хувилбартай харьцуулан үнэлснээ тоймлон харуулах бөгөөд бодлого боловсруулагч, шийдвэр гаргачдад чиглэсэн нөлөөллийн ажилдаа ашиглана.

· Бодлогын судалгааны чиглэл тус бүрээр бүрдүүлсэн өгөгдлийн сан. Судалгааны явцад судлаач тодорхой асуудлаар баялаг мэдээллийн сантай болдог. Эдгээр тоон болон чанарын өгөгдлүүд нь судлаачийн хийсэн судалгаа, хүрсэн дүгнэлтийн цаадах нотолгоо болохоос гадна дараа дараагийн судалгаанд суурь мэдээлэл болгон ашигласнаар цаг хэмнэх ач холбогдолтой материал юм. Тиймээс өгөгдлүүдийг нэгтгэн, ангилж мэдээллийн сан байгуулаад, цахим хэлбэрээр хадгалах хэрэгтэй.

· Тухайн чиглэлээр асуудал хөндсөн нийтлэл.
· Судалгааны дүнг танилцуулах хэлэлцүүлэг. Энэ нь судалгааны ажлаа бодлого боловсруулагч, олон нийтэд таницуулж, санал шүүмж авах зорилготой презентаци, хэлэлцүүлэг бөгөөд цаашид судлаачийн хэрэгжүүлэх нөлөөлийн үйл ажиллагааны эхний алхам юм.

Судалгааны төлөвлөгөө боловсруулах аргачлал
Судалгааны ажлын төлөвлөгөө буюу дизайныг боловсруулахдаа судлаач өөрийн мэдлэг, туршлагаас гадна судалгааны аргазүйн болон бодлогын судалгаа шинжилгээний ном, гарын авлага зэргийг ашиглах зайлшгүй хэрэгцээ гарна. Бодлогын судалгааны онцлогийг тусгасан зорилго, зорилтууд, оновчтой судалгааны аргууд болон агуулгын мэдлэг, туршлагыг харуулсан үндэслэгээ, нотолгоо зэрэг нь цаг, хөдөлмөр орсон ажил боловч судалгааг амжилтад хүргэх гараа юм. Тиймээс чанартай сайн төлөвлөгөө боловсруулахад цаг зарцуулахаас гадна үндэслэлтэй, нотолгоотой болгох үүднээс өөрийн мэдлэг, туршлагаас гадна мэдээллийн эх сурвалж материалууд ашиглахыг зөвлөж байна.

Таны боловсруулсан Бодлогын судалгааны ажлын төлөвлөгөө (policy research proposal) дараах зарим чухал шаардлагыг тусгаж чадсан эсэхийг заавал шалгаж үзээрэй.

Үүнд:
1. Судалгааны асуудлыг сонгож, ашиглах таамаглал/гипотезийг боловсруулах
Асуудал/проблем бол өөрөө шалгаан биш харин нийгэмд бодитойгоор оршиж байгаа харилцаа, нөхцөлд байдал, бодлогын үйлдэл юмуу эс үйлдлийн үр дагавар юм. Энэхүү сөрөг юмуу хүсээгүй үр дагаварт хүргэсэн олон хүчин зүйл байж болох бөгөөд эдгээрээс заримыг нь бодлогын арга хэрэгслээр өөрчилж болох, зарим нь болохгүй хүчин зүйлс байгаа. Иймээс асуудал/ проблемаа тодорхойлсны дараа судлаач түүний цаана оршиж байгаа шалтгаан, шийдэх арга замын талаар таамаглалаа дэвшүүлэх хэрэгтэй.

Таамаглал/ гипотезийг “Хэрэв ....-гвэл ......ийм юм болно/ ингэнэ” гэсэн найруулгаар томъёолвол илүү оновчтой болдог. Жишээлбэл, “Жирэмсэн эхчүүд эмчийн хяналтанд эрт хамрагдвал эрүүл хүүхэд төрөх магадлал нэмэгдэнэ”. Энэ таамаглалыг задлан үзвэл 3 үндсэн хэсэг харагдаж байна. Үүнд: “эрүүл төрөх боломжтой зарим хүүхэд тэгж чадахгүй” байгаа проблемыг судлаач жирэмсний үеийн хяналт хангалтгүй байгаагаас үүдэлтэй гэж үзээд энэ төрлийн үйлчилгээг сайжруулах юм бол эрүүл хүүхэд төрөх магадлал нэмэгдэнэ гэсэн шийдлийг санал болгожээ. Таамаглал бол проблем, түүнийг үүсгэж байгаа сөрөг нөлөөтэй нөхцөл байдал, шийдвэрлэх арга замыг судлаач хэрхэн харж байгааг харуулна. Харин энэ проблемыг үүсгэж байгаа шалтгаануудыг судлаач бодлогын хувьсагч болгож тайлбарлана.

2. Судалгаа, шинжилгээ хийх нэгжээ тодорхойлох
Шинжилгээ хийх нэгж нь хувь хүн, бүлэг хүмүүс, байгууллага, үйл явдал, үзэгдэл зэрэг олон төрлийн, олон түвшний байж болно. Та юуны/хэний талаар дүгнэлт гаргахыг зорьж байгаа вэ гэдгээс хамааран шинжилгээ хийх нэгжээ сонгоно. Нийгэм, тухайн нийгэм дэх салбар, анги буюу давхарга, эсвэл хувь хүн гэсэн гурван түвшинд шинжилгээ хийх нэгжийг сонгож болох юм. Судалгааны нэгжийн төлөөлж байгаа нэг түвшний хувьд батлагдсан таамаглал/гипотез, хүрсэн дүгнэлтүүд нөгөө түвшинд хамаарахгүй байж болно.

3. Тохирох кейс буюу тохиолдлыг сонгох
Тухайн сонгосон нэгж (хувь хүн, бүлэг хүн эсвэл үйл явдал, үзэгдэл)-ийг агуулсан тохиолдол буюу кейсийн “олонлог” нь юу вэ? Энэхүү олонлогоос судлах асуудлаа цаг хугацаа, газар зүйн байршил, бүс нутаг, бодлогын чиглэл зэрэг олон шалгуурын дагуу өөрийн зорилгод нийцүүлэн сонгож авна.

4. Холбогдох ухагдахуун, концепцийг тодорхойлох
Ямар ойлголт, ухагдахуун, зарчмуудыг бид судалгаандаа ашиглахыг энэ шатанд бодох ёстой. Ухагдахуунаа өөртөө тодорхойлоод авчихвал түүнийг судалгааны явцад харьцуулах, хэмжихэд хялбар болно. Нэг судалгааны хүрээнд хэд хэдэн ухагдахуун хоорондын уялдаа харилцан хамааралд мөн дүн шинжилгээ хийх хэрэгтэй болдог.

5. Дээрх ухагдахуунаа бодитой бөгөөд найдвартайгаар хэмжиж болох хувьсагч
болгон тодорхойлох
Шийдэхийг зорьж буй асуудал/ проблемыг үүсэхэд хүргэж буй олон шалтгаан байгаа бөгөөд эдгээрийн зарим нь бодлогоор өөрчилж болох хүчин зүйлс байдаг бол зарим нь урт хугацааны нөлөөлийн үр дүнд өөрчлөгдөх соёлын, түүхэн зэрэг хүчин зүйлс байж болохыг анхаарна уу. Проблемын цаана оршиж байгаа шалтгаануудыг хувьсагч гэж нэрлэдэг. Хувьсагчийг “тайлбарлах”” (хамаарах гэж бас нэрлэдэг) буюу “хянах” (үл хамаарах)хувьсагч гэж хувааж болох юм. “Тайлбарлах” хувьсагч гэдэг нь бидний өөрчлөхийг хүсэж байгаа тэр үр дагавар, өөрчлөлтийг нь тайлбарлахыг зорьж байгаа тэр шинжийг илэрхийлдэг. Ихэнх судалгаа ганц л “тайлбарлах” хувьсагчтай байдаг. Дээрх жишээг дахин ашиглахад, тайлбарлах хувьсагч нь “жирэмсний үеийн хяналт хангалгүй” байгаа явдал гэж үзжээ. Харин “хянах” хувьсагч нь харьцангуй олон байдаг ба хувь хэмжээ, мөн чанар нь өөрчлөгдсөнөөр “тайлбарлах” хувьсагчийн үр дүнд нөлөөлж байдаг. Энэ төрлийн хувьсагчдыг дотор нь нөхцөл байдлын буюу харьцангуй богино хугацаанд бодлогоор өөрчлөх боломжгүй хувьсагч (жишээлбэл, байгаль, түүх, соёлын онцлог гэх мэт), нөгөө талдаа бодлогын буюу бид өөрчлөх боломжтой (“хянах” гэдэг томъёолол үүнээс үүдэлтэй) хувьсагч гэж хувааж болох юм. Жирэмсэн эхчүүдэд үзүүлэх эмнэлгийн
үйлчилгээ хангалтгүй байгаа нь эмнэлгүүдийн хөрөнгө санхүү, бүртгэл тооцооны систем, нийгмийн даатгалын хамрах хүрээ болон төлбөр тооцооны арга механизм, эмнэлгийн боловсон хүчний чадавхи болон хүрэлцээнээс гадна эмнэлгийн жирэмсний үеийн хяналтын ач холбогдол, чанар, хүртээмжийн талаарх соёлын болон түүхэн, хувь хүний хандлага, эмнэлгийн алслагдсан байршил гэх мэт олон хүчин зүйлсийн үр дагавар байж болно.

Хувьсагчдыг бид яаж тодорхойлон сонгох вэ? Эхний алхам бол өмнө хийгдсэн судалгаануудтай танилцах явдал юм. Түүнчлэн одоо хэрэгжиж буй бодлого, олон улсын жишээ, бусад салбарт хэрэгжиж буй бодлого зэргийг судлах, холбогдох сонирхогч талуудтай уулзаж ярилцах зэрэг тус болох нь дамжиггүй. Хувьсагч нь ухагдахууныг илүү нарийвчлан, бодитойгоор судлах боломжийг олгодог. Тиймээс хувьсагчдыг тодорхой үзүүлэлтээр хэмжих боломжтой байх нь чухал юм. Гэхдээ хэмжинэ гэдэг нь заавал тоон хэлбэрээр байх албагүй. Хэмжилтийн хувьд анхаарах олон асуудал байдгийн заримыг дурьдвал хувьсагчаа зөв тодорхойлсон эсэх, өөр зүйлийг биш зөвхөн судалж байгаа үзэгдэл, үр дагавраа хэмжиж байгаа эсэх, хэмжилт найдвартай, баталгаатай эсэх зэрэг юм.

Судалгааны төлөвлөгөөг боловсруулах дээрх алхмуудыг нэгтгэвэл дараах төлөвлөлтийн хүснэгт гарах юм. Энэхүү хүснэгтийг судалгаагаа эхлэхээс өмнө аль болох тодорхой бөглөөд бэлдчихвэл таны судалгааны ажил амжилттай хэрэгжихэд нэмэр болно.

6. Мэдээлэл/өгөгдөл цуглуулах ба дүн шинжилгээ хийх
Энэ хэсэгт судлаач дараах асуудлуудад хариу өгөх хэрэгтэй болно.
Үүнд:
· Өгөгдлийг ямар эх сурвалжуудаас авах боломтой вэ?
· Зарим өгөгдлийг өмнө нь цуглуулчихсан газар байна уу?
· Нэмэлт ямар өгөгдөл мэдээлэл цуглуулах шаардлагатай вэ?
· Энэхүү шаардлагатай өгөгдлийг цуглуулахад мөнгө, цаг хугацаа зэрэг нөөц хүрэлцээтэй юу?

Бодлогын судалгаа шинжилгээний ямар арга хэрэгсэл байдаг вэ?
Өмнө дурьдсанчлан судалгаа, шинжилгээ хийх олон арга хэрэгсэл байдаг ба үүнийг хэрхэн ашиглах нь судлаачийн өөрийн мэдлэг туршлагаас ихээхэн хамаардаг ч энэхүү судалгааны туршид шинэ олон аргыг судлан хэрэглэх бүрэн боломжтой юм. Үүнд бас удирдагч зөвлөх багштай ойрхон ажиллах нь чухал үүрэгтэй. Судалгааны аргуудыг ерөнхийд нь тоон болон чанарын гэж хуваан авч үзэж болох ба эдгээрийг хослуулан уялдуулан хэрэглэх нь чухал байдаг. Тоон аргуудад статистик ба эконометрик шинжилгээ, санал асуулгын шинжилгээ, эдийн засгийн (жишээ нь ашиг алдагдлын) шинжилгээ зэрэг ордог бол чанарын аргуудад фокус бүлгийн, кейс судалгааны зэрэг аргууд ордог.

Бодлогын дүн шинжилгээний бүрэлдэхүүн хэсэг
Дээр дурьдсанчлан бодлогын дүн шинжилгээний хураангуй, бодлогын судалгааны баримт зэргийг Та бэлтгэн гаргах билээ. Үндсэндээ тэтгэлэгт хөтөлбөр нь бодлогын судалгаа, дүн шинжилгээний хослол гэж ойлгож болох ба судалгааны баримтад дүн шинжилгээг бүрэн гүйцэд оруулж өгч, харин түүний хураангуйг тусад нь бодлого боловсруулагчдад зориулсан бүтээгдэхүүн болгох юм. Өөрөөр хэлбэл судлаач бодлогын судалгааны аргууд дээр үндэслэн бодлогын дүн шинжилгээ хийх юм. Тиймэээс бодлогын дүн шинжилгээ ямар бүрэлдэхүүнтэй байхыг дор товч тайлбарлая.

Дүн шинжилгээ нь дараах шаардлагыг хангасан байна:
· Бодлогын асуудал проблемыг ойлгомжтой тодорхойлсон байх
· Өнөөгийн бодлогыг тоймлон тайлбарласан байх
· Бодлогын боломжит хувилбаруудыг гаргасан байх
· Хувилбаруудыг үнэлэх багц шалгуурыг сонгосон байх
· Бодлогын сайжруулах, илүү оновчтой болгоход чиглэсэн тодорхой алхмуудыг санал болгон зөвлөсөн байх

Асуудлын тодорхойлолт
Асуудлыг аль болох ойлгомжтой, тодорхой томъёолон тавих нь чухал. Үүнд мөн асуудлын мөн чанар, цар хүрээ, хэнд нөлөөлж байгаа зэргийн талаар хийгдсэн холбогдох судлагааны товч тоймыг оруулах хэрэгтэй. Түүнчлэн уг асуудлын нөлөөлөлд өртөж байгаа буюу ашиг, сонирхол нь хөндөгдөж байгаа сонирхлын бүлгүүд, хувь хүмүүсийг тодорхойлох ач холбогдолтой.

Өнөөгийн бодлого
Өнөөгийн хэрэгжиж байгаа бодлогыг тоймлож өгнө. Үүнд хэзээнээс хүчинтэй болсон, хэн дэмждэг, хэний эсэргүүцэлтэй тулгардаг, өөрчлөлт орвол хэнд сайнаар, хэнд муугаар нөлөөлөх, ямар төрийн болон төрийн бус байгууллагууд уг бодлоготой холбогдож байгаа зэргийг гаргаж өгнө.

Бодлогын хувилбаруудын тодорхойлолт
Бодлогын хувилбаруудыг бусад орны туршлага, дотоодын туршлага, бусад салбарын бодлогын туршлага зэргээс хайж болох юм. Наад зах нь хоёр бодлогын хувилбар гаргасан байх хэрэгтэй. Эдгээр хувилбар нь тухайлбал томоохон өөрчлөлт шинэтгэл, эсвэл шат дараалсан бага зэргийн өөрчлөлтийн хоёр хувилбар байж болох юм.

Үнэлэх шалгуурын сонголт
Хувилбаруудыг тодорхой шалгууруудаар үнэлэн сонгох нь сонголтыг зөв хийхэд чухал. Эдгээр шалгуурт үр ашиг, үр дүн, тэгш байдал, хэрэгжих боломж, уян хатан байдал бюу сайжруулах боломж, улс төрийн хувьд хүлээн авах боломж, гол сонирхлын бүлгүүд хүлээн зөвшөөрөх байдал зэрэг орж болох юм.

Хувилбаруудын үнэлгээ
Дээрх сонгосон шалгууруудыг ашиглан хувилбар бүрийг үнэлэх хэрэгтэй. Ингэхдээ хувилбар бүрийн давуу болон сул талыг онцлон харуулах хэрэгтэй. Гол сонирхлын бүлгүүдийн сонирхлыг үнэлэхийг мөн оролдох хэрэгтэй.

Аль нэг хувилбарын сонголт
Үнэлгээний шалгуур дээрээ үндэслэн тодорхой хувилбарыг дэмжсэн зөвлөмж гаргах хэрэгтэй. Уг сонголтын давуу болон сул талыг тодорхой дурьдсан байх шаардлагатай.

Ашиглаж болох зарим материал
Бодлогын судлагаа шинжилгээний талаар олон материал байгаа ба үүнээс Eoin Young and Lisa Quinn: Writing Effective Policy Papers (Англи, Монгол хэл дээр) номыг заавал судлах ба бодлогын судалгааны онол, аргуудын талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг David L. Weimer and Aidan R. Vining, Policy Analysis: concepts and Practice Dunn. Public Policy Analysis зэрэг номоос авах боломжтой. Түүнчлэн www.policy.hu вэб сайтнаас олон улсын бодлогын судалгааны тэтгэлэгт хөтөлбөрийн талаар мэдээлэл авах боломжтой ба Латви улсын бодлогын судлаачдын судалгааны ажлыг мөн дээрх мэдээллийн төвөөс авч болох юм.

Танд амжилт хүсье!

No comments: