Thursday, March 25, 2010

Агуу юм гэдэг агуу л байдаг

Өчигдөр /2010.03.24/ санамсаргүй энэ дууг сонсоод шууд биширлэээээ, юутай агуу дуу вэээ? Юутай агуу орчлон бэээ? Бурхан минь, дэндүү сайхан. Лхагваагаас өөр хүн энэ дууг дуулж амьдруулж чадахгүй, бурхан минь тэр үг нь ямар гайхалтай утга санааг өгүүлээ вэ? Зүгээр л хэлчих юмыг шүлэглээд яаахав гэдэг үг байдаг даа, энэ бол гайхамшиг, зүгээр л сайханыг мэдэрлээ, мэдэрсээр ч байна, гайхалтай сайхан байна. Гайхамшигийг мэдэрч байна.


Харанга - Зүүд

Миний зүүдэнд тохиолдсон тэр нэгэн явдал
Мартагдашгүй гунигт ая, аялгуу авчирнаа
Ая дуугаараа л тэр зүүдээ чамд өгүүлэхгүй бол
Ам тангараг гэж ойлгохгүй өнгөрөх буй заа

Хараацай болон нисч чамайг дуудан, дуудаад
Хорвоо дэлхийг гайхам өндрөөс чамтай цуг харья гээд
Даанч чи, даанч чи
Даанч чи надтайгаа хамт нисэхгүй

Чамтай цуг нэгэн зүүд зэрэг зүүдэлвээс
Чамайг дагуулж өндрөөс өндөрт нисмээр байдаг
Чиний зүүд газарт байхад
Миний зүүд тэнгэрт байдаг

Хараацай болон нисч чамайг дуудан, дуудаад
Хорвоо дэлхийг гайхам өндрөөс чамтай цуг харья гээд
Даанч чи, даанч чи
Даанч чи надтайгаа хамт нисэхгүй

Чамтай цуг нэгэн зүүд зэрэг зүүдэлвээс
Чамайг дагуулж өндрөөс өндөрт нисмээр байдаг
Чиний зүүд газарт байхад
Миний зүүд тэнгэрт байдаг

Хараацай болон нисч чамайг дуудан, дуудаад
Хорвоо дэлхийг гайхам өндрөөс чамтай цуг харья гээд
Даанч чи, даанч чи
Даанч чи надтайгаа хамт нисэхгүй




MusicPlaylistRingtones
Create a playlist at MixPod.com

Tuesday, March 9, 2010

Алтны үнийн хандлага

Алтны ханш 2001 оноос хойш өнөөг хүртэл 4 дахин өссөн гэдгийг та бид мэднэ. 2001 оноос 2008 он хүртэл толгой дарааллан бүх таваарын үнэ өссөн гэхэд хилсдэхгүй. Гэхдээ олон улсын эдийн засгийн хямралын шуурганаар тэнгэрт байсан үнүүд хэсэгхэн зуур бууж ирсэн. Харин алтны үнэ тэндээ тогтож үлдээд цаашаа өсч байна. Үүний шалтгааныг олж мэдэхийн тулд хэдэн хэдэн зүйлсийг сонирхож үзэх хэрэгтэй.

AU - Aurum
Алт бол эртний төлбөрийн хэрэгслийн үүрэг гүйцэтгэгч бөгөөд гоёл чимэглэл болон үйлдвэрлэлд ашиглагддаг үнэт метал юм. Алт бол платиниум, палладиум ба мөнгө нарын адил үнэт метал билээ. Бусад металууд нь үнэт металын ангилалд хамрагддаггүй болно. Эрт дээр үеэс хойш алт валютын үүрэг гүйцэтгэхийн хажуугаар баялгийн илэрхийлэл болж байлаа. Тийм учраас алт үеийн үед хүмүүсийн ухамсарт баялгийг хадгалах хэрэгсэл гэдэг утгаараа баттай суужээ.

XAU
Алт нь таваарын зах зээлд хамаарахаас гадна заримдаа түүнийг олон улсын валютын зах зээлд хамааруулсан байвал гайхах зүйл үгүй. XAU бол олон улсын стандартын байгууллагаас алтанд оноосон валютын код юм. Алт өөрөө химийн элемент, төв банкуудын валютын нөөцөд багтдаг, маш олон хүн өдөр тутам хэрэглэдэг зэрэг олон шинж чанараараа аль ч таваарыг дагуулахгүй.

Тийм ч учраас олон улсын санхүүгийн зах зээлд алтны данс гэсэн ойлголт байх. Өөрөөр хэлбэл алтаар нэгж нь илэрхийлэгддэг төлбөр тооцооны дансыг арилжааны банкууд ашигладаг. Ийм дансанд хадгалагдаж байгаа алтыг биет бус алт гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл дансанд байгаа валюттай адилаар биежээгүй гэсэн үг. Энэ нь алтанд чөлөөтэй хөрөнгө оруулалт хийх боломжийг олгож байгаа юм.

Төв банкуудын алт
1948 онд 30,182 тонн алтыг олон улсын төв банкууд эзэмшиж байсан. Түүхэн үеийн турш энэ хэмжээ 5 орчим мянган тонноор өссөн боловч сүүлийн жилүүдэд тасралтгүй буурах хандлага байгаа юм. Аль нэг төв банк дангаар зах зээл дээр их хэмжээний алт нийлүүлж ханшийг унагаахаас сэргийлсэн олон улсын пакт бий. Үүнийг 1999 оны Вашингтоны пакт гэж нэрлэдэг. Одоо хүчинтэй пакт ёсоор уг пактад нэгдсэн төв банкууд нийтдээ жилд 600 тонноос илүү алт олон улсын зах дээр зарж болохгүй.

Баттай бус мэдээгээр дэлхийн хөрсөн дээр нийтдээ 170 орчим мянган тонн алтыг олборлож гаргаад буй. Алт химийн элемент учир нефтьтэй адил устаж үгүй болохгүй.

Төв банкууд өөрсдийн эзэмшил алтаа сүүлийн жилүүдэд нэлээд идвэхтэй зарах хандлагатай болсон. Гэтэл зарим төв банкууд тухайлбал Хятад, Оросын төв банкуудын хувьд харин эсрэгээр алт худалдаж авах үзэгдэл гарсан байна. Учир нь эдгээр орны төв банкууд маш их долларын нөөцтэй болсон. Долларын ханш унаж эхэлсэнээр тэр их нөөцөө хааш нь хийхээ мэдэхээ больж эхэлжээ. Ер нь аливаа орны валютыг хэт ихээр төв банк нөөцдөө эзэмших нь заримдаа эрсдэлтэй. Үүний оронд аль ч орны өмчлөлд үл харъяалагдах алтаар нөөцөө бүрдүүлэх гарц байна.

Төв банкны нөөц нь үндэсний мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдлыг хангахад чиглэгддэг гэж үзвэл нөөцийг хөрвөх чадвар сайтай валютаар бүрдүүлэх нь чухал. Дээхнэ үед алтаар төлбөр тооцоо хийх нь түгээмэл байсан боловч одоо алт үндсэндээ төлбөр тооцооны эргэлтээс гарсан нь төв банкируудын хувьд алтаар нөөц бүрдүүлэх тал дээр зарим эргэлзээ төрүүлэх болсон нь нууц биш. Тийм ч учраас хөгжингүй орнуудын төв банкууд нөөцөөсөө зарж эхлээд буй. Аль нэг улсын төв банк нөөцийн алтаа нэмэгдүүлж эхэлмэгц алтны үнэн фенүүд алга ташин угтдаг нь санаандгүй зүйл биш.

Алтны үнэ
Алтны үнэ түүхэн рекорд түвшиндээ хүрээд байгааг та бид мэднэ. 11-р сарын 26-ны байдлаар алтны ханш шинэ рекорд тогтоож 1185 долларт хүрсэн байна. Олон улсын захад алтны үнийг хүндийн хэмжүүрийн нэг төрөл болох трой унцаар илэрхийлдэг. 1 трой унц нь 31.1034768 граммтай тэнцдэг. Энэ ханш нь хэр өндөр юм бэ гэдгийг бид хялбархан мэдэж болно. Ингэхийн тулд алтны дундаж өртөгийг өөрөөр хэлбэл алт олборлох өртөгийг мэдэх шаардлагатай. Олон улсын олборлолтын өртөг нь тухайн орд үндсэн орд эсвэл шороон орд эсэх, олборлолтын аль шатанд яваа, ямар татвар төлдөг зэрэг олон хүчин зүйлсээс хамаарна. 2001 онд олон улсын дундаж олборлолтын өртөг 250 орчим доллар байлаа. Харин энэ үед Монголын дундаж өртөг 190 орчим доллар байв. Өнөө үед миний харж байгаагаар олон улсын дундаж өртөг 400-450 доллар, харин Монголын өртөг үүнээс 50 орчим долларын доогуур байгаа болов уу.

Тэгэхээр өнөөгийн ханш нь өртөгтэй харьцуулахад өндөр ханш гэж ойлгогдох юм.

Үүнээс улбаалаад алтны ханш огцом унах эрсдэлийг улам бүр ихэсгэж байгаа юм. Бид алтны графикаас 2001 оноос хойш алт өсөхдөө хэд хэдэн удаа маш ихээр унаж байсныг харж болно.

Яг одоогийн ханшийн өсөлт бол долларын хямралаас голдуу улбаатай. Ерөнхийдөө сүүлийн 30 орчим жилийн түүхэнд алт доллартай эсрэг хамааралтай явж ирсэн. Учир нь алтыг долларын альтернатив гэж хөрөнгө оруулагчид үздэгтэй холбоотой. Долларын орчин үеийн эдийн засагт гүйцэтгэх үүрэг саяны олон улсын эдийн засгийн хямралаас болоод ихээхэн эргэлзээтэй болсон нь хүмүүс safe heaven буюу аюулгүй хөрөнгө оруулалтын хэрэгслүүдэд татагдах шалтгаан болжээ. Энэ "аюулгүй" хөрөнгө оруулалтын хэрэгслүүдийн жагсаалтыг алт тэргүүлдэг юм.

Алтны эрэлт, нийлүүлэлт
Үнэ эрэлт нийлүүлэлтийн тэнцвэр дээр тогтоогддог. Тэгвэл бид суурь шинжилгээ хийхдээ юуны өмнө эрэлт ба нийлүүлэлтийн бүтцийг авч үздэг.

Алтны үнэ өссөнтэй холбоотойгоор алтны суурь хэрэглээ жил дарааллан буурсаныг бид графикаас харж болно. Өөрөөр хэлбэл алт үнэтэй болсон нь алтан гоёл чимэглэлийн эрэлтэд цохилт болсон байна. Энэ бол муу мэдээ юм. Алтны ханш эргэж буурах үед алтны суурь хэрэглээний эрэлт сэргэх эсэх нь эргэлзээтэй. Хүмүүс сүүлийн үед үнэтэй шар металыг зүүх сонирхол ерөнхийдөө буурч байгаа нь анзаарагдаж байгаа. Гэхдээ дэлхий даяар мөнгөтэй хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа нь үүний эсрэг хаалт болж байна. Одоо харин алтны ханшийг суурь эрэлт буурч байх үед ч гэсэн өсгөхөд хүрч байсан хөрөнгө оруулалтын эрэлтийг авч үзье.

Алтанд хийх хөрөнгө оруулалт
Алтанд хүмүүс эрт үеэс хөрөнгө оруулалт хийсээр ирсэн. Харин саяхнаас алтанд огт өөр байдлаар хөрөнгө оруулалт хийж эхлэв. Өмнө нь алтан гулдмай авч хадгалах, алтан эдлэл хадгалах зэргээр хөрөнгө оруулалт хийдэг байсан бол орчин үед биет бус байдлаар хөрөнгө оруулалт хийх үзэгдэл газар авсан. Эдгээрээс хамгийн нөлөө бүхий нь алтны хөрөнгө оруулалтын сангууд юм. Одоо оршин байгаа хамгийн том сан болох SPDR gold fund 2004 онд байгуулагдсан. (графикт SPDR санд төвлөрсөн алтны хэмжээ ба алтны ханшийг харуулав)

Алтны санд хувь хүмүүс болон хөрөнгө оруулалтын байгууллагууд тухайн сангийн хувьцааг худалдаж авах замаар хөрөнгө оруулалт хийнэ. Харин хувьцаа зарагдан санд төвлөрсөн мөнгөн хөрөнгөөр биет алт худалдан авах ажиллагааг сангийн менежер зохион байгуулдаг. Өөрөөр хэлбэл биржээр арилжаалагддаг ихэнх сангуудын (ETF - exchange traded fund) адил алтны биржээр арилжаалагддаг сангууд нь санд төвлөрсөн мөнгөн хөрөнгийг зөвхөн алт худалдан авахад зарцуулдаг. Тэгэхээр хөрөнгө оруулагч сангийн эзэмшиж буй алтны тодорхой хэсгийг шууд бусаар эзэмших боломжтой болно гэсэн үг. Алтны ханш өсөх тутам хөрөнгө оруулагч анх оруулсан хөрөнгө дээрээ ашиг олох боломжтой болдог. Эсрэгээр алтны ханш унахад хөрөнгө оруулагчын эзэмшиж буй хувьцааны үнэ унаж алдагдал хүлээдэг. Дашрамд дурьдахад саяны түүхэн дэх хамгийн том "понзи" залилангийн эзэн Бернард Мадофф нь орчин үеийн биржээр арилжаалагддаг сангуудыг анх санаачилсан хүн юм.

Дэлхий дээр байгаа нийт алтны хөрөнгө оруулалтын сангуудын эзэмшиж байгаа алтны хэмжээ 2002 онд хэдэн арван тонн л байсан бол одоогийн байдлаар ойролцоогоор 1800 орчим тонн болоод байна. (SPDR сан үүнээс 1200 орчим тонныг эзэмшиж байна)

Сангуудаас гадна бодит хэмжээг нь тогтооход төвөгтэй нэг хөрөнгө оруулалтын хэлбэр бол "алтны данс" юм. Энэ нь хөрөнгө оруулагчдыг банкаар дамжуулан алтанд биет бус хөрөнгө оруулалт хийх боломжийг олгодог хэрэгсэл юм. Тухайлбал 2004 онд Худалдаа Хөгжлийн банк анх алтны дансны үйлчилгээг гаргаж байсан жишээ бий. Энэхүү данс нь валютын данстай ижил бөгөөд хэмжих нэгж нь алт байна. Ийм алтны дансуудаар дамжин дэлхий даяар хичнээн тонн алтны хөрөнгө оруулалт хийгдээд байгааг хэмжихэд төвөгтэй.

Энд нэг анхааралт татаж буй зүйл бол биет бус байдлаар алтанд хийгдээд байгаа хөрөнгө оруулалтын хэмжээ юм. Зөвхөн алтны сангаар дамжин хийгдсэн хөрөнгө оруулалтын хэмжээ удахгүй алтны олборлолтын хэмжээтэй тэнцэхээр байгаа нь ханшийг тогтворгүй болгож байгаа юм. Учир нь алтанд хийсэн хөрөнгө оруулалт нь худалдан авсан гоёл чимэглэлийг бодвол хугацааны хувьд бага зөвхөн үнийн өсөлтөөс ашиг олох зорилгоор хийгддэг тул үнэ бага зэрэг унахад сандралд орох хандлага байдаг.

Спекуляторууд
Яг өнөөдрийн байдлаар зөвхөн COMEX бирж дээрх дилерүүдийн цэвэр худалдан авсан алтны хэмжээ 734 тонн хүрсэн байна. Өмнө нь хэзээ ч ийм өндөр түвшинд хүрч байгаагүй билээ. Дилерүүд спекуляци буюу үнийн өөрчлөлтөөс ашиг олох зорилго бүхий арилжаа тогтмол хийдэг. Энэ арилжаагаа бирж дээр хийхдээ фючерс эсвэл опшин арилжаа ашиглан хийх бөгөөд энэ нь биет алтаар төлбөр тооцоо гүйцэтгэхгүй байх боломжийг бүрдүүлдэг юм. Фючерс ба опшин арилжааны төлбөр тооцоо нь ирээдүйд хийгдэх нөхцөлтэй байдаг тул хэлцэлийн төлбөр тооцоо гүйцэтгэх хугацаа болохоос өмнө эсрэг хэлцэл хийж төлбөр тооцооны үүргээс чөлөөлөгдөнө. Харин авах ба зарах хэлцэлүүд нь өөр өөр хугацаанд хийгдэх тул ханшууд нь зөрүүтэй байдаг. Энэ зөрүү нь мэдээж дилерийн хувьд нэг бол ашиг үгүй бол алдагдал болж ирнэ.

Алтны арилжаа олон улсын зах дээр ихэнхдээ биржээс гадуур явдаг гэдгийг бид санавал биржээс гадуур дилерүүд хичнээн хэмжээний алтыг үнийн өсөлтөөс ашиг олох зорилгоор худалдан авсан байгааг төсөөлөхийг оролдож болно.

Долларын ханш
Долларын ханш 2002 оноос хойш ихэнх валютуудын эсрэг тасралтгүй суларч байгаа нь алтны ханшид эерэг нөлөө үзүүлж байгаа юм. Олон улсын зах зээл дээр алт нь доллараар илэрхийлэгддэг тул долларын ханш орон нутгийн валютын эсрэг сулрах нь тухайн нутагт алтыг харьцангуй хямд болгож өгдөг тул эрэлтийг дэмжих эерэг нөлөөтэй. Гэхдээ өнгөрсөн хугацаанд энэ нөлөөлөл нь эрэлт өсөх байдлаар бус харин эрэлт харьцангуй тогтмол буурах маягтай байхад алтны доллараар илэрхийлэгдсэн ханш огцом өсөх байдлаар илэрч байсан юм.

Хятад улсын төв банкны эзэмшиж буй долларын нөөц 2 триллион доллар давахтай зэрэгцэн олон улсын эдийн засгийн хямрал болсон нь эдийн засагчдын дунд маш том толгойны өвчинг авчрав. Энэ нь ирээдүйн нөөцийн валют доллар байх эсэх тухай асуудал юм. Хэрэв долларын статус доройтож энэ хооронд евро өөрийн байр суурийг бататгаж чадахгүй бол алтны ирээдүй гэрэлтэй харагдах магадлалтай. Гэхдээ энэ нь хэдэн арван жил үргэлжлэхгүй гэдгийг санах хэрэгтэй. Долларын дилемма 2001 онд эхэлсэн цагаас нэлээд олон жил өнгөрөөд байгаа бөгөөд ирэх 5 жилийн дотор шийдвэрлэгдэнэ гэж итгэж байна. Үүний тулд Б.Обама ихэр алдагдлаа яаралтай засч дотоодын үйлдвэрлэлийг дэмжих хэрэгтэй. Эсвэл эдийн засгийг удирдах цоо шинэ шийдлийг бий болгох хэрэгтэй болоод байна.

Дүгнэлт
Алтны ханш өртөгтэйгээ харьцуулахад өндөр төвшинд хүрсэн байна. Эрэлтийг суурь эрэлт биш харин богино хугацаат хөрөнгө оруулалтын чанартай эрэлт бүрдүүлж, ихээхэн хэсгийг эзлэх болсон нь ханш огцом унах эрсдэлийг бодитой болгож байна. Спекуляторууд буюу дилерүүдийн худалдан авсан алтны хэмжээ тун их байгаа нь санаа зовоож байна.

Ирэх саруудад бид алтны ханш доошоо огцом савлахыг харвал гайхах зүйлгүй.

Алтны ханш дунд хугацаанд ерөнхийдөө эерэг харагдаж байгаа боловч өсөлт нь удаан, аажим чанартай явах төлөвтэй. Эдийн засгийн хямрал шийдлээ олж, доллар хөл дээрээ баттай зогсох хүртэл алтны ханшийн өссөн тренд ерөнхийдөө үргэлжлэх төлөв байна. Гэхдээ тодорхой хугацааны давтамжтай огцом уналтууд гарахаар харагдаж байгааг анхаарах нь зүйтэй.

Алтны зарим ойлголтууд
Лондонгийн алтны захын холбоо нь (London Bullion Markets Association) ажлын өдөр бүр хоёр удаа алтны зах зээлийн дундаж ханшийг зарладаг. Энэ ханшийг фиксинг гэж нэрлэнэ. Үнэндээ алтны зах зээлийн үнэмлэхүй хэсэг нь биржээс гадуур арилжаалагддаг. Манай 68 хувийн татварын хууль (Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хууль) дээр Лондонгийн металын бирж дээрх алтны ханш гэж зааснаас болж жил гарны хугацаанд төөрөгдөл үүсч байсан. Учир нь Лондонгийн металын бирж дээр суурь металууд арилжаалагддаг болохоос биш үнэт металууд арилжаалагддаггүй билээ.

Стандарт гулдмай
Стандарт гулдмай нь (good delivery bar) 12.5 кг жинтэй, 995 сорьцтой гулдмай байдаг. Өөрөөр хэлбэл гулдмайн агуулгын 99.5 хувийг цэвэр алт эзлэх ёстой гэсэн үг. Үлдэх хэсэг нь мөнгөнөөс бүрддэг гэж хэлж болно. Багахан зэс болон бусад металын агууламж бий.

Монголын олборлогч нарын гулдмай стандарт бус бөгөөд жин нь янз бүр байдаг. Монгол улсын хувьд (Бороо гоулдыг оруулахгүйгээр) экспортлож байгаа алтны дундаж сорьц нь 850 - 880 хооронд байдаг.

Monday, March 8, 2010

82 дахь удаагийн Оскарын эзэд

Шилдэг кино: "Hurt Locker"

Шилдэг найруулагч: Kathryn Bigelow

Шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчин: Sandra Bullock "The Blind Side"

Шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчин: Jeff Bridges "Crazy Heart"

Шилдэг туслах дүрийн эмэгтэй: Mo'Nique "Precious" киноны дүрээр

Шилдэг туслах дүрийн эрэгтэй: Christoph Waltz өөрийн тоглосон "Inglourious Basterds." Киногоор тус тус шагнал аваад байна.

Шилдэг зураг авалт: "Avatar"

Шилдэг дууны редактор болон эвлүүлэг: "The Hurt Locker"

Шилдэг хувцас загвар: "The Young Victoria"

Шилдэг урлаг найруулал: "Avatar"

Шилдэг нүүр будалт: "Star Trek"

Шилдэг анимэшн төрлийн богино хэмжээний кино: "Logorama"

Шилдэг кино зохиол /шинэ зохиол/: Mark Boal "The Hurt Locker." Киногоор

Шилдэг киноны дуу: "Crazy Heart" киноны "The Weary Kind (Theme from "Crazy Heart")

Шилдэг баримтат кино: "Music by Prudence"

Шилдэг анимэшн кино: "Up."

Шилдэг эффект: "Avatar"

Шилдэг гадаад кино: "The Secret in Their Eyes," /Аргентин/

Шилдэг кино редактор: "The Hurt Locker"

Шилдэг бүрэн хэмжээний баримтат кино: "The Cove"

Б.Энхтуяа - Охин үрээ хайрла!

Охин үрээ хайрла!
Омогдож загнахдаа ч хайрла!
Охин үрээ хайрла!
Ойворгон зэмлэхдээ ч хайрла!

Нар ханын толгойд буухад хааяа нэг сэрэг, бүү зэмлэ
Насаараа тэр чинь өглөө босох хүн, төрсөн гэртээ л нойр аваг
Нар шингэж үдшийн хар чийг унатал найз нартайгаа дуулалдаг
Насаараа тэр чинь айлын голомт манаж морин төвөргөөн хүлээнэ

Энхрий гарын нь хурууг чилтэл гэр зуураа зарахдаа
Ээжийн цай уулгаж, аавын үгээр энхрийл
Эцгийн гэрээс гармагц эрийн гарт нухлагдана
Харийн газар одож хадмын нүүрийг царайчилна
Насаараа уухгүй амтат цайг нялх багад нь гэрт нь уулга
Насаараа амсахгүй жаргалыг нялх багад нь тоонотод нь эдлүүл
Насаараа сонсохгүй энхрий үгийг нялх багад нь гамнахгүй хэл
Насаараа нууж урсгах гашуун нулимсыг нь бодож цөөн уйлуул, охин үрээ!
Хүний гэргий болох гэж гангар шаазан шиг хагарна

Хүүхэн хонгор үрээ гарын алгандаа энхрийл
Хүй орчлонгийн жамтай тэнцүүлж түүнээ хайрла
Хөөрхөн хонгор аалинд нь эрхлүүлж түүнээ хайрла
Үрийн эх болох гэж алтан заадал сална
Үүлэн хонгор үрээ тэнгэрийн мандалдаа эрхлүүл
Үйл нь дуусдаггүй хорвоод балчирт нь амжиж жаргаа
Үс гэзгээ цайтал өнөд шаналахыг нь болгоо
Зөөлөн булбарай хурууг нь зүү утастай шадарлуул
Зүйдэл оёдлын хорвоод охин үр чинь төрснийг сана
Зөөлөн хонгор аашийг нь зүйр үгтэй шадарлуул
Зөвлөх хэлцэхийн хорвоод охин үр чинь төрснийг сана

Арван жил зэмлээд ч ухааруулж амжаагүй үгийг чинь
Анхны үр нь төрөөд үдшийн шөнөдөө ухааруулна
Хорин жил дуудаад сэрээж чадаагүй нойрыг нь
Хонгор үр нь төрөөд үүрийн жавраар ч хулжаана

Охин үрээ энхрийл, орчлонгийн зовлонд цадахын цагтаа
Огшуун нулимсандаа живэхийн цагтаа хожмоо нэг дурсана
Аавын гэрт жаргасан даа гэж хэзээд нэг тайтгарна
Ээжийн өвөрт эрхэлсэн дээ гэж эрхгүй нэг уужирна

Охин үрээ хайрла
Хясаа сувдаа нуудаг шиг хайрла
Охин үрээ хайрла
Үүл усаа хураадаг шиг хайрла
Охин үрээ хайрла
Уул эрдэнээ нуудаг шиг хайрла
Охин үрээ хайрла
Ус загасаа цэнгүүлдэг шиг хайрла

Хатуугаас хатуу үгийг ханатлаа үр чинь сонсоно
Хавраас намар хүртэл төрхөмдөө очиж хэлэх үү?
Хайртай охиноо зэмлэхдээ харцаараа ч болов энхрийл
Хаврын шувууд шиг намрын жимс шиг үгийг охиндоо хэл

Бусдыг хайрлах л гэж төрсөн юм охин үрээ энхрийл
Буцаж урсдаг ус байхгүй, эргэж та нарыг хайрлахгүй
Эргүүлэгт орчлон харин охин үрийг чинь хайрлахгүй
Энгэсэгт хацраар гэрэлтэвч зовлон нь та нарт харагдахгүй

Үндэс нь газарт цэцэг нь тэнгэрт
Үүн лүгээ адил санаж охин үрээ хайрла
Тэнгэрт чинь нар ч бий хур ч бий аянга ч бий
Тэнгэрлиг охин үрийг чинь жаргал ч тосно зовлон ч тосно
Хөөрхий түүнийг нялхад нь жаргаа
Хүүрнэн сургаад яах вэ дээ орчлон түүний багш юм
Хүний л гарт очих бүсгүй түүнийг энхрийл
Хүний л эрхэнд жаргах охин үрээ хайрла

Tuesday, March 2, 2010

Ээжээ, охин нь танд хайртай

Хэрвээ хүмүүс цэцэгхэн гэвэл
Хээр талын хэнзхэн сарнай Би
Арвин дэлхий шиг ачлалт Ээж таныхаа
Алганы толион дээр ургасан байж таарнаа
Өнгийн цэцгийг тансагхан гэвэл
Өргөн дэлхийг мартахын аргагүй
Өөрийн чинь дүрийг Нар шиг гэвэл Ээжээ
Үлэмжийн гэрэл нь таных байж таарнаа

Дээдийн жаргалыг таньдаа амлаагүй ч
Дэлгэр зун шиг насаараа ивгээе ээ
Тэнгэр шиг ачлал таных шүү, Ээж ээ
Дэлхий шиг хүндлэл минийх шүү, Ээж ээ
Учрах зүүдний сайхан дагинаас
Үзэх нүднээ өдрийн солонго
Үр чинь таныгаа хайрлая, Ээжээ
Үндэс мөчир шиг Үүрд хамт байгаач, Ээж ээ

Monday, March 1, 2010


MusicPlaylistRingtones
Create a playlist at MixPod.com

Ажил хэрэгч эмэгтэй гэж хэн бэ

Ажил хэрэгч эмэгтэйчүүд юуны өмнө гадаад байдал, хувцаслалтандаа анхаарч байх хэрэгтэй.

Нэг: Ажил хэрэгч эмэгтэйчүүдийн гаргадаг алдаа:
а. Эрчүүдийг дуурайх,
б. Хэт загвар хөөцөлдөх,
в. Үүнийгээ ажил дээрээ дэлгэрүүлэх,
г. Гадаад үзэмжиндээ хэтэрхий анхаарал тавих зэрэг юм.

Хоёр: Ажил хэрэгч эмэгтэйчүүдийн хувцасны загвар, өнгө, дизайн:
а. Хөх, хүрэн, саарал, цайвар ягаан өнгийн урт ханцуйтай даашинз өмсөх нь хамгийн зохимжтой.
б. Ажил хэрэгч, намбалаг харагдъя гэвэл нарийн судалтай саарал даашинз өмс.
в. Өнгөний тухайд цайвар шар, цайвар ягаан, хар хөх, хар, цагаан, бор шаргал, улаан өнгөнүүд зүгээр харагддаг.

Гурав: Ажил хэрэгч эмэгтэйчүүдийн хувцаслалт:
а. Үндсэн хувцас нь пиджак юбканы хослол байх ёстой.
б. Пальто, цув, даашинз, банзал нь уртавтар байх ёстой.
в. Ажил хэргийн үед урт хоолойтой цамц өмсөж болохгүй.
г. Туфли нь сонгодог загвартай, өсгий нь дөрвөн см-ээс илүүгүй байх ёстой гэж үздэг.
д. Туфлины өнгө нь тухайн хувцастайгаа зохицсон хар, хүрэн, саарал байж болно.
е. Оймсны хувьд зөвхөн биеийн өнгөтэйг л өмсөх хэрэгтэй.

Дөрөв: Үс засалт:
Сул унжуулж, хэт буржийлгаж бас хурц тод өнгөөр будаж болохгүй.

Тав: Нүүр будалт:
Оо энгэсэг, будаг шунхыг аль болохоор бага хэрэглэ. Нүүрээ будаж болох ч будаг бараг анзаарагдамгүй байх учиртай.

Зургаа: Уруулын будаг:
Тод өнгийн уруулын будаг, нүдний тень, хиймэл сормуус, хиймэл хумс зохимжгүй.
Хумс засалт: Хумсны будаг өнгөгүй байх ёстой.
Үнэртэй ус: Үнэртэй ус нь үнэтэй байх ёстой бөгөөд үл мэдэг үнэртэж байхаар түрхэх ёстой.
Нүдний шил: Ер нь ажил хэрэгч эмэгтэйчүүд үснийхээ өнгөнд тохирсон хүрээтэй шил зүүдэг байх нь зохимжтой.
Гоёл чимэглэлийн хувьд: Өндөр үнэтэй, чанартай ганц нэгхэн гоёл чимэглэлийн зүйлтэй байсан нь дээр.

Залуу насаа удаан хадгалахын тулд яах вэ?

Хүн генетикийн ёсоор бол 120 наслах боломжтой гэдэг. Гэтэл амьдрал хүмүүс харьцангуй богино насалдаг. Хамгийн урт насалдаг нь Япончууд. Тэд дунджаар 79 насалдаг. Харин хамгийн богино насалдаг нь Нигеричүүд 47 хүрдэг. Гэтэл залуу насаа удтал хадгалахад ер бусын их хүч шаардагдахгүй, зөвхөн амьдралын зөв хэмнэл, дадал зуршил чухал гэдгийг олон улсын эмч сэтгэл судлаач, хоол судлаачид тогтоосон байна.

Нэг. Цадталаа бүү хооллож бай. Та өдөрт хоол хүнсэндээ хүний олж авах ёстой 2.500 калориос 1.500-г л авсан байхад хангалттай.

Хоёр. Хоол насанд тохирсон байх ёстой. Жишээ нь 30 настай эмэгтэйчүүд печень, самар байнга идвэл үрчлээ хожуу үүсдэг. 40-өөд дээш насныханд бетакаротин тустай, харин 50-иас дээш насанд кальц, нь ясыг, магни нь зүрхний үйл ажиллагааг хэвийн байлгадаг.

Гурав. Ажилгүй хүн таван насаар ахимаг харагддаг тул өөртөө тохирсон ажил хий.

Дөрөв. Амьдралын ханиа ол. Хайр энхрийлэл нь хөгшрөлтийн эсрэг шилдэг арга юм. Долоо хоногт тогтмол хоёр удаа энгэр зөрүүлсэн хүн 14 насаар залуу харагддаг. Сексийн үед хүний биенээс аз жаргалын гормон гэгддэг эндорфин ялгардаг.

Тав. Өөрийн гэсэн үзэл бодолтой бай. Аливааг ухаарч, ойлгож чаддаг хүн гуниг гутралд бага орж, амьдралын урсгалыг дагадаггүй.

Зургаа. Үргэлж хөдөлж бай. Өдөрт дунджаар найман минут спортоор хичээллэвэл нас уртасдаг.

Долоо. Өөрийгөө эрүүлжүүл. Эрүүл амьдралын хэв шинж нь өөртөө хорхой хүрэм амттанг амсуулахад ч бас оршдог.

Найм. Уур хилэнгээ барь. Юманд шаналж байгаагаа ил тод хэлж бай. Олон улсын шинжилгээний явцад хорт хавдраар өвчлөгсдийн 64% нь үргэлж дотроо бухимддаг хүмүүс байсан нь тогтоогджээ.

Хүнийг өндрийнх нь хэмжээгээр таньж болно

Хэдэн см өндрөөс тань шалтгаалж хэр хүн бэ гэдгийг чинь сонжиж болно гэж та өмнө нь сонсож байсан уу? Тэгвэл үнэхээр болдог аж. Минийх лав таарч байсан шүү. Та ч гэсэн үзээрэй.

Та 142 см эсвэл 170 см, 198-аас дээш өндөртэй бол:
Та хөгжилтэй, ухаантай, бүтээлч хүн. Ихэвчлэн уран бүтээлч хүмүүс байдаг. Дэлхий бүхлээрээ таны уран бүтээлд багтдаг. Мөн та "за" гэдэг үгийг их хэрэглэдэг. Өөдрөг, өгөөмөр. Аз туршсан зүйлд ухаангүй дуртай. Боломжгүй зүйлсийг бүтээх дуртай хүн. Ихэнхи хүмүүсийг бодвол та намхан. Гэхдээ таны өндөр бол дундаж Гватемалын эмэгтэйн өндөр юм. 170 см бол дундаж Голланд эмэгтэйн өндөр юм. 198 см-ээс дээш өндөртэй бол маш ховор тохиолдол биз.

Та 145 см эсвэл 173 см өндөртэй бол:
Та бол хүчирхэг, гэрэл цацруулсан, бага зэрэг зөрүүд хүн. Таныг идеалист гэж хэлж болно. Та орчин тойрноо сайжруулахын тулд хичээн зүтгэдэг. Бусад хүмүүс тантай эн зэрэгцэнэ гэдэг тун хэцүү. Оюун ухааны хувьд ч тэр, бие физиологийн хувьд ч тэр. Мөн та их биеэ даасан, аливаа зүйлийг ганцаар шийдвэрлэхийг илүүд үздэг. Таны өндөр бол /173 см/дундаж Итали эрэгтэй, 145 бол дундаж Гватемалын эмэгтэйн өндөр юм.

Та 147 см эсвэл 175 см өндөртэй бол:
Та бол үнэнхүү адал явдал хайгч юм. Таны амьдрал сэтгэл хөдөлгөмөөр зүйлсээр дүүрэн. Та бусдыг өөрийн хүсэл зорилгодоо нийцүүлэхдээ тун гарамгай. Бусдад нээлттэй, маш амархан харилцаа холбоо тогтоож чаддаг. Та найз нөхөд олонтой хүн. Танд амьдрах арга зам маш олон бий. Маш олон боломжууд таны өмнө байна. Ихэнхи хүмүүсийг бодвол та намхан. Гэхдээ таны өндөр 147 см бол дундаж Гватемалын эмэгтэйгээс илүү өндөр юм. 175 см бол дундаж Англи эрэгтэй өндөр юм.

Та 150 см эсвэл 178 см, 183 см өндөртэй бол:
Та цаанаасаа заяагдсан харилцагч хүн. Бусдыг ойлгох чадвар тань дэндүү сайн. Та их өгөөмөр, нигүүлсэнгүй. Бусдын багахаан шаналал зовлонг маш мэдэрч ойлгодог. Нээлттэй, өгөөмөр зүрх сэтгэлтэй учраас олон хүн таныг хүндэлж, бахаддаг. Олон арга ухаантай. Сэтгэл булаам байдлын хатан хаан. Таны өндөр 150 см бол дундаж Перув эмэгтэйн өндөр юм. 178 бол Австрали эрэгтэйн өндөр юм. 183 см бол дундаж Голланд эрэгтэйн өндөр юм.

Та 157 см эсвэл 180 см, 185 см өндөртэй бол:
Та тун эмзэг, сүнслэг хүн. Таны сэтгэл хөдлөл их гүн гүнзгий. Таны дотоод сэтгэлийг өнгийн харвал гүн ухаан, яруу найраг үнэртэх болно. Та ямар ч зүйлийг нэвт шувт харж, бодож чаддаг. Жаахан үл итгэгч байх хандлагатай. Маш зөрүүд байх хандлагатай. Өндөр шаардлага тавьдаг, төгс байдлыг эрхэмлэдэг. Ганцаараа ажиллахыг илүүд үздэг. Шаргуу хөдөлмөрч, ямар ч алдаа гаргахгүй. Таны өндөр 157 см бол дундаж Япон эмэгтэйн өндөр юм. 180 см бол дундаж Швед эрэгтэйн өндөр юм. 185 см бол та хаана ч явсан тан шиг өндөртэй хүмүүс ховорхон л байдаг.

Та 160 см эсвэл 188 см өндөртэй бол:
Та ухаалаг, бат бэх тогтвортой хүн. Таны мөрөн дээр байгаа толгой чинь их хүчирхэг юм шүү. Зан чанарын хувьд шүүмжлэлтэй ханддаг. Чин зоригтой, амжилтын төлөө гүйдэг. Аливаа зүйлд хязгаарлагдах дургүй, дүрэм журамд боолчлогдохыг хүсдэггүй. Гэхдээ тэдгээрийг даван туулах тэсвэр тэвчээр, нөөц боломжтой. Таны өндөр бол дундаж Солонгос эмэгтэйн өндөр юм. 188 см бол та хаана ч явсан тан шиг өндөртэй хүмүүс ховорхон.

Та 163 см эсвэл 191 см өндөртэй бол:
Зөөлөн дулаан, гадагшаа чиглэлтэй хүн. Маш нийгэмч. Эвтэй найрсаг байхыг өндрөөр үнэлдэг. Ихэвчлэн дундыг баримтлагч байдаг. Маш бодитой, үнэнч хүмүүс байдаг. Та хүмүүст үнэнийг хэрхэн эелдгээр хэлэхээ хүртэл мэддэг. Сайшаал магтаалд дуртай. Хайрлаж дурлахдаа тун амархан. Таны өндөр бол дундаж Австрали эмэгтэйн өндөр юм. 191 см бол хаана ч явсан тан шиг өндөртэй хүмүүс ховорхон л байдаг.

Та 165 см, 193 см өндөртэй бол:
Та өөртөө итгэлтэй, амбицтай, идэвхитэй хүн. Мөн та маш гэрэл гэгээ цацарсан хүн. Мөн таны зан чанар ч гэсэн гэрэл гэгээтэй. Та маш их амжилтанд хүрнэ. Та бол ухаалаг ажилтан, гэхдээ ажилсаг биш. Заримдаа та их зан, ичгүүргүй байдал гаргадаг. Танд бахархах зүйлс зөндөө бий. Таны өндөр бол дундаж Франц эмэгтэйн өндөр юм. 193 см бол хаана ч явсан тан шиг өндөртэй хүмүүс ховорхон шүү.

Та 168 см эсвэл 196 см өндөртэй бол:
Хэдийгээр жаахан бүрэг ч гэсэн та мэдрэмтгий, сэтгэл хөдлөлөөр дүүрэн хүн юм. Та бол романтик хүн. Та нэлээд ухаалаг, амьдралын талаар гүн гүнзгий ойлголттой, бодлоготой, эргэцүүлэл ихтэй хүн юм. Та аливаа юмсын яг голыг нь олоод харчихдаг авьяастай. Нарийн нягтлан боддог. Таны өндөр бол дундаж Герман эмэгтэйн өндөр юм. 196 см бол та хаана ч явсан тан шиг өндөртэй хүмүүс үнэхээр ховор.

Сэтгэл зүйн дайралтаас өөрийгөө хамгаалж сураарай

Xэрэв хүн аливаа асуудалд өөрийгөө хянаж чадахаа больж, сэтгэл хөдлөлөө дарж чадахгүй, уурласан, цухалдсан байдал гаргадаг бол тэр хүн хүмүүстэй ажиллаад хэрэггүй гэсэн үг байдаг. Энэ бол дарга, үйлчлэгч, менежер, худалдагч, ер нь хүнтэй харьцаж ажилладаг бүхэнд хамаатай. Сэтгэл зүйн хамгаалалттай байдал гэдэг бол хүн бүрт байдаггүй сайхан чанар билээ. Үүнд мэдлэг боловсрол, төлөвшил, аливаад хандах хандлага, анхааралтай байдал, асуудлын голыг олох, анализ хийх чадвар, шүүмжлэлт сэтгэлгээ, сэтгэл зүйн тогтвортой байдал зэрэг нөлөөлдөг.

Танд сэтгэл зүйн дайралтад хамгаалалт хийх хамгийн сайн аргуудыг танилцуулж байна.

"Салхивч" арга
Хашхирч цовхчиж, хорон үгээр утаж байгаа энэ хүний юу нь тэгтлээ танд нөлөөлж, таныг тухгүй байдалд оруулж, сэтгэлээр унахад хүргэж байгаад эхлээд анализ хийж үз. Түүний хэлсэн үг үү, ярьж байгаа өнгө аяс уу эсвэл хөдөлгөөн үү.
Үүний дараа та ганцаараа байхдаа өнөөх хүний хэлсэн үг, үйл хөдлөл, бие авч явсан байдал зэрэг сэтгэл зүйн цохилт болсон зүйлүүдийг сана. Уур чинь хүрч, дотор чинь гал дүрэлзэх шиг болж байна уу. Тэгвэл одоо таныг гомдоосон этгээд болон та хоёрын хооронд нэгэн томоохон сэнс байна гэж төсөөл дөө. Түүний амнаас гарсан хий бүрийг энэ сэнс хэдэн тийш сарниулж, хэлсэн хурц үгний ирийг нь мохоож, танд огт хүрэхгүй байна гэж бод. Энэ зуураа баруун гарынхаа дунд хурууг гозойлгоод, түүнийгээ зүүн гараараа нууж болно шүү дээ. Энэ бол хорон үгтнээс хариугаа авах шилдэг арга юм. Дараа нь нүдээ нээ. Ингээд л та дараагийн удаад сэтгэл зүйн ямар ч дайралт, доромжлол, хатуу үгнээс өөрийгөө хамгаалдаг болж байна гэсэн үг.

"Аквариум" арга
Салхивч аргатай тун төстэй. Таны өмнө хашхирч, үсэрч дүүлж байгаа тэр хүн болон та хоёрын хооронд зузаан шилтэй аквариум байна. Шилний цаанаас харахад нөгөөх хүний ам хөдлөөд л байна. Харин та сонсохгүй, зөвхөн харж байна. Тэр хүнийг амаа нээх бүрт амнаас нь гарсан хий нь усны мандал дээр хөөс болон гарч, пур пур гэж хагарч алга болно. Танд ямар ч нөлөө үзүүлж чадахгүй. Харин та наанаас нь тайван гэгч нь ажиглана. Үүний дүнд нөхцөл байдал таны зүг нааштай эргэнэ гэдэг нь сайхан

"Диснейлэнд" арга
Таныг загнаж, хурц ирмэгтэй хатуу үг шидэж байгаа тэр хүмүүсийг зүгээр л хүүхдүүд гээд ойлгочих. Хүслээ биелүүлэхийн тулд ээж аавдаа эрхэлж, бархиран эцэг эхээ сүрдүүлж, тоглоомоо шидэж, дороо дэвхцэж, газар тэрийж унаж байгаа жаахан хүүхэд л байна. Харин та бол ухамсартай, аливааг тунгаан бодох чадвартай, уужуу тайван насанд хүрсэн том хүн. Түүний хэлсэн үг, үйлдэл, хашхиралт зэргийг нь юман чинээ тоохгүй. Яагаад гэвэл энэ бол түр зуурын үзэгдэл, удахгүй дуусна, харин дараа нь амьдрал үргэлжилдэгээрээ үргэлжилнэ. Харин энэ үзэгдэл дууссаны дараа хэн нь эвгүй байдалд орох вэ, хэний нэр хүнд унах вэ? Та бол иймэрхүү зүйлийг тунгаах чадвартай эрүүл ухаантай, уужуу тайван хүн.

"Үнэг ба усан үзэм" арга
Та нэгэн эртний үлгэр байдгийг мэдэх үү. Модны мөчир дээр бөнжигнөх усан үзмийг идэх гэж нэгэн үнэг хичнээн харайж, үсрээд авч чадахгүйгээ мэдмэгц “Ер нь ч тэгээд идэх сонирхол нэг их байсангүй. Усан үзэм бол гашуун, бас тэгээд ногоон өнгөтэй” гэж хэлээд тайван гэгч нь яваад өгдөг үлгэр. Түүн шиг, та хэн нэг рүү бухимдлаа гаргамаар санагдвал, эсвэл хэн нэгэн нь тань руу дайраад байвал та өөрийгөө үнэг шиг тайтгаруулахад л болно.

"Далай" арга
Далай, тэнгис бол өөртөө олон мянган түргэн урсгалт, ширүүн голыг нэгтгэж, цутгал нь болдог хэрнээ өөрөө тогтонги болчихдог шүү дээ. Та өөрийгөө номхон дөлгөөн, энгүй их далайтай зүйрлүүлээрэй. Танд хорон үгтний хэлсэн үг, хараал нерв нь орсон ч та өөрийн тэнцвэртэй, тайван, тогтуун байдлаа хадгалж үлдэнэ.

"Жүжигчилсэн" тоглолт үзэх арга
Энэ бол таны сөрөг зэвсэг ч байж болно. Тэр хүн хашхирч дэвхцэх тусам та улам тайван, хамгаалалттай болж байгаа дүр үзүүлэх явдал юм. Та тэднийг зүгээр л нэг жүжгийн хүүхэлдэй шиг хүлээгээд авчих. Хоорондоо утгайгүй зүйлс ярилцаж, бие биенээ дэврээж, үзэж тарж, үсэрч наалдаж л байг. Харин та үзэгч, тэдний үг хэл, үйл хөдлөлд нь анализ хийж байгаа ажиг­лагчийн байр сууринаас үнэлгээ дүгнэлт өгч бай. “Нэг нь өөрийгөө супер хүн гээд ойлгочихож, харин нөгөө нь өөрийгөө дутахгүй гэдгээ харуу­лахын тулд хамаг сул талаа нууж, ухаантай царайлж байгааг нь ээ” гээд л.
Энэ бүхний эцэст та л хожно. Ядаж л дараа нь олон хүний өмнө ичгэвтэртэй байдалд орохгүй, нэр хүндээ алдахгүй. Ийм хэрүүл шуугианы дараа хэн хамгийн тайван, хүлээцтэй байж чадсан нь л хождог хойно. Тэгээд ч “Зөөлөн нь хатуугаа иддэг” гэсэн сургаал үг хаана ч үйлчилдэг шүү дээ.

СУДАЛГААНЫ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ ТАЛААР

Бодлогын судалгаа гэж юу вэ?
Бодлого бол процесс юм. Уг процесс нь тодорхой үе шатуудтай бөгөөд үүнийг дараах байдлаар дүрслэн харуулж болох юм.

1. Шийдэх шаардлагатай асуудал/проблемыг тодорхойлох
2. Хэрэгжилтэд үнэлгээ өгөх
3. Асуудлыг шийдэхэд чиглэсэн бодлогын хувилбаруудыг судалж үнэлээд, тохирох хувилбарыг сонгох
4. Бодлогоо хэрэгжүүлэх

Бодлогын судалгаа нь энэ процессын аль нэг шатыг хамарсан байж болохоос гадна мөн хэд хэдэн үе шатыг дамнасан байж болно.

Бодлогын судалгааны:
Үндсэн зорилго: Бодлогын өөрчлөлт хийх замаар тодорхой нөхцөл /хувьсагч/-ийг өөрчлөхөд гарч болох үр нөлөөг таамаглан танилцуулах

Хэнд зориулсан: Бодлого боловсруулах үйл явцад оролцогч талууд, холбогдох мэргэжлийн хүмүүс

Ерөнхий хэлбэр маяг: Асуудлыг тогтсон аргазүйгээр авч үзэн боловсруулалт хийнэ. Асуудлаа шийдэх арга замыг олох зорилго анхнаасаа сайтар тодорхойлогдсон байх

Цаг хугацааны цар хүрээ: Тухайн асуудлын амьдралд үүсэх давтамжаас хамааран заримдаа хугацаа хязгаарлагдмал байна

Сул тал: Судалгааны үр дүнг төрийн бодлого, шийдвэр болгох, шийдвэр гаргагчдад хүргэхэд хүндрэлтэй

Дүгнээд хэлбэл, академик судалгаа нь хүн төрөлхтний/ үндэстний мэдлэгийн санг баяжуулж шинэ мэдлэг, загвар бүтээх зорилго агуулдаг бол бодлогын судалгаа нь нийгэмд бодитойгоор оршиж байгаа асуудлыг шийдэх хувилбарт арга замуудыг харуулж, тэдгээрээс оновчтой нэгийг нь бодлогын шийдэл болгож тавих зорилготой байна.

Та ямар эцсийн бүтээгдэхүүн гаргах ёстой вэ?
· Бодлогын судалгааны тайлан.
Энэ нь судалгааны ажлын гол бүтээгдэхүүн байх ба уг баримт бичигт бодлого, шийдвэрээр зохицуулж болох бодит проблем, асуудлыг тогтсон аргачлалаар задлан шинжлээд, бодлогын хувилбаруудыг танилцуулсан тайлан байна. Энэхүү баримт бичгийг бусад судлаач, мэргэжлийн хүмүүст зориулан боловсруулж байгаа тул судлаач олон нийт, мэргэжлийн хүмүүсийн дунд хэлэлцүүлэг, танилцуулга хийнэ.

· Бодлогын дүн шинжилгээний тойм. Энэ нь дээрх судалгааны тайлан болон хоёрдогч мэдээллийн бусад эх сурвалжууд (жишээлбэл, бусад судалгаа)-ыг ашиглан тухайн асуудлаар хэрэгжүүлж болох бодлогын хувилбаруудыг харьцуулан үнэлсэн баримт байх юм. Энэ товч тоймоор судлаач өөрийн боловсруулсан бодлогын хувилбарыг бусад хувилбартай харьцуулан үнэлснээ тоймлон харуулах бөгөөд бодлого боловсруулагч, шийдвэр гаргачдад чиглэсэн нөлөөллийн ажилдаа ашиглана.

· Бодлогын судалгааны чиглэл тус бүрээр бүрдүүлсэн өгөгдлийн сан. Судалгааны явцад судлаач тодорхой асуудлаар баялаг мэдээллийн сантай болдог. Эдгээр тоон болон чанарын өгөгдлүүд нь судлаачийн хийсэн судалгаа, хүрсэн дүгнэлтийн цаадах нотолгоо болохоос гадна дараа дараагийн судалгаанд суурь мэдээлэл болгон ашигласнаар цаг хэмнэх ач холбогдолтой материал юм. Тиймээс өгөгдлүүдийг нэгтгэн, ангилж мэдээллийн сан байгуулаад, цахим хэлбэрээр хадгалах хэрэгтэй.

· Тухайн чиглэлээр асуудал хөндсөн нийтлэл.
· Судалгааны дүнг танилцуулах хэлэлцүүлэг. Энэ нь судалгааны ажлаа бодлого боловсруулагч, олон нийтэд таницуулж, санал шүүмж авах зорилготой презентаци, хэлэлцүүлэг бөгөөд цаашид судлаачийн хэрэгжүүлэх нөлөөлийн үйл ажиллагааны эхний алхам юм.

Судалгааны төлөвлөгөө боловсруулах аргачлал
Судалгааны ажлын төлөвлөгөө буюу дизайныг боловсруулахдаа судлаач өөрийн мэдлэг, туршлагаас гадна судалгааны аргазүйн болон бодлогын судалгаа шинжилгээний ном, гарын авлага зэргийг ашиглах зайлшгүй хэрэгцээ гарна. Бодлогын судалгааны онцлогийг тусгасан зорилго, зорилтууд, оновчтой судалгааны аргууд болон агуулгын мэдлэг, туршлагыг харуулсан үндэслэгээ, нотолгоо зэрэг нь цаг, хөдөлмөр орсон ажил боловч судалгааг амжилтад хүргэх гараа юм. Тиймээс чанартай сайн төлөвлөгөө боловсруулахад цаг зарцуулахаас гадна үндэслэлтэй, нотолгоотой болгох үүднээс өөрийн мэдлэг, туршлагаас гадна мэдээллийн эх сурвалж материалууд ашиглахыг зөвлөж байна.

Таны боловсруулсан Бодлогын судалгааны ажлын төлөвлөгөө (policy research proposal) дараах зарим чухал шаардлагыг тусгаж чадсан эсэхийг заавал шалгаж үзээрэй.

Үүнд:
1. Судалгааны асуудлыг сонгож, ашиглах таамаглал/гипотезийг боловсруулах
Асуудал/проблем бол өөрөө шалгаан биш харин нийгэмд бодитойгоор оршиж байгаа харилцаа, нөхцөлд байдал, бодлогын үйлдэл юмуу эс үйлдлийн үр дагавар юм. Энэхүү сөрөг юмуу хүсээгүй үр дагаварт хүргэсэн олон хүчин зүйл байж болох бөгөөд эдгээрээс заримыг нь бодлогын арга хэрэгслээр өөрчилж болох, зарим нь болохгүй хүчин зүйлс байгаа. Иймээс асуудал/ проблемаа тодорхойлсны дараа судлаач түүний цаана оршиж байгаа шалтгаан, шийдэх арга замын талаар таамаглалаа дэвшүүлэх хэрэгтэй.

Таамаглал/ гипотезийг “Хэрэв ....-гвэл ......ийм юм болно/ ингэнэ” гэсэн найруулгаар томъёолвол илүү оновчтой болдог. Жишээлбэл, “Жирэмсэн эхчүүд эмчийн хяналтанд эрт хамрагдвал эрүүл хүүхэд төрөх магадлал нэмэгдэнэ”. Энэ таамаглалыг задлан үзвэл 3 үндсэн хэсэг харагдаж байна. Үүнд: “эрүүл төрөх боломжтой зарим хүүхэд тэгж чадахгүй” байгаа проблемыг судлаач жирэмсний үеийн хяналт хангалтгүй байгаагаас үүдэлтэй гэж үзээд энэ төрлийн үйлчилгээг сайжруулах юм бол эрүүл хүүхэд төрөх магадлал нэмэгдэнэ гэсэн шийдлийг санал болгожээ. Таамаглал бол проблем, түүнийг үүсгэж байгаа сөрөг нөлөөтэй нөхцөл байдал, шийдвэрлэх арга замыг судлаач хэрхэн харж байгааг харуулна. Харин энэ проблемыг үүсгэж байгаа шалтгаануудыг судлаач бодлогын хувьсагч болгож тайлбарлана.

2. Судалгаа, шинжилгээ хийх нэгжээ тодорхойлох
Шинжилгээ хийх нэгж нь хувь хүн, бүлэг хүмүүс, байгууллага, үйл явдал, үзэгдэл зэрэг олон төрлийн, олон түвшний байж болно. Та юуны/хэний талаар дүгнэлт гаргахыг зорьж байгаа вэ гэдгээс хамааран шинжилгээ хийх нэгжээ сонгоно. Нийгэм, тухайн нийгэм дэх салбар, анги буюу давхарга, эсвэл хувь хүн гэсэн гурван түвшинд шинжилгээ хийх нэгжийг сонгож болох юм. Судалгааны нэгжийн төлөөлж байгаа нэг түвшний хувьд батлагдсан таамаглал/гипотез, хүрсэн дүгнэлтүүд нөгөө түвшинд хамаарахгүй байж болно.

3. Тохирох кейс буюу тохиолдлыг сонгох
Тухайн сонгосон нэгж (хувь хүн, бүлэг хүн эсвэл үйл явдал, үзэгдэл)-ийг агуулсан тохиолдол буюу кейсийн “олонлог” нь юу вэ? Энэхүү олонлогоос судлах асуудлаа цаг хугацаа, газар зүйн байршил, бүс нутаг, бодлогын чиглэл зэрэг олон шалгуурын дагуу өөрийн зорилгод нийцүүлэн сонгож авна.

4. Холбогдох ухагдахуун, концепцийг тодорхойлох
Ямар ойлголт, ухагдахуун, зарчмуудыг бид судалгаандаа ашиглахыг энэ шатанд бодох ёстой. Ухагдахуунаа өөртөө тодорхойлоод авчихвал түүнийг судалгааны явцад харьцуулах, хэмжихэд хялбар болно. Нэг судалгааны хүрээнд хэд хэдэн ухагдахуун хоорондын уялдаа харилцан хамааралд мөн дүн шинжилгээ хийх хэрэгтэй болдог.

5. Дээрх ухагдахуунаа бодитой бөгөөд найдвартайгаар хэмжиж болох хувьсагч
болгон тодорхойлох
Шийдэхийг зорьж буй асуудал/ проблемыг үүсэхэд хүргэж буй олон шалтгаан байгаа бөгөөд эдгээрийн зарим нь бодлогоор өөрчилж болох хүчин зүйлс байдаг бол зарим нь урт хугацааны нөлөөлийн үр дүнд өөрчлөгдөх соёлын, түүхэн зэрэг хүчин зүйлс байж болохыг анхаарна уу. Проблемын цаана оршиж байгаа шалтгаануудыг хувьсагч гэж нэрлэдэг. Хувьсагчийг “тайлбарлах”” (хамаарах гэж бас нэрлэдэг) буюу “хянах” (үл хамаарах)хувьсагч гэж хувааж болох юм. “Тайлбарлах” хувьсагч гэдэг нь бидний өөрчлөхийг хүсэж байгаа тэр үр дагавар, өөрчлөлтийг нь тайлбарлахыг зорьж байгаа тэр шинжийг илэрхийлдэг. Ихэнх судалгаа ганц л “тайлбарлах” хувьсагчтай байдаг. Дээрх жишээг дахин ашиглахад, тайлбарлах хувьсагч нь “жирэмсний үеийн хяналт хангалгүй” байгаа явдал гэж үзжээ. Харин “хянах” хувьсагч нь харьцангуй олон байдаг ба хувь хэмжээ, мөн чанар нь өөрчлөгдсөнөөр “тайлбарлах” хувьсагчийн үр дүнд нөлөөлж байдаг. Энэ төрлийн хувьсагчдыг дотор нь нөхцөл байдлын буюу харьцангуй богино хугацаанд бодлогоор өөрчлөх боломжгүй хувьсагч (жишээлбэл, байгаль, түүх, соёлын онцлог гэх мэт), нөгөө талдаа бодлогын буюу бид өөрчлөх боломжтой (“хянах” гэдэг томъёолол үүнээс үүдэлтэй) хувьсагч гэж хувааж болох юм. Жирэмсэн эхчүүдэд үзүүлэх эмнэлгийн
үйлчилгээ хангалтгүй байгаа нь эмнэлгүүдийн хөрөнгө санхүү, бүртгэл тооцооны систем, нийгмийн даатгалын хамрах хүрээ болон төлбөр тооцооны арга механизм, эмнэлгийн боловсон хүчний чадавхи болон хүрэлцээнээс гадна эмнэлгийн жирэмсний үеийн хяналтын ач холбогдол, чанар, хүртээмжийн талаарх соёлын болон түүхэн, хувь хүний хандлага, эмнэлгийн алслагдсан байршил гэх мэт олон хүчин зүйлсийн үр дагавар байж болно.

Хувьсагчдыг бид яаж тодорхойлон сонгох вэ? Эхний алхам бол өмнө хийгдсэн судалгаануудтай танилцах явдал юм. Түүнчлэн одоо хэрэгжиж буй бодлого, олон улсын жишээ, бусад салбарт хэрэгжиж буй бодлого зэргийг судлах, холбогдох сонирхогч талуудтай уулзаж ярилцах зэрэг тус болох нь дамжиггүй. Хувьсагч нь ухагдахууныг илүү нарийвчлан, бодитойгоор судлах боломжийг олгодог. Тиймээс хувьсагчдыг тодорхой үзүүлэлтээр хэмжих боломжтой байх нь чухал юм. Гэхдээ хэмжинэ гэдэг нь заавал тоон хэлбэрээр байх албагүй. Хэмжилтийн хувьд анхаарах олон асуудал байдгийн заримыг дурьдвал хувьсагчаа зөв тодорхойлсон эсэх, өөр зүйлийг биш зөвхөн судалж байгаа үзэгдэл, үр дагавраа хэмжиж байгаа эсэх, хэмжилт найдвартай, баталгаатай эсэх зэрэг юм.

Судалгааны төлөвлөгөөг боловсруулах дээрх алхмуудыг нэгтгэвэл дараах төлөвлөлтийн хүснэгт гарах юм. Энэхүү хүснэгтийг судалгаагаа эхлэхээс өмнө аль болох тодорхой бөглөөд бэлдчихвэл таны судалгааны ажил амжилттай хэрэгжихэд нэмэр болно.

6. Мэдээлэл/өгөгдөл цуглуулах ба дүн шинжилгээ хийх
Энэ хэсэгт судлаач дараах асуудлуудад хариу өгөх хэрэгтэй болно.
Үүнд:
· Өгөгдлийг ямар эх сурвалжуудаас авах боломтой вэ?
· Зарим өгөгдлийг өмнө нь цуглуулчихсан газар байна уу?
· Нэмэлт ямар өгөгдөл мэдээлэл цуглуулах шаардлагатай вэ?
· Энэхүү шаардлагатай өгөгдлийг цуглуулахад мөнгө, цаг хугацаа зэрэг нөөц хүрэлцээтэй юу?

Бодлогын судалгаа шинжилгээний ямар арга хэрэгсэл байдаг вэ?
Өмнө дурьдсанчлан судалгаа, шинжилгээ хийх олон арга хэрэгсэл байдаг ба үүнийг хэрхэн ашиглах нь судлаачийн өөрийн мэдлэг туршлагаас ихээхэн хамаардаг ч энэхүү судалгааны туршид шинэ олон аргыг судлан хэрэглэх бүрэн боломжтой юм. Үүнд бас удирдагч зөвлөх багштай ойрхон ажиллах нь чухал үүрэгтэй. Судалгааны аргуудыг ерөнхийд нь тоон болон чанарын гэж хуваан авч үзэж болох ба эдгээрийг хослуулан уялдуулан хэрэглэх нь чухал байдаг. Тоон аргуудад статистик ба эконометрик шинжилгээ, санал асуулгын шинжилгээ, эдийн засгийн (жишээ нь ашиг алдагдлын) шинжилгээ зэрэг ордог бол чанарын аргуудад фокус бүлгийн, кейс судалгааны зэрэг аргууд ордог.

Бодлогын дүн шинжилгээний бүрэлдэхүүн хэсэг
Дээр дурьдсанчлан бодлогын дүн шинжилгээний хураангуй, бодлогын судалгааны баримт зэргийг Та бэлтгэн гаргах билээ. Үндсэндээ тэтгэлэгт хөтөлбөр нь бодлогын судалгаа, дүн шинжилгээний хослол гэж ойлгож болох ба судалгааны баримтад дүн шинжилгээг бүрэн гүйцэд оруулж өгч, харин түүний хураангуйг тусад нь бодлого боловсруулагчдад зориулсан бүтээгдэхүүн болгох юм. Өөрөөр хэлбэл судлаач бодлогын судалгааны аргууд дээр үндэслэн бодлогын дүн шинжилгээ хийх юм. Тиймэээс бодлогын дүн шинжилгээ ямар бүрэлдэхүүнтэй байхыг дор товч тайлбарлая.

Дүн шинжилгээ нь дараах шаардлагыг хангасан байна:
· Бодлогын асуудал проблемыг ойлгомжтой тодорхойлсон байх
· Өнөөгийн бодлогыг тоймлон тайлбарласан байх
· Бодлогын боломжит хувилбаруудыг гаргасан байх
· Хувилбаруудыг үнэлэх багц шалгуурыг сонгосон байх
· Бодлогын сайжруулах, илүү оновчтой болгоход чиглэсэн тодорхой алхмуудыг санал болгон зөвлөсөн байх

Асуудлын тодорхойлолт
Асуудлыг аль болох ойлгомжтой, тодорхой томъёолон тавих нь чухал. Үүнд мөн асуудлын мөн чанар, цар хүрээ, хэнд нөлөөлж байгаа зэргийн талаар хийгдсэн холбогдох судлагааны товч тоймыг оруулах хэрэгтэй. Түүнчлэн уг асуудлын нөлөөлөлд өртөж байгаа буюу ашиг, сонирхол нь хөндөгдөж байгаа сонирхлын бүлгүүд, хувь хүмүүсийг тодорхойлох ач холбогдолтой.

Өнөөгийн бодлого
Өнөөгийн хэрэгжиж байгаа бодлогыг тоймлож өгнө. Үүнд хэзээнээс хүчинтэй болсон, хэн дэмждэг, хэний эсэргүүцэлтэй тулгардаг, өөрчлөлт орвол хэнд сайнаар, хэнд муугаар нөлөөлөх, ямар төрийн болон төрийн бус байгууллагууд уг бодлоготой холбогдож байгаа зэргийг гаргаж өгнө.

Бодлогын хувилбаруудын тодорхойлолт
Бодлогын хувилбаруудыг бусад орны туршлага, дотоодын туршлага, бусад салбарын бодлогын туршлага зэргээс хайж болох юм. Наад зах нь хоёр бодлогын хувилбар гаргасан байх хэрэгтэй. Эдгээр хувилбар нь тухайлбал томоохон өөрчлөлт шинэтгэл, эсвэл шат дараалсан бага зэргийн өөрчлөлтийн хоёр хувилбар байж болох юм.

Үнэлэх шалгуурын сонголт
Хувилбаруудыг тодорхой шалгууруудаар үнэлэн сонгох нь сонголтыг зөв хийхэд чухал. Эдгээр шалгуурт үр ашиг, үр дүн, тэгш байдал, хэрэгжих боломж, уян хатан байдал бюу сайжруулах боломж, улс төрийн хувьд хүлээн авах боломж, гол сонирхлын бүлгүүд хүлээн зөвшөөрөх байдал зэрэг орж болох юм.

Хувилбаруудын үнэлгээ
Дээрх сонгосон шалгууруудыг ашиглан хувилбар бүрийг үнэлэх хэрэгтэй. Ингэхдээ хувилбар бүрийн давуу болон сул талыг онцлон харуулах хэрэгтэй. Гол сонирхлын бүлгүүдийн сонирхлыг үнэлэхийг мөн оролдох хэрэгтэй.

Аль нэг хувилбарын сонголт
Үнэлгээний шалгуур дээрээ үндэслэн тодорхой хувилбарыг дэмжсэн зөвлөмж гаргах хэрэгтэй. Уг сонголтын давуу болон сул талыг тодорхой дурьдсан байх шаардлагатай.

Ашиглаж болох зарим материал
Бодлогын судлагаа шинжилгээний талаар олон материал байгаа ба үүнээс Eoin Young and Lisa Quinn: Writing Effective Policy Papers (Англи, Монгол хэл дээр) номыг заавал судлах ба бодлогын судалгааны онол, аргуудын талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг David L. Weimer and Aidan R. Vining, Policy Analysis: concepts and Practice Dunn. Public Policy Analysis зэрэг номоос авах боломжтой. Түүнчлэн www.policy.hu вэб сайтнаас олон улсын бодлогын судалгааны тэтгэлэгт хөтөлбөрийн талаар мэдээлэл авах боломжтой ба Латви улсын бодлогын судлаачдын судалгааны ажлыг мөн дээрх мэдээллийн төвөөс авч болох юм.

Танд амжилт хүсье!